УИХ-ын дарга З.Энхболд Эдийн засгийн чуулганыг хаалаа

2016 оны 3 сарын 31

УИХ-ын дарга З.Энхболдын Эдийн засгийн чуулганыг хааж үг хэлсэн бөгөөд бүрэн эхээр хүргэж байна.
 

Улаанбаатар хот

2015.03.31

        Эрхэм хүндэт зочид оо,

Энэ жилийн чуулга уулзалт дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, улс орнууд богино хугацааны асуудалдаа түлхүү анхаарч буй цаг үед болж байна. Дэлхийн эдийн засаг эмзэг байгаа, мөн дэлхийн томоохон орнуудын эдийн засгийн өсөлт өмнө төсөөлж байснаас муу байгаа тухай ОУВC энэ 3 дугаар сарын эхээр анхааруулсан. Ялангуяа, манай гол түнш БНХАУ-ын гадаад худалдаа өмнөх жилээс буурсаар байгаа нь эдийн засагт багагүй эрсдлийг учруулж байна. 

Хятад Улс урьд өмнө үзэгдээгүй их хөрөнгө оруулалт хийж, түүхий эдээр ханаж цаддаггүй байсан үе саяхан. Харин өнөөдөр Хятад Улс дотоодын хэрэглээндээ суурилсан өсөлтийг чухалчлан, бүтцийн өөрчлөлт хийж буйтай холбоотойгоор тэдний түүхий эдийн их хэрэгцээ аль хэдийнээ татарчээ. Өнөөдөр манай аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 67 хувь, экспортын 79 хувь нь уул уурхайгаас хамаарч байна. Тиймээс, Хятадын аж үйлдвэрийн барааны эрэлт унасан нь манай эдийн засагт удаашрал, тодорхой бус байдлыг бий болгож байна. 

Нэг хэсэг бид Монголын эдийн засгийн хөгжлийн гарц нь уул уурхай, стратегийн ордууд хэмээн зөвхөн уул уурхай дээр түшиглээд хөгжчих чинээ санаж явлаа. Эдийн засаг байнга 2 оронтой тоогоор өсөөд байдаггүй, xүссэнээрээ газар ухаад, нүүрс зараад өндөр ашиг олоод байж болдоггүй, бага хүүтэй хөрөнгө оруулалтын эх үүсвэр байнга олдоод байдаггүй гэдгийг дан ганц Монгол биш, дэлхий нийтээрээ ойлгож авлаа. 

Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасанд Монгол Улс буруугүй. Харин нийт эдийн засгаа зөвхөн уул уурхайгаас хамааралтай болгож орхисон нь Монголын төрийн, үе үеийн Улсын Их Хурал, Засгийн газруудын алдаа юм. Бид өнөөдөр энэ алдааныхаа төлбөрийг төлж байгаа. 

Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уналтад орсноос болоод гадаадын олон хөрөнгө оруулагчид манайхаас гарч явсан. Уул уурхайн хөрөнгө оруулалт унасан нь зөвхөн Монголд болж байгаа үйл явдал биш гэдэгтэй энэ чуулганд оролцож байгаа гадаадын хөрөнгө оруулагчид ч санал нэгдэх байх гэж бодож байна. Дэлхийн хаа сайгүй том том уурхайнууд хаагдаж, олон арван жил тогтвортой ажиллаж байсан том компаниуд үүд хаалгаа барьж, олон зуун мянгаар нь ажилтнуудаа халж байгаа. 

Уул уурхайн томоохон төсөл, ялангуяа Таван толгойн төслийг Улсын Их Хурал зогсоосон учраас өнөөдрийн манай эдийн засгийн хүндрэл үүссэн мэт ташаа ойлголт энэ чуулганаар яригдсан байна. Дэлхийн эдийн засаг удааширч байгаа цаг үед энэ төслийг, нэр бүхий компаниудад өгөх нь Монголд ашиггүй гэсэн дүгнэлтийг Улсын Их Хурлын Ажлын хэсэг гаргасан. Нүүрсний үнэ огцом унасан, зах зээлийн нөхцөл таатай биш үед тус ордын эзэд болох 2 сая хувьцаа эзэмшигчдээс нь асуулгүйгээр уг ордыг гуравдагч этгээдэд өгөх эрх хэнд ч байхгүй. Зүйрлэн хэлэх юм бол Рио Тинтогоос асуулгүйгээр Оюу толгойн ашиглалтын лицензийг Шенхуа компанид 60 жилийн хугацаагаар 2-хон хувийн роялтитайгаар өгөх шийдвэрийг Улсын Их Хурал гаргах гэсэнтэй агаар нэг, хууль бус үйлдэл юм. 

Авахыг оролдож байсан хоёр компанийн нөхцөл байдал сайнгүй байгаа. Тухайлбал, Шенхуа компанийн удирдлагууд авилгын хэргээр шоронд орсон бол ММС компани нь дэфолтоо зарлаад удаагүй байна. Ийм компаниудад Таван толгойн лицензийг 60 жилийн хугацаатайгаар, 2-хон хувийн роялтитайгаар  зүгээр шахуу өгөх гэсэн Засгийн газрын үйлдлийг хууль бус гэж үзэн Улсын Их Хурал зогсоосон нь хуулиа дээдэлсэн хэрэг мөн.  Энэ бол хуулийн засаглал. Энэ бол ардчилал юм.

1990-ээд оноос өмнө Улс төрийн товчооны 9 гишүүн суугаад бүх шийдвэрийг ард түмнээсээ асуулгүйгээр гаргадаг байсан. Энэ цаг өнгөрсөн. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд гурав сууж байгаад “тэр толгойг түүнд өгье” гэдэг шийдвэр гаргах боломжгүй.

Өнөөдөр энэ чуулган дээр Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг би сонссон. Ерөнхийлөгч маань Шенхуа, ММС компаниудад Таван толгойг өгөхийг хүссэн зарим нэг хүний буруу тайлбарт итгэсэн байна. Тэр хүмүүс Ерөнхийлөгчийг буруу мэдээллээр хангаж байсан байна. Харин Улсын Их Хурал асуудлыг томоор харж, ард түмний эрх ашгийг дээдэлж, зөвхөн хуульд нийцүүлж шийдвэр гаргасан.

Таван толгойг улсын төсвийн мөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд юм. Энэ бол улсын өмч. Харин Оюу толгойн хайгуулыг хувийн компани өөрийн хөрөнгөөр хийсэн. Тиймээс, энэ хоёр ордыг адилхан гэрээгээр ашиглаж болохгүй. Дашрамд хэлэхэд, гадаад зах зээлийн нөхцөл байдал тааруу байгаа ч дэлхийд хамгийн томд орох, урт хугацаанд үргэлжлэх төслийн хувьд Оюу толгойн хөрөнгө оруулалт хэвийн үргэлжилж байна. Ойрын 3 жилд Оюу толгойн хөрөнгө оруулалт өссөнөөр манай гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 онтой харьцуулахад 3 дахин өсөх болно.

2012 онд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унаж эхлэх үед бид нэгэн том сонголт хийсэн. Тэр нь түүхий эдийн үнийг дагаад, эдийн засгаа хүчтэй унагаад, дахин үнэ өсөхийг хүлээгээд суух уу, эсвэл түүхий эдийн үнийн цохилтыг сөрж, аж үйлдвэр, дэд бүтцээ хүчтэй хөгжүүлж, бүтээн байгуулах замаар эдийн засгийн өсөлтөд тэмүүлэх үү гэсэн салаа замын уулзвар байсан юм. Бид бүтээн байгуулалтыг сонгосон.

Бүтээн байгуулж, аж үйлдвэрийн хөгжлийг эрчимжүүлэх бидний бодлого чамлахааргүй үр дүнгээ өгч байна. Ялангуяа бид аж ахуйн нэгж, иргэдээ татварын дарамтад оруулахгүйгээр, бонд гаргаж амин чухал хөрөнгө оруулалтаа таслалгүй, аж үйлдвэр, дэд бүтцээ тэлсэн нь цагаа олсон, бодит ажил болсон. 

Аж үйлдвэрийн салбарыг Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах салбар болгон хөгжүүлж, дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгохын тулд Улсын Их Хурлын тогтоол гарч Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг баталсан. Энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд ДНБ-д аж үйлдвэрийн салбарын эзлэх хувь өнөөтэй харьцуулахад 2 дахин өсч, тэр чинээгээр бид түүхий эдийн үнийн хамаарлаас ангижирнa. 

Өнгөрсөн жил Улсын Их Хурлаас Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталж, бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортолдог үндэсний үйлдвэрт зээлийн хөнгөлөлт үзүүлэх болсон. Уг хуульд зааснаар, экспортын үйлдвэрлэлд факторингийн дэмжлэг үзүүлж, экспортод чиглэсэн дэвшилтэт технологийн судалгаа, хөгжлийн зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг тухайн үйлдвэрт буцааж олгоно. Мөн дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой барааны тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглосон.

Өнгөрсөн жилийн Эдийн засгийн чуулган дээр миний бие хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг анхаарах ёстой гэдгийг онцолж байсан. Мөн, хоёр долоо хоногийн өмнө болсон "Тэргүүний малчдын улсын зөвлөгөөн" дээр бас энэхүү үгээ лавшруулж, Таван толгойд биш, таван хошуу малдаа найдаж хөгжицгөөе хэмээн малчиддaa, мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарынхандаа уриалсан. 

Хөдөө аж ахуйн салбар хөгжсөнөөр манай олон зуун мянган өрхийн орлого өсөж, бид уул уурхайгаас хэт хамаарсан гачлангаас сална. Хөдөө аж ахуйн салбарын орлого, ажил эрхлэлт нь барилга, боловсрол, эрүүл мэнд, худалдаа, үйлчилгээний салбаруудын өсөлтийг тэтгэн, дотоодын зах зээлийг хөгжүүлэх суурь болно. Япон, Өмнөд Солонгос, Хятад, Тайваний туршлагаас үзэхэд хөдөө аж ахуйн нь дундаж давхаргыг бэхжүүлэх, дотоодын зах зээлийг тэлэх суурь болдoг, улмаар экспортoo хүчтэй тэтгэдэг салбар юм. Учир нь тухайн үедээ тэдгээр орны дийлэнх хүн амын амьжиргаа хөдөө аж ахуйн салбараас хамааралтай байжээ. Хамгийн түрүүнд хүн ам олонтой салбартаа хүч тавьбал дотоодын зах зээл хөгжиж, үндэсний эдийн засгийн суурь бэхжинэ. Манай улсын хувьд хүн амын тэн хагасаас илүү нь мал аж ахуйгаас шууд ба шууд бус утгаар хамаарч байдаг.  

Гэхдээ, манай хөдөө аж ахуйн салбарын зорилт нь дан ганц хөрш зэргэлдээ улсын зах зээлээр хязгаарлагдахгүй. Бид Европын Холбоо, Япон, Өмнөд Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнуудад экологийн цэвэр бүтээгдэхүүн нийлүүлж, хөдөө аж ахуйн салбарынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ялангуяа Япон Улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг үр бүтээлтэй ашиглан, нэмүү үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд түлхүү анхаарч, Японы үйлдвэрлэл, худалдааны сүлжээнд нэгдэн, баттай байр сууриа олохыг зорих нь чухал юм. Манай хөдөө аж ахуйн чиглэлийн бизнес эрхлэгчид тээврийн зардал багатай, чанартай, эрүүл мэнд, гоо сайхан, биотехнологи, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж Япон болон бусад өндөр хөгжилтэй орны зах зах зээл дээр өрсөлдөөд эхэлжээ. Эдгээр алхмууд нь өндөр технологийг нутагшуулах, аж үйлдвэрийг амжилттай хөгжүүлэх, монголчуудын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нэгэн шинэ замын эхлэл мөн. 

Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэдэг. Бид өнөөдрийн хэрэглээндээ хэт  анхаарч, ам.долларын ханшийг шүтсэн сэтгэл зүйгээр эдийн засaгтaa хандаж, ирээдүйнхээ өсөлтийг боомилж болохгүй. Хэдийгээр уул уурхайн валютын орлого татарсан ч, уул уурхайн бус салбаруудад нааштай байдал үүслээ. Төгрөгийн ханш нь манай бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт муугаар нөлөөлдөг. Жишээлбэл, ам.долларын ханш 1000 төгрөг болчихвол манай барилгын материалын oлон үйлдвэр хаагдаж, бид эдгээр барааг Эрээнээс татдаг хуучин байдалдаа шилжих болно. 

Бид их хэмжээний xүнсний бүтээгдэхүүн гадаадаас авдаг байсан нь сүүлийн 3 жилд багасаж, харин манай хүнсний экспорт хурдтай өсөж байна. Төгрөг сул байсан сүүлийн 3 жилд мал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортын хэмжээ 15%-иар буурч, экспорт 2 дахин өсжээ. Өөрөөр хэлбэл, бид "Голланд өвчин"-өөсөө ангижрах боломж бүрдэж байна.

Манай нийт өрхүүдийн тэн хагас нь хөдөө аж ахуйн салбарaac хамаарч байна. Гэтэл, манай нийт хөрөнгө оруулалтын хоёрхон хувь нь хөдөө аж ахуйн салбарт орж байна. Энэ нь хөдөө аж ахуйн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмж хурдан өсөхгүй байгаа гол шалтгаан юм. Энэ том салбарынхаа хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих вэ?

Манай эдийн засагт  гарсан бас нэг том дэвшил нь эрчим хүчний салбарын хөгжил юм. 2012-2015 онд эрчим хүчний үйлдвэрлэл 24 хувиар өсөж, 2015 онд уг салбар анх удаагаа ашигтай ажиллаcaн. Ойрын үед бид 5 дугаар цахилгаан станц, Багануур, Тавантолгой, Эгийн голын цахилгаан станцуудын төслийг хэрэгжүүлж дуусгaна. Ялангуяа Таван толгой, Эгийн голын станцууд ашиглалтад орсноор бид эрчим хүчний хэрэгцээгээ хот хөдөө ялгалгүй, дотоодоосоо бүрэн хангаж, эрчим хүч экспортлодог улс болнo. 

Бид эдийн засгийн бодлогоо ярихдаа ажил эрхлэлтийг онцгой анхаарах ёстой. Хэдийгээр манай ажиллах хүчний оролцооны түвшин дэлхийн дундажтай харьцуулж болохоор байгаа ч, бидний санаа тавих гол асуудал нь ажил хийж буй хүний тоо бус харин ажил хийж буй хүмүүсийн орлого юм. Олон жилийн турш Монголд хөдөлмөрийн орлого маш бага түвшинд явж ирлээ. 2014 оны эцсийн байдлаар Монгол Улсын ДНБ-ий дөнгөж 30 хувь нь хөдөлмөрийн орлого болж өрхүүдэд хүрч байна. Энэ тоог 50% болгон нэмэгдүүлэх нь илүү ойлгомжтой, бодитой зорилт бөгөөд, үүнийг хэрэгжүүлэх үндсэн арга нь аж үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх явдал юм. 

Хөдөлмөрийн зах зээл дээр гарч буй нааштай үр дүн нь голчлон хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын өсөлтөөр тодорхойлогдож байгааг тэмдэглэе. Өнөөдөр аж үйлдвэрийн салбарын өсөлт 9 хувь, хөдөө аж ахуйн салбарын өсөлт 11 хувь байгаа бол үйлчилгээний салбар нэлээд удаашралтай, 1 хувийн өсөлттэй байна. Богино хугацаанд ажиллах хүчний тодорхой хэсгийг үйлдвэрлэл рүү чиглүүлэх нь ажил эрхлэлт, хөдөлмөрийн бүтээмж, улмаар ДНБ-ийг өсгөх найдвартай арга зам юм гэдэг нь сүүлийн 3 жилийн тоо баримтаас тод харагдаж байна. Дэлхийн түүхий эдийн сөрөг нөлөөнөөс үүдсэн дотоодын хөдөлмөрийн зах зээлийн уналт нь өнгөрсөн жилийн дунд үеэс эхлэн саарч, хөдөлмөрийн зах зээл сэргэж байна. Тухайлбал, сүүлийн 2 сарын турш шинээр ажилд орсон хүмүүсийн тоо өмнөх оны мөн үеэс 60%-иар өссөн нь таатай мэдээ мөн. Дэлхийн ихэнх улс орнуудад ажил эрхлэлт унасан сүүлийн 3 жилд бид аж үйлдвэрийн салбарынхаа ажиллах хүчийг 10 хувиар өсгөж чадлаа. 

Хүн ардаа тохилог орон сууц, чанартай хүнс зэрэг амьдралын наад захын хэрэгцээгээp хангах боломжийг бүрдүүлэх нь төрийн анхдагч үүрэг мөн. 1996 он хүртэл Монгол Улсад нийтдээ 100 мянган орон сууц байсан. Одоо бид нэг жилд 25 мянган айл орон сууцанд оруулж байгаа нь бодитой амжилт бөгөөд, энэ хурдаа алдахгүй байх ёстой. 2008 онд барилгын салбарт 50 мянган хүн ажиллаж байсан бол өнөөдөр энэ тоо даруй хоёр дахин өсжээ. Энэ том амжилтын гол хөдөлгөгч хүч нь 2013 оноос хэрэгжүүлжсэн орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоо юм. Энэ жил нийт 18450 айл ипотекийн 8 хувийн зээлээс 5 хувьд шилжиж байна. 2016 онд шинээр 9772 айл 5 хувийн зээлд хамрагдана. Ипотекийн зээл нь мөн ажил эрхлэлтийг хүчтэй дэмжиж, уул уурхайн салбарын үлдээсэн орон зайг тодорхой хэмжээгээр нөхөж байна. 

Энэ жилийн Эдийн засгийн чуулганаар инновацийн талаар тусгайлан хэлэлцүүлэг явуулсан нь сайшаалтай. Гэвч, энэ чиглэлд мэдэгдэхүйц үр дүн гарахгүй байна. Эдийн засгийн өсөлтийн үндэс нь зах зээл дээр цоо шинэ бараа, үйлчилгээ гарч ирэн хуучныгаа бүтээлчээр “устгах” зарчим буюу инноваци юм гэсэн 100-аад жилийн түүхтэй Шyм-пийтерийн онол бий. Инноваци нь шинэ мэдээлэл, шинэ мэдлэг, шинэ технологи дээр суурилан гарч ирдэг ч, бизнес, эдийн засгийнханд илүү хамаатай ойлголт юм. Инноваци гэхээр их дээд сургуулийнхны сэдэв гэж үзэх ойлголт түгээмэл байгааг зөв гэж хэлэхэд хэцүү. Инноваци гэдэг зах зээлийн тоглоомын дүрмийг огцом өөрчилдөг бизнесийн үйл ажиллагаа учраас өндөр эрсдэлтэй венчер бизнесийг дэмжих орчинг бүрдүүлэх, мөн оюутан залууст болон нийт бизнес эрхлэгчдэд энтрепренершипийн боловсрол олгох талаар түлхүү анхаарвал зохилтой. Өөрөөр хэлбэл, инновацийг эрдэмтэн судлаачдын ажил гэхээсээ илүүтэй, эрсдэл үүрч чаддаг бизнесменүүдийн ажил гэж ойлговол зохистой.  Ингэхдээ хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуультaй уялдуулан бодитой ажиллах шаардлагатай байна. 

Энэхүү чуулганаар яригдсан бусад олон санал, санаачилга нь Монголын эдийн засгийн бодлогын үр өгөөжийг нэмэгдүүлж, холбогдох хууль, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгоход  чухал ач холбогдолтой гэж итгэж байна. 

Чуулганы нийт оролцогчид, зохион байгуулагчдад талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна