Монгол маш хүнд байна

2016 оны 4 сарын 1

Монголын эдийн засгийн форум долоо дахь жилдээ болж өнгөрлөө. 1500 гаруй хүмүүсийг цуглуулсан энэхүү форумын гол зорилго нь эдийн засгийн хүндрэлээс гарах шийдлийг олоход оршиж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа. Харин гадны зочид төлөөлөгчид Монгол Улсын эдийн засгийн байдлыг хэрхэн дүгнэж байгааг уншигч танд хүргэж байна.

Олон улсын санхүүгийн корпорацийн зүүн Ази номхон далайн бүсийн захирал Вивек Патхак:

Яг одоо бол монголын эдийн засаг нэлээд хүнд нөхцөл байдлыг туулж байна. Үүний шалтгаан бол эрдэс баялгийн үнийн уналт. Ерөнхийд нь харахад монголын эдийн засаг доод түвшиндээ хүрч байна. Магадгүй ирэх саруудад эдийн засаг савлаж болох ч 2017 оноос эргээд өсөх байх. Эдийн засгийг өсгөх гол эх үүсвэр нь Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт юм. Монгол Улс зөвхөн уул уурхайгаа түшиглэж эдийн засгаа бүрдүүлж болохгүй солонгоруулах шаардлагатай.  

 

 


Бизнесийн удирдлагын магистрийн холбооны Ерөнхийлөгч Сэр Поп Жаже:

Монгол бол байгаль орчныхоо хувьд сайхан орон. Гуравхан сая хүнтэй атал агуу том газар нутагтай. Мэдээж газар нутгийнхаа хувьд Францаас дөрөв дахин том. Энэхүү уудам нутагт органик, эрүүл, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Жишээ нь байгаль орчинд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх. Үүний тулд дэд бүтэцээ хөгжүүлэх, төмөр зам барих, саарал ус ашиглах, сэргээгдэх эрчим хүч ашиглах шаардлагатай. Мөн 20, 30, 100 жилийн дараа байгалийн унаган төрхийг хадгалсан, байгаль газар нутгаа нөхөн сэргээсэн байх нь илүү чухал.

Бас нэг хүндрэлтэй асуудал бол Улаанбаатар хотын утаа байна. Улаанбаатарт хүн амын 40 гаруй хувь нь амьдардаг. Сүүлийн 15 жилийн дотор хүн амын тоо хоёр дахин нэмэгдсэн. Би наймдугаар сард Улаанбаатарт ирэхэд агаар сайхан байсан. Өвлийн улиралд гэр хорооллынхон маш их нүүрс түлж агаар бохирдуулдаг. Энэ нь хүмүүсийн эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлнө. Энэ асуудлыг шийдэхийн тулд бизнесийн орчинг бодлогоор дэмжих хэрэгтэй. Мэдээж зах зээлд зөв үнэ ханштай халаалтын систем бий болох юм бол бизнес эрхлэгчид дуртай оролцох болно. 1815 онд Лондон хот агаарын бохирдолтой байсан. 1964 онд Английн Засгийн газар Цэвэр агаарын тухай хууль гаргаж утаанаас салсан. Тиймээс Засгийн газар дүрэм гаргах ёстой. Үүний дараа хувийн хэвшил агаар бохирдуулдаггүй зуух, халаалтын системийг бий болгоно. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй зах зээлд тохирсон үнэ ханшийг тогтоох эдийн засгийн таатай орчин хэрэгэй. Эрчим хүчний үнийг төрөөс зохицуулж байгаа тохиолдолд хувийн хэвшилд ашиггүй тул хөрөнгө оруулалт хийхгүй. Зах зээлийн биш үнийг зэх зээлийн бодит үнэ ханшид хүргэх юм бол хувийн хэвшил энэ салбарт үйлдвэрлэл хийж эхэлнэ.


Олон улсын санхүүгийн корпораци, Зүүн Азийн бүсийн захирал Нэйл Саккэр:

Өнгөрсөн жил Монгол Улсын худалдаа экспортын хэмжээ сул байсан. Түүхий эд унаж, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан гэж тухайн үед дүгнэж байсан. Харин Засгийн газрын зүгээс дотоодын зээл болон бусад санхүүгийн хэрэгслийг ашиглаж байгаагийг хүчээр худалдааны тэнцэл алдагдалгүй гарсан нь сайн хэрэг. Цаашид хадгаламжийн бодлогыг дэмжих нь зөв гэж харж байна. Өмнө нь монголд хадгаламж, хуримтлал гэдэг зүйл байдаггүй байсан. Харин өнгөрсөн жилүүдэд хадгаламжийг дэмжснээр хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгаа тогтвортой байлгаж байгаа харагдсан. Бодлого зөв байвал эдийн засгийн нөхцөл байдал сайжирна.


Байгалийн баялгийн засаглалын институци, Ерөнхийлөгч Даниел Кауфман:

Монгол Улсад хүчирхийлэл, терроризм байдаггүй нь сайн зүйл. Авлигын хяналтад ахицтай зүйл гарсан байна. Монгол Улс цаашид засаглалыг улам сайжруулбал уул уурхайн салбар, байгалийн баялгаасаа их ашиг хүртэх боломжтой. Хэрвээ засаглалаа сайжруулж чадахгүй бол баялагийн хараал хүртэх  гашуун туршлага, сургамж дэлхийд байна. Уул уурхайн баялаг ихтэй орнуудын зовлон мөнгөтэй үедээ их зарцуулдаг, мөнгөгүй болохоор байдал хүндэрдэг тал бий. "Хөгжлийн банк"-наас гаргасан мэдээллээр Монгол Улс их хэмжээний зардал гаргаснаас макро эдийн засгийн хүндрэл учирсан байна. Орлогогүй үед зардал өндөр байгаа учраас өр тавихаас өөр аргагүй. Эдийн засгийн засаглалд шүүмжлэлтэй зүйл байна. Хэтэрхий их өөдрөг үзэлтэй байснаас болж асуудал үүсдэг. Уул уурхайн салбарын үнийн хэтийн төлөвийг сайн хянаж байхгүй бол дэлхийн даяар үүнээс болж алдаа том сургамж авсаар байна. Ирээдүйд эдийн засгийг солонгоруулж, олон тулгуурт болговол Монгол Улсад маш их ирээдүй байна.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна