Элэгний эмийг өнөөдрөөс хөнгөлөлттэй үнээр түгээнэ

2016 оны 4 сарын 1

Элэгний В, С болон хавсарсан өвчний эсрэг таван эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр өнөөдрөөс олгоно. Тухайлбал, үүнд В вирусийн эсрэг "Тенофовир”, “Телбивудин”, мөн бусад вирусийн эсрэг “Ламивудин”, “Рибавирин”, “Интерферон” гэсэн эмүүдийг эрүүл мэндийн даатгалын сангаас үнийг нь хөнгөлж байгаа юм. Тухайлбал, "Тенофовир” эмийг 220 орчим мянган төгрөгөөр худалдаалдаг. Тэгвэл эрүүл мэндийн даатгалд хамруулснаар иргэд 1200 төгрөгөөр авах боломжтой болно.

Иргэдийн хувьд эмээ хөнгөлөлттэй авахын тулд эхний ээлжид холбогдох шинжилгээнүүдээ өгнө. Улмаар эм уух, эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн эмчийн бичиг авч, харьяа өрхийн эмнэлэгтээ хандана. Ингээд өрхийн эмнэлгээс эмийн хөнгөлөлтийн бичгээ авч эмийн санд очих юм.

Иргэдийн хувьд элэгний эм гэхээр С вирусийн эсрэг “Харвони” эмтэй андуурах тохиолдол гарчээ. Энэ удаад “Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр олгохгүй. Одоогоор “Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр олгох асуудлыг гурван яамны түвшинд ажлын хэсэг гарган хэлэлцэж байгаа юм.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна