Дорноговь гадаад харилцаа, аялал жуулчлалын салбарт тэргүүлэгч аймаг боллоо

2016 оны 4 сарын 1

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорноговь аймагт ажиллаж байна.

Ерөнхий сайдыг “Соёмбо” төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр тус аймгийн Засаг дарга П.Ганхуяг мэдээлэл хийлээ.

Тус аймгийн Мандах, Хатанбулаг сум салхин цахилгаан станцтай, бусад сумд төвийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамд холбогдсон. Дээрх хоёр сумыг нэгдсэн шугамд холбох ажлыг эхлүүлсэн.

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлын зэрэгцээгээр бусад салбарт боломжит бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж, аймаг эдийн засгийн хөгжлийн хувьд бие даах нөхцөлийг хангахад чиглэгдсэн стратеги зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа.

Мал сүргийн тоо таван төрөлд өссөн. Орон нутгийн 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ингэний фермерийн аж ахуй эрхлэх нөхцөл бүрдээд байна. Сүүлийн дөрвөн жилд усалгаатай тариалангийн үйлдвэрлэл, хүлэмжийн аж ахуйг орон нутгийн зүгээс дэмжиж ажилласнаар тариалалт жил бүр нэмэгдэж байна. 

Япон улсын Шизүока мужийн Тариалангийн газартай хамтарч говийн нөхцөлд гурвалжин будаа, цагаан будуу ургуулах туршилтын ажлыг хийсэн.

Сүүлийн дөрвөн жилд Япон улсад Дорноговийн 200 орчим хүүхэд очиж танилцсан.

Орон нутгийн зүгээс аялал жуулчлалын салбарт ихээхэн анхаарч Сайншандаас Хамарын хийд хүртэл 17,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 42 км зам, Хамарын хийд, Шамбалын орны 3900 м.кв талбайг ашиглалтад хүлээн авсан. Хамарын хийдийг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө батлан, цахилгааны шугам, худаг болон цэвэр, бохир усны шугам сүлжээний ажлууд хийсэн. Хамарын хийд орчимд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт өрнөсөн, засмал замтай болсон зэрэг аялал жуулчлалын хөгжилд ач тусаа өгч байна. Гадаад, дотоодын жуулчдын тоо 100 гаруй мянга болсон зэрэг мэдээллийг Засаг дарга өглөө. 

Дорноговь бүтээн байгуулалт амжилттай өрнөж байгаа аймгуудын нэг. Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдсон нь аялал жуулчлал хөгжих гол тулгуур болж буй. Аялал жуулчлалыг илүү сайн хөгжүүлэх, энэ чиглэлээр тэргүүлэгч аймаг болох бололцоотой. Хүүхдүүдийг өндөр хөгжилтэй улс орны амьдралтай танилцуулж буй нь тухайн хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөөлөх ач холбогдолтой гэж Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж, гадаад харилцаа, аялал жуулчлалыг манлайлан хөгжүүлсэн тэргүүлэгч аймгаар Дорноговь шалгарсныг Ерөнхий сайд хэлээд шагналыг гардуулсан юм.

Энэ уулзалтын дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Соёмбо” төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төвд нэг цэгийн үйлчилгээ, бүртгэл, архив, хөдөлмөрийн хэлтэс, багийн төв зэрэг газрууд байрлаж иргэдэд үйлчилж байна.

Дорноговь аймаг 2016 оныг бизнесийг дэмжих жилээр зарласан бөгөөд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг ойр ойрхон зохион байгуулж буй бөгөөд үзэсгэлэнтэй Ерөнхий сайд танилцаж, үйлдвэрлэгчидтэй ярилцлаа.

Энэ өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хамарын хийд орчмын аялал жуулчлалын бүстэй танилцсан юм.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна