Ерөнхий сайдыг уучлал гуйхыг шаардав

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг уучлал гуйхыг шаардав

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотноо өчигдөр эхэлсэн Монголын эдийн засгийн чуулга уулзалтыг нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлэх үеэрээ үндэсний компанийг ялгаварлан гадуурхсан болчимгүй мэдэгдэл хийсэн гэж мэдэгдэв. Тэрээр “Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болохдоо ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгжээ дэмжинэ, риск тавиад ч хамаагүй эд нарын төлөө явна гэж ярьж байсан. Гэтэл одоо үндэсний компаниудаа улс төрийн намаар нь ялгаварлан гадуурхаж эхэлж байна. Улстөрчид нь намаараа талцдаг юм байгаа биз, аж ахуйн нэгжүүд ямар буруутай юм. МАК, MCS, “Сод Монгол” энэ гурван компани сүүлийн 10 жилд хамгийн их ажлын байр бий болгосон, топ татвар төлөгч, Монгол Улсын эдийн засагт маш том хөшүүрэг болж явж байгаа. Тийм байтал улстөрийн агуулгатай мэдэгдэл хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөгжлийн банкийг шалгасан учраас аж ахуйн нэгжээр нь далимдуулж дайрлаа. Н.Номтойбаяр гишүүн УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн гэдэг баталгааг Үндсэн хуулийн цэцэд гаргаж өгсөн учраас, О.Содбилэг гишүүн Оюутолгойн Дубайд хийгдсэн гэрээг Монгол Улсад хохиролтой болсон гэдгийг мэдэгдсэн учраас аж ахуйн нэгжээр нь дамжуулж дайрч байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аж ахуйн нэгжүүдээс уучлал гуйх ёстой” гэлээ.

Мөн УИХ-ын дарга З.Энхболдыг дэг зөрчин ээлжит бус чуулганыг зарласан. Ээлжит бус чуулганыг зарлаж байгаа тохиолдол бүр нь өөрөө “но”-той. Авлигачдыг өршөөх, Засгийн газраас сайд нарыг хөөх, Үндсэн хуулийн цэцийн даргыг чөлөөлөх, цөмийн хог хаягдалтай холбоотой конвенцийг батлуулах болохоор зарласан. Ийм хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлж чадахгүй, энэ байдлаа засахгүй бол УИХ-ын даргад хариуцлага тооцох асуудлыг хаврын чуулганаар хөндөж болно гэж мэдэгдсэн юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж