Туркийн цагдаа нар амь үрэгджээ

2016 оны 4 сарын 1

 

Туркийн Диярбакыр хотноо өчигдөр /2016.03.31/ автомашинд тэсрэх бөмбөг дэлбэрсэн халдлагын улмаас долоон цагдаа амь үрэгдэж, 27 хүн гэмтэж бэртжээ. Цагдаагийн алба хаагчдыг зөөвөрлөж явсан жижиг автобус булан тойрох үед автомашинд тэсрэх бөмбөг дэлбэрсэн аж. Халдлага Туркийн ерөнхий сайд Диярбакыр хотноо айлчлахын өмнөх өдөр гарсан байна.

 

Курдууд оршин суудаг Диярбакыр хотноо өнгөрсөн саруудад бослого үймээн гарснаас хөл хорио тогтоогоод байсан юм. Туркийн засгийн газар болон Курдын Ажилчны намын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээ өнгөрсөн оны долдугаар сард зөрчигдсөнөөс хойш  зүүн өмнөд хэсгийн нутагт бослого үймээн гарах болжээ. Улмаар Туркийн засгийн газрын цэргүүд тусгай ажиллагаа явуулснаар олон курдын дайчдыг устгасан аж. Зөрчил мөргөлдөөний улмаас Туркийн аюулгүй байдлын 350 гаруй алба хаагч амь үрэгджээ.

 

Өмнө нь өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд армийн автобусны хажууд тэсрэх бөмбөг дэлбэрснээс 29 хүн амь үрэгдсэний олонх нь цэргүүд байсан юм. Уг халдлагыг курдын зэвсэгт дайчид үйлдсэн болохоо хүлээсэн аж. Туркт курдын зэвсэгт дайчдын халдлага гарах нь нэмэгдсэн энэ үед ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган АНУ-ын Вашингтонд айлчилж, цөмийн аюулгүй байдлын уулзалтад оролцож яваа юм.  

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна