Анхаарал Вашингтонд төвлөрөхийн учир

2016 оны 4 сарын 1

АНУ-ын Вашингтон хотноо Цөмийн аюулгүй байдлын чуулга уулзалт эхэлж, олон орны төрийн тэргүүнүүд хуран цуглаад байна. Хоёр өдрийн чуулга уулзалтын гол сэдэв нь цөмийн терроризмын аюулаас сэргийлэх юм.

 

 

Брюссельд террорист халдлага гарч, Хойд Солонгос цөмийн бөмбөгөөр АНУ-ыг газрын хөрснөөс арчихаар заналхийлэл дунд дээд хэмжээний чуулга уулзалтыг Барак Обама сүүлийн удаа удирдан явуулж байна. Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад дэлхийн 56 орны төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллага оролцож байгаа аж. Цөмийн аюулгүй байдлын уулзалтад Бельги, Пакистан улсын лидрүүд саяхан болсон террорист халдлагын улмаас оролцож чадалгүй төлөөлөгчдөө илгээжээ. Уулзалтаар цөмийн зэвсгийн гол материал уран баяжуулалтыг багасгаж, “Исламын улс” бүлэглэлийн дайчдын гарт цөмийн материал орохоос сэргийлж, хамгаалах  асуудлыг хэлэлцэж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд цацраг идэвхт материал тэр дундаа баяжуулсан уран алдагдсан тохиолдол 2700 орчим удаа бүртгэгджээ. Иймд цөмийн зэвсгийн материал террористуудын гарт орж, олон улсад аюул заналхийлэхгүй гэх баталгаагүй хэмээн АНУ-ын албаныхан мэдэгдэв. Энэ уулзалтын үеэр Барак Обамагийн бахархан ярих зүйл нь удаан хугацаанд хэлэлцсэн Ираны цөмийн гэрээг байгуулсан явдал байв. Тэрбээр Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орон дээр Герман нэмэгдсэн “P5+1” багийн Ирантай байгуулсан гэрээний хэрэгжилтийг Франц, Итали, Их Британийн талтай хэлэлцжээ.

 

Азийн лидерүүдтэй тусгайлан уулзав

 

 

Цөмийн аюулгүй байдлын уулзалтын үеэр Барак Обама Азийн холбоотон Өмнөд Солонгос болон Японы лидерүүдтэй уулзав. Тэрбээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе, Японы ерөнхий сайд Шинзо Абе нартай пүрэв гаригийн өглөө тусгайлсан уулзалт хийжээ. Барак Обама энэ уулзалтаар Азийн холбоотон орнуудын дундах өнгөрсөн дайны үеийн “шарх”-ыг анагааж, харилцаагаа сайжруулахад анхаарах талаар хэлэлцсэн байна. Түүнчлэн Солонгосын хойгт АНУ-ын пуужингаас хамгаалах системийг байршуулж, Пхеньяны заналхийллээс болгоомжлох асуудлыг хэлэлцжээ.

 

 

Барак Обама үдээс хойш нь Хятадын дарга Си Жинпинтэй ганцаарчилж уулзав. Хоёр орны төрийн тэргүүнүүд аюулгүй байдал, эдийн засгийн асуудлаас гадна уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хөндөн ярилцсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Гэхдээ гол анхаарал татсан асуудал бол Солонгосын хойгт АНУ-ын пуужингаас хамгаалах системийг байршуулахад Хятадын хандлагыг зөөлрүүлэх байв.

 

Оросын эзгүй уулзалт

 

 

ОХУ Цөмийн аюулгүй байдлын уулзалтад оролцохоос татгалзаж, Вашингтонд төлөөлөгчөө илгээгээгүй юм. Үүнийг АНУ-ын албаныхан ОХУ сайхан боломжийг алдлаа хэмээн халаглан ярьцгааж байв. Цөмийн зэвсэгтэй таван орны нэг ОХУ нь олон улсын цөмийн аюулгүй байдлын асуудалд чухал нөлөө үзүүлдэг. ОХУ өмнө нь гурван удаа зохиогдсон Цөмийн аюулгүй байдлын уулзалтад оролцсон боловч энэ удаад татгалзлаа. Шалтаан нь энэ асуудлаар олон улс хангалттай хэлэлцсэн гэж үзсэн аж. Үнэндээ Украины асуудлаас үүдэн ОХУ болон АНУ-ын харилцаа муудаж, хүйтэн дайны хэмжээнд очсон хэмээн эх сурвалжууд дүгнэх болсон. Тэр ч бүү хэл Крым хойг Киевээс салж, Кремльд нэгдсэний дараа “Их 8” бүлгээс ОХУ-ыг хассан билээ.

 

Обама Эрдоганаас нүүр буруулав уу?

 

 

Чуулга уулзалтын өмнө Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган АНУ-ын ерөнхийлөгчтэй ганцаарчилж уулзах албан ёсны хүсэлт гаргасныг Барак Обама хүлээж авсангүй. Режеп Тайип Эрдоган Вашингтоны уулзалтыг  “Харилцаагаа сэргээх боломж” гэж харж байв. Гэвч Эрдоганыг АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Байден хүлээн авч уулзжээ. Өнгөрсөн сард АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден Истамбулд айлчлах үеэрээ Туркийн засгийн газар сэтгүүлчдийг баривчилж, хэвлэлийн эрх чөлөөг болгоомжилж байгааг хурцаар шүүмжилсэн юм. АНУ Туркийн харилцаа муудсан нь олон шалтгаантай. Тэр дундаа Туркийн арми курдын босогчдын эсрэг  Сири, Иракт дайралт хийсэн нь Барак Обамагийн унтууг хүргэсэн байв.

 

Барак Обама санаачилсан чуулга уулзалт

 

 

Цөмийн аюулгүй байдлын уулзалтыг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2009 онд анх санаачлан зохион байгуулах болсон юм. Өмнөх гурван удаагийн уулзалт Вашингтон, Сөүл, Гааг хотноо болж байв. Чуулга уулзалтын гол зорилго нь хүн төрөлхтнийг үй олноор хөнөөх чадалтай цөмийн материалыг аюулгүй хадгалж, хамгаалахад оршино. Олон улсад албан ёсоор цөмийн зэвсэгтэй хэмээн нэрлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн орнууд цөөхөн байдаг. Үүнд АНУ, ОХУ, Их Британи, Франц, Хятад, Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос, Израйлийг нэрлэж болно. Үүнээс цөмийн цэнэгт пуужингийнхаа тоогоор ОХУ, АНУ тэргүүлдэг. 1945 онд америкчууд Хирошима, Нагасаки хотууд дээр атомын бөмбөг хаяснаас хойш өнөөг хүртэл манай гаригийн гүрнүүдийн зэр зэвсгийн өрсөлдөөн цөмийн зэвсэг рүү эрчимтэй шилжсэн юм.

 

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна