Үг цээжилснээр хэл сурахгүй

2016 оны 4 сарын 1

Япон оюутан багшаа “Багш та ургах тусмаа толгойгоо бөхийлгөдөг тариан түрүү юм.” гэж байгаа нь манай “Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу” гэсэн үг. Автобусны жолооч хамаагүй хаазалбал орос хүн “Чи ямар төмс ачиж яваа юу(Картошку возишь что ли?)!” гэнэ. Харин малчин удамт монгол хүн аанай л “Мах ачиж яваа юу чи, аятайхан яваач!” гэнэ шүү дээ. Барын амнаас гараад арслангийн аманд орохыг нуур цөөрөм, хур бороо ихтэй армянчууд Борооноос зугтаж мөндөрт нүдүүлэв, Алаагүй баавгайн арьсыг хуваахыг Бариагүй загасыг шарах гэж таваг халаалаа гэдэг. Харин Бурхангүй газрын бумба галзуурна. гэдгийг францчууд Муургүйд хулгана гаарах, гүржүүд Нохойгүй газар муур дуугарах, португалчууд Чоно үхэхэд хонь оодрох гэнэ. Эвт шаазгай буга барихыг энэтхэгчүүд Буман шумуул бардам могойг барина, азербайжанууд Түмэн шоргоолж тэмээ сөхрөөнө гэдэг байна. Манай Зуун ямаанд жаран ухна гэдгийг англичууд Олон тогооч шөл гашилгана, италичууд Олон тахиа донгодвол нар мандахгүй, оросууд Долоон эмч нүд сохолно гэх юм. Бөх бүдүүн өвсөнд гэдгийг гүржүүд Далай гатлаад шалбаагт унах, Өөдөө хаясан чулуу өөрийн толгойн дээрийг арабууд Өөдөө тургивал өөрийгөө нулимна гэдэг ажээ...

Ийм болоод л хэл сурна гэдэг хэдэн үг чээжлээд, холбоод ярьчихна гэсэн үг биш. Тухайн хэл дээрээ юуг яагаад ингэж хэлснийг орчин ахуйд нь ойлгоод, монгол сэтгэлгээ, утга, үг гурав дээр зэрэг буулгана гэсэн үг. Бас тал талын мэдлэг, мэдээлэл чухал. Ийм учраас орчуулагчийн мэргэжлийг энэ хэлээр хэлэлцэгчийг судлах “Орон, соёл судлаач”-аар солимоор байгаа юм.

“Егөөтэй 99 тайлбар” номын “Орчууулагч биш орон, соёл судлаач болох хэрэгтэй” өгүүллийн хэсгээс

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна