Инээдмийн баярт зориулав

2016 оны 4 сарын 1

Өнөөдөр олон улсын инээдмийн өдөр. Энэхүү өдрийг тохиолдуулан хошин шог зохиолч Д.Буянгийн 2015 онд хэвлэгдэн уншигч олондоо хүрсэн “Тэнэг явахын жаргал” хошин өгүүллэгийн номонд орсон “Амьддаа бие биеэ хайрла” зохиолыг хүргэж байна. “Тэнэг явахын жаргал” хошин өгүүллэгийн ном нь уншигч олны хүсэлтээр дахин хэвлэгдэж байгаа бөгөөд шилмэл хошин өгүүллэг бүхий сонсох CD-ний хамт худалдаалагдаж байгаа юм.


Төрийн түшээ Ёндон парламентад улиран сонгогдсоныхоо хойтон жил авилга хээл хахуулийн хэрэгт орооцолдов. Гурван жилийн өмнө гадаадын нэг компаниас овоо хэдэн зуутын боодол доллар “бэлгэнд” авчихсан юмсанж. Гэвч хэрээ мянган жил болсон ч хараараа, хэрэг зуун жил болсон ч цайрахгүй гэдэг шиг АТГ-ын үнэрч ноход түүний халуун мөрөөр яг оржээ. Гишүүн Ёндонгийн хэрэг нэлээд асуудал дагуулав. Нэг бүдрэхээрээ долоо бүдэрнэ гэгчээр Ёндонгийн нам сонгуульд ялагдсан болохоор түүнд авралын хантааз өмсгөх ачтан олдсонгүй. Намынх нь лидерүүд хүртэл түүнээс зугтааж, нуруугаа харууллаа. Хэзээ мөдгүй л мань түшээгийн эрхийг түдгэлзээд шоронд хийх тухай шар хэвлэлүүд шуугив. Дараа жилийн сонгууль хүртэл даанч хол байна даа гэгчээр төрийн түшээ маань “нарс”-ны дулаан хөвөнтэй хувцас, ноосон ороолт бээлий, бакель, ял хар малгай бэлдлээ. Хэзээ мөдгүй ачигдах тэр нэгэн гунигт хар өдрийн өглөө Ёндонгийн амьдралыг ёстой орвонгоор нь эргүүлсэн гэхэд болно. Мань эр загасчилж яваад уургандаа чирэгдэж гол руу татагдан орохдоо голын чанх дундах том хаданд тархиа нидрүүлэн ухаан алджээ.

Ёндонг Хараа голд загасчилж яваад үхсэн тухай шуугианыг хамгийн хурдан, хамгийн шударга, хамгийн шуурхай, хамгийн овсгоотой телевиз монгол даяар цацлаа. “Онцгой байдал, цэрэг цагдааг дайчлаад ч талийгаач Ёндонгийн цогцос нь олдохоосоо өнгөрлөө” гэж олон телевизүүд дөгөөв. “Тэр яаж олдох вэ дээ. Цаадуул чинь хөөрхийг баталгаатай цааш нь харуулсан байгаа” гэж сонин сайтууд цэцэрхэв. Радиогоор мань гишүүний сонсох дуртай дуунууд эгшиглэж, эхнэр хүүхдийг нь төр хамгаалалтандаа авлаа. Нэг үгээр талийгаачийн учир битүүлэг үхлийн шуугиан монголчуудыг нойрноос нь сэрээв. Хэдхэн хоногийн дараа АТГ-т шалгагдаж байсан Ёндон агсны хэргийг хэрэгсэхгүй болгож, харин түүнийг анх мөрдөж илрүүлсэн комиссар залуу хэрэгтний ширээнд суув. “Ая аа, манай намын лидер Ёндонг төрийн оролцоотой нухах гэж эртнээс төлөвлөж байлаа” хэмээн намынх нь дарга нар хэдэн орой зурагтаар уйлж, үсээ зулгаан орилов. Мань эрийн хөшөөг живж сураггүй алга болсон Хараа голын эрэг дээр яах ийхийн зуургүй сүндэрлүүллээ. Хөшөөний дор “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ” гэсэн шүлгийн мөр зурайна. Баруун гартаа загасны уурга, зүүн гартаа том тул загас тэвэрсэн Ёндонгийн хүрэл хөшөөг үнэхээр сүрлэг урлажээ. Хөшөө босгосон өдөр “Ёндон сан”-г хэсэг нөхөд нь байгуулав. Талийгаачийн намтар түүх, сонин хэвлэлд ярилцлага өгч байсан материалаар “Хэрвээ Ёндон амьд байсан бол Монгол улс арай ингэж өрөнд унахгүй” гэсэн урт гарчигтай ном хэвлэгдэн гарлаа. Мэдээж энэ ном долоо хоногийн дотор бестселлер болов. Ийнхүү төрийн түшээ Ёндон агсны туулж өнгөрүүлсэн амьдралын түүхийн эрэл хайгуулд уран бүтээлчид, фейсбүүкчид, твиттерчид хэсэг бүлгээрээ уралдан мордов. Эхлээд түүний эдэлж хэрэглэж байсан бүхнээр музей байгуулан, дараа нь “Ёндон маань амьд бурхан байсан юм” гэсэн таньж мэдэх хүмүүсийн ярилцлагаар баримтат кино, хэд хэдэн боть ном гаргав. Талийгчийг хүүхэд ахуй насанд нь мухар олгойн хагалгаа хийсэн сумын эмчийг эрэн сурвалжилж олоод энгэрийг нь цоолж “Хүний гавъяат их эмч” болгосон гээд бод. Анх түүний эхнэртээ бичиж байсан хайрын захиа, оюутны сурлагын дэвтэр, өдрийн тэмдэглэл, зурвас, гарын үсэг, тэр байтугай намынхаа даргад зарим нөхдөө матаж байсан бичмэл зэрэг нь үнэд хүрэв. Сүүлдээ мань эрийн эхнэр хүүхэд, ах дүү нартаа гар утаснаасаа бичиж байсан хувийн чанартай мессэжээр хүртэл боршуур гаргасан гээд бод. Хамгийн гол нь “Ёндон” агсны нэр орсон болгон манай эх оронд амархан борлогдож эхэлсэн юм чинь. Сүүл рүүгээ “Ёндон” загасны уурга, “Ёндон” харааны шил, “Ёндон” нэртэй архи, “Ёндон” цүнх, “Ёндон” ботинк, “Янмал” оймс биш “Ёндон” оймс үг дуугүй брэнд болдог байгаа. Сураггүй алга болсон Ёндонг мөнхжүүлэх аянд урлагийнхан хүртэл ханцуй шамлан нэгдэв. Эрхэм гишүүний туулж өнгөрүүлсэн амьдралаар Монголдоо номер нэг гэгдэх продакшн “Эгэл хүний энгийн амьдрал” нэртэй детектив кино бүтээжээ. Энэ кино ашиг орлогоороо ганцхан сарын дотор “галзуураад” өгөхгүй хаачихав. Театрын найруулагчид ч яаж зүгээр суух вэ! Ёндонгийн тухай драмын жүжиг тавилаа. Сүүлдээ “Ёндон” дуурь, “Ёндон” сонгодог бүжгэн жүжиг тоглогдов. За тэгж байтал нөхөн сонгууль зарлагдав. Талийгч бүтэн өнчин асрамжийн газар өссөн тул намынх нь бага хурлаас талийгаачийн эхнэрийг сонгуульд өрсөлдүүлж, 99,9 хувиар ялав. Үлдсэн 0,01 хувь нь саналын хуудсаа буруу зурсан сонгогчид байсан гэдгийг онцлох нь зүйтэй. Ингээд дууссан гэвэл эндүүрэл. “Би Ёндонгийн нууц амраг байсан”, “Тэр миний анхны хайр”, “Ёогийдоо би охин насаа алдсан”, “Би түүний нууц хүүхэд” гэх олз ашиг хайсан луйварчид хүртэл гэнэт гарч ирдэг байгаа, цусаар тээглэ гэж.

Энэ үед Ёндон Хараа голын нэгэн айлд хэд хоног ухаангүй хэвтэж байгаад сэргэжээ. Анх тэр радиогийн нэвтрүүлгийг сонсоод өөрийг нь нас бараад мөнхжүүлэх аян орон даяар давалгаалсныг мэдрэв. Нийслэл хот ортлоо сонин, сэтгүүлээс өөрийг нь “бурхан” болгоод хэрхэн тахин шүтэж байгааг олж мэдлээ. Гэрийнхээ хонхыг дарвал эхнэр нь хаалгаа тайлж өгөв. Ёндон ам нээж “Би амьд байна” гэж инээмсэглэвэл эхнэр нь “Муу хүн үхдэггүй гэсэн үнэн юм. Тонил цаашаа” гээд хаалгаа түс хийтэл хаачихав. Ёндонг нас барсан тухай “цуннамийн мэдээлэл”-д нийслэл хот живж байхад түүний үгийг тоож сонсох нэг ч хүн таарсангүй. “Амьддаа бие биеэ хайрла!” гэж мань эр хамаг шөрмөсөө чангалан бархирсан ч их хотын нүсэр нүргээн дунд яахин сонсогдох билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна