Мобиком Корпораци 2015 оны “Оны Шилдэг Компани”-аар шалгарлаа

2016 оны 4 сарын 1

Монгол Улсын үүрэн холбооны анхдагч бөгөөд тэргүүлэгч оператор Мобиком Корпораци нь Bloomberg TV Mongolia-гаас 4 дэх жилдээ зохион байгуулж буй “Bloomberg Awards 2016” шалгаруулалтаас “Оны Шилдэг Компани-аар тодорсныг дуулгахад таатай байна.

Мобиком Корпорацийн 20 жилийн ойн босгон дээр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж  байгаадаа тус корпорацийн нийт ажилтан, албан хаагчид туйлын бахархалтай байгаа юм. Сүүлийн хорин жилийн хугацаанд Мобиком Корпораци харилцаа холбооны салбарт хувьсал хийж, эдийн засгийн өсөлтийг дэмжиж, олон мянган ажлын байрыг шинээр бий болгон, дэд бүтцийг хөгжүүлж, салбарын боловсон хүчний мэдлэг туршлагыг арвижуулсаар иржээ.

Мобиком Корпораци ирэх 20 жилд Монгол Улсын хөгжилд тасралтгүй хувь нэмрээ оруулж, шинэ технологийг түүчээлэн нэвтрүүлэн, хэрэглэгчдийнхээ ажил амьдралыг улам амар хялбар, баялаг болгож, улс орны өнцөг булан бүрт буй байгууллага, айл өрх, ард иргэдэд дэлхийн түвшний харилцаа холбооны үйлчилгээг тасралтгүй хүргэсээр байх болно. 

Мобиком Корпораци компанийн нийгмийн хариуцлагын манлайлагч байсаар ирсэн бөгөөд цаашид ч үүнийгээ үргэлжлүүлэх болно. Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд компанийн сайн засаглалыг тогтоож, ажиллах, амьдрах таатай орчныг бүрдүүлэхээс авахуулаад Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу хойч үеэ дэмжин ажиллаж байна. Мобиком Корпораци орон нутгийн 15 мянга гаруй хүүхдийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл байдлыг сайжруулах үйлсэд томоохон хувь нэмэр оруулж, цэвэр орчинд, ариутгасан ундны ус ашиглах боломжийг бий болгосон юм. Бидний санаачлан хэрэгжүүлсэн “Хүүхдийн тусламжийн утас 108” төслийн хүрээнд эрсдэл учирсан 4000 хүүхдүүдэд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлээд зогсохгүй 300 мянга гаруй хүүхдэд зөвлөгөө зөвлөмж, дэмжлэг үзүүлснийг дуулгахад нэн таатай байна. Алслагдсан сумдын сурагчдыг интернэтэд холбох зорилгоор компьютер хандивласан нь олон зуун хүүхдэд сурч боловсрох таатай боломжийг олгосон билээ. 2015 онд Мобиком Корпораци Facebook-тэй хамтран интернэтийг илүү олон хэрэглэгчдэд үнэ төлбөргүй түгээх зорилгоор Free Basics хэмээх цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн юм. Мөн бид Монголын хамгийн том лояалти хөтөлбөр болох Candy-р дамжуулан 1.3 сая хэрэглэгчдэдээ хөнгөлөлт, урамшуулал хүртээсэн байна.

Технологийн хөрөнгө оруулалтын хүрээнд 2016 онд олон зуун бааз станц нэмж суурилуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ нь салбарын дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хийж буй бидний тасралтгүй хөрөнгө оруулалтын нэгээхэн жишээ юм.

Мобиком Корпораци 2015 оны 2-р улиралд ICT Expo-г зохион байгуулж, хүрэлцэн ирсэн 30 мянган зочиддоо OTT буюу IPTV-гийн дараагийн үеийн телевизийн үйлчилгээ болон 4G LTE технологийг танилцуулсан. Бид энэ ондоо 4G LTE технологид суурилсан хамгийн өндөр хурдны гар утасны дата үйлчилгээг нэвтрүүлэх бөгөөд энэхүү технологийн ачаар цахимаар холбогдсон дэлхийн ертөнцөд Монголын бизнесийн өрсөлдөх чадвар нэмэгдэх болно гэдэгт бид итгэлтэй байна.

 

МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна