Ж.Мөнхбат: АН-ын зодоонд МАН оролцохгүй

2016 оны 4 сарын 1

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай ярилцлаа.


-УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарласан ч ирц бүрдэхгүйгээс цуцаллаа. МАН-ын бүлгийн гишүүд ирээгүйгээс Цацраг идэвхит аюулгүй байдлыг хангахтай холбоотой конвенцийг хэлэлцэж чадсангүй гэж Ардчилсан намын зүгээс үзэж байна. М.Энхболд даргын Хятадад хийж байгаа айлчлал ээлжит бус чуулганыг зарласан цаг хугацаатай давхацлаа?

-УИХ-ын дарга өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт /гуравдугаар сарын 25-нд/ ажлын өдөр дуусаж байхад ээлжит бус чуулганыг зарласан. Дэгийн хуулиар ээлжит бус чуулганыг долоо хоногийн өмнө зарладаг хуультай ч энэ зарчмыг зөрчсөн. Хоёрт, МАН зохион байгуулалттай ээлжит бус чуулганыг гацаалаа, түгжлээ гэсэн яриаг гаргаж байгаа нь зохимжгүй. Тэр тусмаа УИХ-ын дарга З.Энхболд “Цөмийн хог хаягдлыг Монголд булшлахыг МАН-ын бүлгийн гишүүд дэмжиж байгаа учраас чуулгандаа орж ирэхгүй байна” гэсэн утгатай зүйлийг ярьсан нь хууль тогтоох байгууллагыг удирдаж байгаа хүний амнаас гарахааргүй үгийг чуулганы индэр дээрээс унагалаа. Мөн “МАН-ын дарга надаас чөлөө аваагүй, гадаад явж байна. Одоо яаралтай ирж хуралдаа суу" гэсэн агуулгатай үгийг хэлсэн нь ч хэтэрсэн үйлдэл болж байна. МАН-ын дарга М.Энхболд Хятадын Коммунист намын урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа. Энэ айлчлалын тов З.Энхболд даргыг ээлжит бус чуулган зарлахаас өмнө товлосон байсан. Ажлын хэсэг Хятад руу хөдөлсөн байсан. Энэ хүнийг ээлжит бус чуулган зарлахыг хүлээгээд МАН-ын бүлгийн гишүүд Улаанбаатар хотод хүлээгээд суух болж байна уу. Бүлгийн гишүүдийн хувьд сонгогчиддоо ажлын тайлангаа тавих, орон нутагт ажиллах, хаваржилтын байдалтай танилцах, гадаадад томилолтоор явах гээд тус тусын ажилтай яваа. Өнөөдрийн байдлаар /өчигдөр/ 6-7 гишүүн гадаадад, 10 гаруй гишүүн тойрогтоо, 4-5 гишүүн эмчилгээтэй байна. Ийм байхад ажил хийж яваа хүмүүсийг гүтгэн доромжилж байгаагаа зогсоох ёстой. Хэрвээ энэ байдлаа зогсоохгүй бол УИХ-ын даргад хариуцлага тооцох асуудлыг тавих болно. Далласан газар ил гарч, далайсан газар далд ор гэдэг шиг МАН-ын бүлгийн гишүүд байж чадахгүй.

Гуравт, ээлжит бус чуулганаар улс орны өмнө тулгамдсан зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг л хэлэлцдэг. Ямар үед ээлжит бус чуулган зарлах вэ гэдгийг холбогдох хуульд тодорхой заачихсан байдаг. Гэтэл сүүлийн дөрвөн удаагийн ээлжит бус чуулган юу болов гэвэл авлигачдыг өршөөх, Засгийн газрын гишүүнээ хөөж явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн дээгүүр гишгэж, Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулах, цөмийн хог хаягдалтай холбоотой конвенцийг соёрхон батлах зорилгоор ээлжит бус чуулганыг зарлалаа шүү дээ. Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намынхан юу ярьж байсныг сануулъя. “Хуулийн дээгүүр гишгэсэн хүмүүсийн хурууг тайрах ёстой” гэж ярьж байсан атлаа Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулах гэж ээлжит бус чуулган зарлан хуралдуулсан шүү дээ.

-Цацраг идэвхит хог хаягдалтай холбоотой конвенцийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхийг МАН-ын бүлэг төдийгүй нам нь эсэргүүцэж байжээ гэж ойлгож болох уу?

-Гадаадад болох хуралд таалагдахын тулд, эсвэл улс төрийн ямар нэг далд санаагаар ураны асуудлыг шийддэг юм биш. Энэ бол Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой асуудал. Олон улсын гэрээ конвенцид нэгдэж орохыг бид эсэргүүцээгүй. Гэхдээ хэд, хэдэн анхаарах асуудал бий.  Жишээлбэл, ураны хог хаягдлыг оруулахгүй гэсэн атлаа тухайн орон цөмийн бүтээгдэхүүн гаргаж эхэлбэл үүссэн оронд нь хог хаягдлыг нь булшилна гэсэн заалт тэрхүү конвенцид бий. Энэ яг юу гэсэн үг вэ. Ядуу буурай оронд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн агуулгатай заалт явж байна. Үүнийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хөнгөн хуумгай шийдэх шаардлагагүй. Тэртэй, тэргүй хэдхэн хоногийн дараа хаврын чуулган эхэлнэ. Дөрөвдүгээр сарын 5-нийг яагаад хүлээж болдоггүй юм бэ?. Яахаараа хуудуутай, хулгай хийх гэсэн хууль зөрчих гэсэн юм бүхнээ хүч түрж ээлжит бус чуулган зарлаж, шийдэх гэж оролддог юм. Ирц бүрдэхгүй байгаа бол МАН-ын асуудал биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

-Яагаад ирц бүрдүүлэх үүргийг МАН-ын бүлэг хүлээх ёсгүй гэж?

-Ээлжит бус чуулганаар энэ асуудлыг яаран хэлэлцэх шаардлаггүй гэдгийг Ардчилсан намын бүлгийн гишүүдээс Ц.Оюунгэрэл нар, мөн Шударга ёс эвслийн бүлгээс нэр бүхий гишүүд илэрхийлсэн. Ийм байтал ирц бүрдээгүйн шалтгааныг яагаад зөвхөн МАН руу бухдаг юм.

-Хаврын чуулганаар энэхүү конвенцийг хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байгаа хэрэг үү?

-Тийм.

-Өртэй холбоотой асуудал хурц сэдэв боллоо. МАН-ынхан Засгийн эрх барихдаа Ардчилсан намынхнаас их өр тавьсан гэх мэдээллийг эрх баригч хүчнээс хийсэн. Үүнд ямар тайлбар хийх вэ?

-Ардын нам их өр тавьсан, Ардчилсан нам бага өр тавьсан гэдэг улс төрийн шоугаа зогсоох ёстой. Ард түмэн алаг цагааныг ялгаж байгаа. Ардчилсан нам энэ дөрвөн жилд Монгол хүнээ хүн шиг амьдруулж, улс орныг хөгжүүлж чадаагүй гэдгийг ард түмэн тэртэй, тэргүй дүгнэчихсэн.

2012-2016 оны хооронд Ардчилсан нам Засгийн эрхийг барихдаа ямар хэмжээний бонд босгож, зээл авсныг хэлье. Чингис бондын-1.5 сая ам.доллар,
Хөгжлийн банкны 850 сая ам.доллар, Самурай бондын 291 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн зээл 162 сая ам.доллар, Кредит свисс банкны зээл 115 сая ам.доллар, ХБНГУ-ын Коммерц банкны 13.9, 13.1 сая евро, Дим сам бонд-нэг тэрбум юань буюу 175 сая ам.доллар,
БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп 15 тэрбум юань буюу 2.3 тэрбум доллар, 2016 он гарангуут авсан Кредит свисс банкны 250 сая ам.доллар. Хамгийн сүүлд Засгийн газар 500 сая ам.долларын бонд гаргасан нь энэ долоо хоногт албан ёсоор баталгаажлаа. Дээр нь Засгийн газрын олон улсын байгууллага, түншлэгч байгууллагуудаас 2012 онд 187 сая, 2013 онд 214 сая, 2014 онд 202.9 сая, 2015 онд 293.6 сая ам.долларын зээл авсан. Энэ бүхнийг нийлүүлэх юм бол 6 тэрбум 71 сая 900 мянган ам. долларыг зээл бонд нэрээр өр тавьсан. Гэтэл өр юу болов гэдэгт Монголын төр дөрвөн өөр тоо хэлээд сууж байгаа.

Арваад хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын Засгийн газрын гадаад өр 4.4 тэрбум ам.доллар” гэсэн. Эдийн засгийн чуулганд оролцохдоо өчигдөр/уржигдар/ Засгийн газрын гадаад өр 4.9 тэрбум ам.доллар гэсэн. Долоо хоногийн өмнө Сангийн сайд Б.Болор хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ “Монгол Улсын Засгийн газрын гадаад өр 7 тэрбум ам.доллар гэсэн. Гэтэл Эдийн засгийн чуулганд оролцсон Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын дарга Гантулга гэдэг хүн “Засгийн газрын гадаад өр 3.6 тэрбум ам.доллар” гэсэн. Энэ олон тооны алинд нь итгэх вэ?. Монгол Улсын Засгийн газар, Монголын төр гадаадад хэдэн тэрбум долларын өртэйгээ мэдэхгүй байна шүү дээ. Сангийн сайд нь нэг тоо хэлдэг, Сангийн яамны газрын дарга нь нэг тоо хэлдэг, Ерөнхий сайд нь хоёр тоо хэлдэг. Ийм байж таарахгүй.

-Одоо тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Эдийн засгийн хөгжлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийм үг хэлсэн. Авлигын индекс өссөн бол Хууль зүйн сайдтай хариуцлага тооцох ёстой, өрсөлдөх чадварын индекс буурсан бол Сангийн сайдтай хариуцлага тооцдог болох ёстой. Зээлжих зэрэглэлийн индекс буурсан бол Ерөнхий сайдтай хариуцлага тооцдог зарчмыг цаашдаа бид баримтлах ёстой гэж...  Ерөнхийлөгчийн хэлсэн энэ зарчмаар Монгол Улсын Ерөнхий сайдтай хариуцлага тооцох цаг нь болсон. Яагаад гэвэл Монгол Улсын зээлжих зэрэглэлийн индекс зогсолтгүй уруудсаар –В-рүү орсон.   Дээр нь Монголын төр, Монгол Улсын Засгийн газар гадаадад хэдэн тэрбум долларын өртэйгээ мэдэхгүй байна шүү дээ.

-Чингис бонд, Самурай бондын зарцуулалтыг харах юм бол үйлдвэр шинээр барих, хүчин чадлыг нь өсгөх гээд үр ашигтай зүйлд зарцуулсан байдаг. Харин МАН Засгийн эрх барьсан он жилүүдэд Хүний хөгжил сангаар дамжиж иргэдэд тараагдсан 21 мянган төгрөг юу ч болоогүй. Ялгаатай юм биш үү?

-Ардын намыг иргэдэд 21 мянган төгрөг тараах нэрээр жилд 600 тэрбумыг цацлаа гэж шүүмжилдэг байсан ч тэр нь хүн бүрт хүрсэн. Нийслэлийн захын гэр хороололд ТҮЦ ажиллуулж байгаа иргэн, махны лангуу ажиллуулж байгаа худалдаачинд, малчинд гээд хүн бүрт хүрсэн. Тэр нь ямар нэг хэмжээгээр дэмжлэг болж очсон. Харин Ардчилсан нам 2012 онд Засаг авангуутаа 3.4 тэрбумын “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр зарлаж, нэр бүхий тоотой хэдхэн компанид олгосон. Зээлийн эргэн төлөлт нь өнөөдөр ямар байгаа вэ. Маш муу байгаа. Чингис бонд, Самурай бондыг Хөгжлийн банкаар дамжуулж олгосон. Хөгжлийн банкинд шалгалт хийхэд нэг хүн дахин, дахин төсөл бичсээр 32 тэрбумыг авсан байгаа. Гэтэл барьсан юмных нь өртөг 3 тэрбум.  

Монголын эдийн засагт төсвөөс гадуур 7 тэрбум ам.доллар орж ирчихээд байхад яагаад ард түмний амьдрал дээшлэхгүй байгаа юм бэ, яагаад аж ахуйн нэгжүүд хаалгаа бариад байгаа юм бэ. Долларын ханшийг яаж барьсан юм, 2500 даваад явж байгаа биз дээ. Төгрөг 50 хувиар уначихлаа. Нэг үхрээ зараад хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийчихдэг байсан малчин таван үхэр зараад ч төлж чадахгүй болчихоод байна. Амьдрал сайжирсан байна уу.

Монголын эдийн засгийг хямралаас хэрхэн яаж гаргах вэ гэж эдийн засгийн чуулган хийж байхад Ерөнхий сайд нь үндэсний компаниа ялгаварлан гадуурхсан болчимгүй мэдэгдэл хийсэн. Ерөнхий сайд болохдоо юу гэж амлаж байсан билээ. "Татвар төлж, ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгж компаниуд тухайн эзнийх нь биш юм, Монголынх юм. Тиймээс татвар төлөгч, үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. Ямар ч эрсдэлийг даваад эдний төлөө явна" гэж хэлж байсан. Ингэж ярьж байсан хүн үндэсний компаниудаа ялгаварлан гадуурхаж эхэллээ. Улстөрчид нь намаараа талцдаг юм байгаа биз, энэ компаниуд ямар гэм буруутай юм.

МАК, MCS, “Петровис” бол сүүлийн 10 жилд улсад хамгийн их татвар төлсөн, топ ажил олгогчид. Яагаад Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, О.Содбилэг нарын компанийг энд нэр цохов гэдэг нь ч учиртай. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Хөгжлийн банкны “но”-г ч дэлгэсэн. Удахгүй УИХ-д дэлгэж тавина. Үүнийг нь гаргаж тавих гэсний төлөө дайрч байна. Н.Номтойбаяр гишүүн УИХ-ын ээлжит бус чуулган дээр УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хууль зөрчсөн гэдэг баталгааг Цэцэд гаргаж өгсөн. УИХ-ын гишүүн О.Содбилэг Оюутолгойн Дубайд хийсэн гэрээ Монгол Улсын эрх ашигт хор уршигтай гэдгийг мэдэгдсэн. Тиймээс тэдэн рүү аж ахуйн нэгжээр дамжуулан дайрлаа. Ийм учраас МАН-ын зүгээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг аж ахуйн нэгжүүдээс уучлал гуйхыг шаардаж байна. Долоо хоногийн хугацаа өгч байна.

Ер нь хувийн хэвшлүүдийг мөнгөтэй, улс төртэй, Засгийн газрын бодлоготой хутгадаг асуудлыг Ардчилсан нам энэ дөрвөн жилд гарамгай сайхан зохион байгууллаа. Энэ хэрээрээ эрүүл эдийн засгийн шударга өрсөлдөөнийг боомилж ирсэн шүү.

-Эдийн засгийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцохдоо том төслүүд, тэр дундаа Тавантолгой төслийг явуулах ёстой байсан, маш их хугацааг алдлаа гэдгийг мэдэгдлээ. МАН ямар байр суурьтай байна вэ?

-МАН том  төслийг явуулах ёстой гэсэн байр суурийг эхнээсээ барьж ирсэн, одоо ч барьж байгаа. Оюутолгой төслийг эхлүүлсэн эргэлтэд оруулсан нь МАН. Ардчилсан нам Засгийн эрхийг барьснаас хойш Оюутолгой юу болсон билээ,  Тавантолгой Ардчилсан намын Фракциудын зодооноос болоод юу болоод ямар төвшинд очсоныг Монголын ард түмэн мэдэж байгаа.

-УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Х.Баттулга нарын санаачилсан Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг дэмжиж байгаа юу?

-Бид Ардчилсан намын фракциудын зодооны аль нэг талд орохгүй. Монгол Улсын хуулийн дагуу УИХ-ын хараа хяналтын дор ард түмэнд үр өгөөжөө өгсөн байдлаар Тавантолгой цаашаа явах ёстой гэсэн зарчмын байр суурин дээр л байгаа.

-Тавантолгойд УИХ-ын гишүүн Сү.Батболд, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар нар хувь эзэмшдэг юм биш үү. Тусгаар тогтнолын талбайд болсон цуглаанд УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцохдоо тэдний нэрийг зарласан?

-Тавантолгойд манай намын нэр бүхий хүмүүс хэдэн төгрөгийн хувьцаа эзэмшдэг эсэхийг мэдэхгүй. Миний мэдэх юм бол Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж саяхан Их тэнгэрт жиргээчидтэй уулзахдаа “Х.Баттулга Тавантолгойг надад өгчих өө, би авъя” гэж над дээр орж ирсэн. Тэгэхэд нь би “Чи гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг даагаад явбал аваа л гэж хэлсэн” гэсэн. Ийм л юм би мэдэж байна.

-МАН, МАХН-тай нэгдэх асуудал ямар шатанд явна вэ?

-Хоёр талаас ажлын хэсэг байгуулагдсан, ажиллаж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна