Талийгч хүүд зул асаах зураг ч байгаагүй

2016 оны 4 сарын 1

Улаанбурхны халдвартай, өвчнөө эмчлүүлээд эдгэсэн олон зуун хүн байгаа ч өвчнөө дийлэлгүй нас барсан хүүхдийн тоо 20 гарчээ. Тэдний нэг бол бурхан болоод ч зурагныхаа өмнө зул асаалгаж чадаагүй дөрөвхөн настай бяцхан хүү. Учир нь, талийгаач А.Ган-Очир хүүд орчлонд ирээд дөрөвхөн жил болохдоо хүн болж төрснөө гэрчлэх гэрэл зураг байгаагүй юм.

Гуравдугаар сарын 8-ны өдөр тэрээр улаанбурхан гэсэн оноштойгоор ХӨСҮТ-д хүргэгдсэн. Харамсалтай нь маргааш шөнө нь хүү өвчнөө даалгүй бурхан болжээ. Яагаад талийгаач хүү тэнгэрийг зорив. Энэ асуултад ХӨСҮТ-ийн эмч нар түүнийг улаанбурхны халдвараас гадна жингийн дутагдалтай буюу тураалд орж, эгэмний яс нь хоёр газар хугарсан, хоёр уушгиндаа хатгаа нь хүндэрсэн байдалтай эмнэлэгт ирснийг дурдсан юм. Өөрөөр хэлбэл, талийгаач хүү үеийнхээ дөрвөн настнууд шиг 18-20 килограммын жинтэй байх байтал 10 ч хүрэхгүй килограм жинтэй, дээрээс нь яс нь хугарч гэмтсэн ядруухан байжээ. Иймээс л улаанбурхан өвчнөө даалгүй нас баржээ. Яг энэ талийгаач хүү шиг сульдаатай, хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл хууч, суурь өвчтэй хүүхдүүд шинэ үеийн улаанбурхны халдварыг даалгүй нас барж буйг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү тайлбарласан билээ. Улаанбурхан халдварт өвчин дэгдэж, одоогоор Халдварт өвчин судлалын үндэсний төвд /ХӨСҮТ/ 350 орчим өвчтөн улаанбурхан өвчнөөр оношлогдон хэвтэж, эмчилгээ хийлгүүлж байна. Эдгээр өвчтөний цаана хөнгөн хэлбэрээр өвдөж, гэрээр эмчилгээ хийлгэж буй 500 орчим хүн бий. Ялангуяа 15-30 насныхан болон 0-8 сартай буюу вакцин тариулах нас нь болоогүй нялхас улаанбурхны халдвараар их өвдөж буйг эмч нар хэлсэн юм. Зах зээлийн нийгэмд шилжсэн буюу 1990 оноос хойш төрсөн залуус дунд тухайн үед вакцинд хамрагдаагүй нэгэн ч бий. Мөн хийлгэсэн вакцины үйлчилгээ нь дууссанаас болж энэ халдвараар идэр насны залуус өвдөх болсон тухай ХӨСҮТ мэдээлсэн.

Улаанбурхны өвчлөлийн талаарх яриагаа энд цэглэж, хүүгийн эгэмний яс яагаад хугарав, эцэг, эх ар гэрийнхэн нь яагаад эмнэлэгт хандаагүй вэ гэдгийг сөхье. Талийгаач хүү дээрээ ганц ахтай. Одоо долоон настай ах А.Ганзориг нь одоо авга эгчийнхээ хамгаалалтад байгаа. Хөвгүүд ээж аавтай ч аав нь талийгаач хүүг ээжийнхээ гэдсэн найман сар болж байхад нь гадаад орныг зорьжээ. Харин ээж нь архины хамааралтай болж, төрсөн гэрээсээ сар, жилээр гэнэт алга болдог болжээ. Талийгаач хүү, ах хоёрыг эдүгээ 70 хүрч буй эмээ С.Наранцэцэг өсгөжээ. Тэрбээр ээжийнх нь ээж юм.

Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд түр оршин суух С.Наранцэцэг охиныхоо хоёр хүүхдээс гадна өөрийн том болсон гурван залуутай амьдардаг. А.Ганзоригийн авга эгчийн мэдээлснээр эмээ нь ч том хоёр хүүтэйгээ нийлэн үе үе архи хүртдэг, бүр донтсон гэнэ. Мөн том хүү нь хүчингийн хэргээр ял эдэлж, нэг жилийн өмнө суллагдсан. Нагац ах нар л бяцхан хөвгүүдэд гарч хүрч, дарамталдаг байсан тухай Ганзориг хүү авга эгчдээ ярьжээ.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс ч талийгаач хүүгийн үхэлд эрүү үүсгэж, нагац ах нарыг нь байцааж эхэлсэн байна. “Сардаа 230 мянган төгрөгийн тэтгэврээс өөр орлогогүй хүн гурван том залуу, хоёр хүүхдийг тэжээхэд хүрэлцдэггүй ээ. Энэ нь ч талийгаач хүү жингийн дутагдалд ороход нөлөөлсөн байх. Угаасаа ч талийгаач хүү төрөхдөө дутуу төрсөн. Өвдөг нь мурий, нүд нь хардаггүй байсныг би л хараа оруулсан. Амьсгалж байхад нь тоогоогүй байж, амьсгалаа хураахад нь элдэв юм ярих хэрэггүй. Одоо хоёр хүүг минь шалгаад эхэллээ. Эцэст нь өсгөсөн нь бурууддаг болжээ” хэмээн С.Наранцэцэг бухимдаж байна.

Хөвгүүдийн аав өөрийн ах дүү нарыг хоёр хүүг үе үе эргэж тойрч, тойлохыг хүсчээ. Бяцхан хөвгүүдийг эргэхээр очиход хоолгүй зутруухан байдаг ч, аваад явъя гэхээр эмээ нь, ээж нь өгдөггүй, хааяа гэртээ авчрахаар том ах нар нь архи эсвэл таксины мөнгө өг үгүй бол дүү нараа авлаа гэж гэртээ хоёулхнаа үлдсэн хүүхдүүдийг нь айлгаж утсаар сүрдүүлдэг байсан тухай нэрээ нууцлахыг хүссэн авга эгч бидэнд ярьсан. Хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй ч тураалд орж, хатгалгаа нь хүндэрч, эгэмний яс нь хугарсан нь хүү ямархуу байдал байсныг илтгэнэ.

Чимээгүй хаалганы цаана хүүхдийн хүчирхийлэл үргэлжилсээр буйг сүүлийн жилүүдэд гарсан сэтгэл сэрдхийлгэм хэргүүдээс харж болно. Эмээгийнх нь амьдардаг Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд эднийх шиг амьдралтай нэн ядуу буюу зорилтот бүлгийн 100-гаад айл, 60 орчим хүүхэд бий. Бараг өрх болгонд архины хамааралтай болсон хүмүүс байдаг, тэд хүүхдүүдээ бараг зөнд нь орхиж, тэднийг зодож, танхайрдаг тухай эх сурвалж хэлсэн юм. Талийгаач хүүгийн тухайд мөн л амьдардаг хашааных нь хаягаар эмч нар үзлэг, вакцин хийхээр очдог ч хаалгаа огт тайлж өгдөггүй байсан байна.

Хажуу айлынх нь хүүхэд уйлж, зодуулж, тураалдаа ортлоо өлссөн байхад хөрш айлынхан нь яагаад мэдээгүй байв. Ядахдаа хөршийнх нь, хорооных нь эмч, нийгмийн ажилтан нар талийгаач хүүг тураалдаа орж, эгэмний яс нь хэд хэд хугарч, хатгаа авсныг эртхэн мэдсэн бол дөрөвхөн настай балчир үрийг аврах боломжтой байсан ч байж магад юм. Хүүгийн орчин тойрныхон жаахан ч гэсэн хөндий сэтгэл гаргасан бол тэр хүү нэг, хоёр, гурав гэж тоолж сурч, "Болжмор болжмор хөөрхөндөө" гэж дуулж сурах байсан.

Ум сайн амгалан болтугай.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна