Н.Энхбаяр дарга, АН хоёр л намайг гудамжинд гаргахын түүс болчихсон яваа юм билээ

2016 оны 3 сарын 31

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Цөмийн болон цацраг идэвхт хог хаядлын тухай олон улсын конвенцийгУИХ-аар хэлэлцэхэд “Шударга ёс” эвсэл дэмжих юм бол бүлгээс гарна гэдэг байр суурийг илэрхийлсэн. Энэ тал дээр тайлбар авъя?

-Бүлгээс гарах уу үгүй юу гэдэг дээр ач холбогдол өгөх шаардлагагүй. Учир нь "Шударга ёс" эвслийн бүлэг чадамжгүй болсон. Сүүлд гэхэд эвслийн бүлгээс Л.Цог, Г.Уянга нарын гишүүд гарчихлаа. Миний хувьд юу гээд байна вэ гэхээр “МАХН Монголын ногоон намтай эвсэж сонгуульд орно гэж байгаа юм бол нөгөө намаа хүндлэх ёстой.

Ногоон намын үндсэн концепц нь цөмийн хогхаягдпыг Монголд булшлахгүй байх ёстой гэсэн байр суурьтай” гэдгийг хэлсэн.

Би МНН-ын дарга руу утасдаж "Танай нам МАХН-тай нэгдэх нь нэгдүгээр байр суурь уу, эсвэл цөмийн хог хаягдлыг Монголд булшлахгүй байх нь нэгдүгээр байр суурь юм уу” гэж асуусан.

Мэдээж цөмийн хог хаягдлыг булшлуулахгүй байх нь нэгдүгээр байр суурь гэж хэлсэн. Цөмийн хог хаягдлыг Монголд булшлах эрх зүйн хэм хэмжээ орох юм бол ‘‘Шударга ёс" эвсэл тэр тусмаа МАХН- ын гишүүд үүнд нь оролцож болохгүй шүү. Ногоон намынхан ийм байр суурьтай байна гэсэн юм.

Би л лав ийм хуралдаанд орохгүйгээс гадна ийм эвсэлтэй хамтрах нь ичгэвтэр зүйл. Ирээдүйгээ харсан улс төр хийх ёстой. Ирээдүйгээ харна гэдэг нь бид "Шударга ёс" эвсэл гэдэг нэрээр сонгуульд орохгүй. МҮАН үүнийгээ албан ёсоор зарлачихсан.

Ямар ч байсан Ардчилсан нам буулт хийгээд цөмийн хог хаягдал булшлах гэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд тусад нь хууль санаачлаад явж байна.

-Конвенцид нэгдлээ гээд Монголд цөмийн хог хаягдал яг булшилна гэсэн заалт байгаа юм уу?

-Үндэсний хууль тогтоомж гэдэг чухал. Уг нь Ерөнхийлөгчийн зүгээс зарлиг гаргаж байсан болохоор араас нь энэ хуулийг санаачлаад явах ёстой. Тэгээд ч энэ конвенцид булшлуулахгүй гэсэн заалт орчихсон юм бол хуулийн төсөл өргөн барихгүй.

Байгаа болохоор л яаралтай горимоор хууль өргөн барьчихаад байгаа биз дээ. Конвенцийг хэн ч тайлбарлахгүй. Би хуульч болохоор ойлгоод байгаа юм. Харин та бол хуульч биш.

Гэхдээ аль нь үнэн бэ гэдгийг үйлдлээс нь харах шаардлагатай. Конвенцтой хамт булшлуулахгүй гэдэг хуулийн төсөл өргөн барьсанд нэг талаасаа би сэтгэл хангалуун байгаа.

-Сэтгэл хангалуун байгаа юм бол ээлжит бус чуулганы хуралдаандаа орох юм уу?

-Орсон ч болж л байна. Гэхдээ ирц бүрдэхээр нь орно. Би ирц бүрдүүлэх гэж чуулганы хуралдаанд суудаггүй. Ирцээ бүрдүүлэх үүрэг нь АН-д бий. АН-ынхан өмнөх ээлжит бус чуулганаар 100 хувийн ирц бүрдүүлж чаддаг гэдгээ харуулсан. Одоо ч гэсэн тэгээд л орох хэрэгтэй.

-Ирцээ бүрдүүлж, хурлаа хийж, хууль тогтоомжоо хэлэлцэх нь та нарын үүрэг биш үү. Та нар төрөөс цалин авдаггүй хүмүүс үү. Яагаад ингэж хүнийрхүү хандаад байна?

-Бид улс төрийн албан тушаалтан. Улс төрийн албан тушаалтан гэдэг бол улс төр хийх ёстой гэсэн үг. Бид төрийн ордондоо ирэхгүй морио уралдуулж, бөхөө барилдуулаад байгаа бол таны хэлдэг үнэн. Өглөө есөн цагт ирэх ёстой бол тэр цагтаа ирээд, чуулганд орохгүй байгаагаа тайлбарлаад явах нь зөв.

Энэ нь эс үйлдлээрээ эсэргүүцэж байгаа нэг хэлбэр. Заавал суусан л бол болно гэсэн үг биш. Би Их хурлын гишүүн болоод гурван ажил хийсэн гэж бодцог.

-Ямар ажлууд?

-MCS өөрсдийнхөө өрийг улсаар төлүүлэх гэж байхад нь би ажлын хэсэгг нь ороод болиулсан. Үүндээ баяртай байдаг. Гэхдээ компани дампуурч байгаад нь харамсаж байна. Хоёрдугаарт нь, би цөмийн хог хаягдлыг Монголд булшлах гэж байхад нь ямар том ажил хийчихэв ээ.

Цөмийн хог хаягдлыг Монголд булшлах гэж байсан гэдгийг үйлдлээр нь хүлээн зөвшөөрүүлээд, хурлын ирцийг бүрдүүлэхгүй байсан гэдгээрээ хоёр дахь том ажлаа хийсэн. Арева гэдэг компани 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Энэ компанийн байр суурь нь 34 хувийг Монголд өгөх гээд байгаа юм.

Үнэхээр 600 сая ам.доллар оруулсан ч юм уу, үгүй ч юм уу, уран зараад ашигтай ч юм уу, ашиггүй ч юм уу бүү мэд. Гэх мэтчилэн яривал нарийн зүйлс бий. Гурав дахь нь би НӨАТ-ын хуулийг ярьж байгаа. НӨАТ-ыг гурван хувь болго гэсэн. Гурван хувь болгоод том, жижиг компани гэлтгүй бүгд ижил төлье гэж байгаа юм. Үнэн гэдэг цаг хугацааны хэмжүүр. Үнэн гэдэг нь тодорхой болж байна.

-Цөмийн хог хаягдлыг булшилна гэсэн заалт нь конвенцийнхоо яг хаана нь яваа юм бэ?

-Хоёр конвенц нь ямар ч асуудалгүй. Харин гуя дагаж хүзүү гэгчээр оруулаад ирсэн юм. Харин 1994 оны Хог хаягдлын менежмэнтийн конвенц нь маш осолтой. Яагаад гэхээр цөмийн станцтай орнууд заавал энэ конвенцид нэгддэг.

Үүнд 60 гаруй орон нэгдээд байгаа бол одоо 10 гаруй орон нэгдэх үү, яах уу гэдгээ ярилцаж байна. Ихэвчлэн их гүрнүүд цөмийн станцтай байдаг болохоор бусад орнуудаа лоббинд оруулдаг. Тэнд байгаа хамгийн ноцтой нь юу вэ гэхээр "Эх үүсвэр хаанаас гарсан тэр газар нь булшил" гэдэг конвенц юм.

Монголоос, Францаас, Казахстанаас шар нунтаг авах уу гэдэг сонин биш. Хаана булшлах вэ гэдэг нь асуудал байхгүй юу. Энэ конвенц дангаараа орж ирсэн бол аюул нүүрлэх байсан. Сайн муу ч гэсэн үндэсний хууль тогтоомжийн хаалт орж ирж байгаа нь яамай даа.

Өмнө нь би Японы Элчин сайдын яаманд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан болохоор энэ талаар мэдээлэл сайтай байдаг. Одоо ч гэсэн Монгол Японы парламентын бүлгийн дэд даргаар ажилладаг. Тэр утгаараа тодорхой мэдээлэл авсан.

-Тантай хамт ганзага нийлж явсан Л.Цог, Г.Уянга нар эвслийн бүлгээс гарчихлаа. Та харин эвслээ хамгаалж үлдлээ гэх юм. Таныгхамтдаа явах байх гэж хүмүүс харж байсан юм билээ?

-Юун ганзага нийлэх вэ. Би бүлгээсээ гарахгүй. Гарах байсан бол аль эрт гарах байсан. Бүлгээс гарч болно. Бүлгээс гарлаа гээд ямар үр дүнтэй юм. Сонгууль болоход хоёрхон сар дутуу байхад Засгийн газрыг тогтворгүй болгож болохгүй.

Муу ч гэсэн бид төрдөө тангараг өргөсөн хүмүүс. Бид өерсдийн эрх ашгийн төлөө биш Монгол Улсын эрх ашгийн төлөө өөрсдийгөө доромжлуулсан ч яахав гээд сууж байх ёстой хүмүүс юм. Ч.Сайханбилэгт хайртайдаа тэгээд байгаа юм биш. Төрийн эрх барих дээд байгууллагын түшээд улсаа нураах уралдаанд оролцоод байх хэрэггүй.

-Та бүлэгт үлдсэнээрээ “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга болох цаашлаад Эрүүл мэнд, спортын сайд болох шантааж хийгээд байгаа юм биш үү?

-Ч.Сайханбилэгийн Засгийн газарт сайд болохгүй гэдгээ хэлчихсэн.  Бид жудаг, тогтоох ёстой. Манай намын жирийн гишүүд анхнаасаа л З.Баянсэлэнгийн оронд сайд болох ёстой, Ц.Цолмонгийн оронд байх ёстой гэдэг. 

Долоон гишүүнтэй намд бүлгийн даргаа авах эрх нь байгаа биз дээ. Хэрэв тийм бол давхар дээлгүй хүн л бүлгийн дарга болох ёстой. Давхар дээлгүй гэхээр Д.Тэрбишдагва дарга бид хоёр байгаа юм. Д.Тэрбишдагва дарга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч өрсөлдөж болохоор хүн.

Би намдаа ажлаа хийе гэхээр намайг намдаа ажиллаж болохгүй гэдэг зүйлийг яриад байх юм. Би намынхаа л ажлыг хийе гээд байна. Намын ажил хийнэ гэдэг чинь эрх мэдэл биш. Бүлгийн дарга гэдэг чинь ч эрх мэдэл биш. Яагаад харин бүлгийн дарга болгохгүй байгаа нь л сонин байхгүй юу.

-Н.Энхбаяр дарга хийлгэхгүй байгаа юм биш үү?

-Хатуухан хэлэхэд Н.Энхбаяр дарга, АН хоёр л намайг гудамжинд гаргахын түүс болчихсон яваа юм билээ. Монголын ард түмэн мэдэж байгаа. Н.Энхбаяр дарга, АН- ыг яагаад гомдоосон юм бүү мэд. 1994-2011 оны хоорондби АН-ын гишүүн байсан. Тиймээс АН-ынхны өрөөндөө ярьсан зүйл тэр дороо миний чихэнд ирдэг. Бүгд л үзэн ядаад байх юм.

Хаа байсан Солонгосоос Н.Энхбаяр дарга утасдаад “Шийлэгдамба аа, чи генсек юм бол Баасанхүүгээ зохицуулаач. Өрөөгөөр нь нэг ч хүн битгий оруул” ч гэдэг юм уу янз бүрийн зүйл хийдэг.

Хамгийн сүүлд гэхэд Өргөдлийн байнгын хороог манай намынхан орж ирэхгүй байсаар байгаад унагасан. Хугацаанаас нь өмнө явуулъя гэсээр байгаад явуулсан. Үүнийг манай намд Н.Энхбаяр даргаас өөр хэн хийж чадах юм.

-Та Н.Энхбаяр даргатайгаа яагаад ийм муу болчихсон юм бэ?

-Ямар ч муу юм байхгүй. Н.Энхбаяр даргыг гадаад пастнуртоо  авч чадахгүй зургаан сар хөөцөлдөж байхад нь “Гадаад хэргийн сайдыг огцруулна" гээд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч рүү шууд утасдаад “Наад хүнийхээ дипломат паспортыг өг л дөө.

Өгөхгүй бол хэвлэлийн хурал зарлалаа шүү” гэж хэлж байгаад л аваад өгсөн шүү дээ. Ц.Нямдорж гишүүн яагаад намайг чуулган дээр доромжилсон юм. Ц.Нямдоржийн дайсан хэн юм, Н.Энхбаяр дарга. 85 настай аав, ээжтэйгээ уулзаж чадахгүй харийн оронд зовж байна гэхэд нь “Хэдийдээ ч би улстөрч болсон юм.

Хэдийдээ ч би том байсан юм. Даргатайгаа хамт явъя” гээд огцруулах саналаа татаж аваад ард түмэнд хулчгараараа дуудуулаад явсан. Үнэндээ бол Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд огцруулах асуудлаа татаач гэхэд ганцхан Н.Энхбаяр даргыгл бодоодбитатажавсан. Одоо болохоор юунд нь ингээд байдаг юм бүү мэд.

-Таныг МАН, МАХН-ын эвсэж сонгуульд орох ажлын хэсэгт орсон болохоор намын даргатайгаа учраа олжээ гэж хараад байсан юм?

-МАХН гэдэг нэрийг нь Ц.Шинэбаяр дарга бид хоёр авч өгсөн. Н.Энхбаяр даргыг өлсгөлөн зарлаж байхад нь дуу хураагуур авч очоод өлсгөлөнгийн мэдэгдлийг нь гаргаж хэлж байлаа.

Манай оффисийг дээрэмчид ч юм уу хэн ч юм дэлбэлэх нь холгүй болгосон байсан. Ингээд яриад байвал их юм бий. Сүүлийн жишээ гэхэд хүүг нь Их хурлын гишүүн болгох гэж яаж орилж, бархирч, хашхирч явлаа даа. Бүлгийнхэнтэйгээ би Н.Энхбаяр даргаас л болж муудсан.

-Уйлах л дутуу байсан юм биш үү?

-Өөр хүний тухай энд яриад яахав. Тэр хүнд ямар зовлон байсныг мэдэхгүй.

-Гэхдээ “Агтны хариу жилдээ аяганы хариу өдөртөө” гэдэг үг бий дээ?

-МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг хүнийг үхтлээ өмөөрч ирсэн, өмөөрч ч яваа, цаашид ч өмөөрөх байх. Тойрог дээр ч тухтай ажиллах боломж алга. Намаас ч дэмжлэг алга. Болох зүйл болно биз. Болохгүй бол болино л биз. МАХН-ын эгэл жирийн гишүүдийн 90 хувь нь намайг хайрладаг юм.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна