Улс төр дэх оймсны хэрэг

2016 оны 4 сарын 1

Өдөр болгон онц сонирхолтой үйл явдалтай хаврын өдрүүд болж байна. Өчигдөр оройноос “оймс”-ны хэрэг мандаад байна. Хоёр өдөр Төрийн ордонд болсон Эдийн засгийн форумын хаалтын үгийг хэлэх үүрэг УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдод оногдсон. Харин спикерийг үг хэлж байхад заалны нүүрний эгнээнд сууж байсан Ардчилсан намын гишүүн Л.Наранбаатар “Эдийн засгийн алуурчин” хэмээн орилж, З.Энхболд руу оймс шиджээ. “Оймс”-ны хэргээрээ Л.Наранбаатар өнөөдөр хуулийнханд байцаалт өгөх юм байна.

Зарим эх сурвалжийн мэдээгээр Л.Наранбаатар халамцуу байсан аж. Улам чангарсаар байгаа төрийн ордны хамгаалалтын хаагуур нь энэ хүн өнгөрсөн нь сонин байна. Хориод жилийн өмнө Төрийн ордны гуанзанд нь архи зарж, согтуу гишүүд өрөөнөөс өрөө хооронд гуйвалзаж, сэтгүүлч охидууд мини банзалтай гүйлддэг байсантай харьцуулахад Төрийн ордон одоо чангарсан. Жинсэн өмд, пүүз, хуруу ил гарсан гуталтай хүнийг нэвтрүүлэхээ больсон. Ажлын онцлогоос шалтгаалж, жинсэн өмд, пүүзтэй гаднын сэтгүүлчид Төрийн ордны хамгаалалтыг нэвтэрч чадалгүй гайхашран хоцорч байсан тохиолдол цөөнгүй. Төрийн ордны чанд журам сэтгүүлчдэд илүүтэй хатуу үйлчилдэг гээд хэлчихэд буруудахгүй. Төрийн ордон руу нэвтрэх сурвалжлах эрхийн үнэмлэхийг нь барьцаа болгон, мэргэжлийн ажилд нь нөлөөлөхийг оролддог тохиолдол бий.

Харин өчигдөр болсон “оймс”-ны хэрэг төрийн ордны хамгаалалт үнэхээр чанд уу гэсэн асуултын хариуг нэхэж байна. Төрийн ордон өмнө нь гадуураа хашаагүй байсныг одоо санах хүн цөөн байгаа байх. Хашаа ч, хамгаалалт ч эрх баригчдад аюулгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байж магадгүй юм. Харамсалтай нь энэ бол зөвхөн өөрсдийгөө хуурсан хэрэг. Хэчнээн хашаа байгаад ч, хамгаалалт тавиад ч ард иргэдээ амгалан байлгаж, сэтгэл амар байлгаж чадахгүй бол оймс битгий хэл сум хүртэл харваж байсныг эрх баригчид мартаагүй байлтай.

Энэ дашрамд дурдахад өчигдрийн явдал Монголын улс төрд оймстой холбоотой гарч байгаа хоёр дахь хэрэг юм. Өмнө нь 2011 онд Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан н.Энхбаярыг баривчлах үед түүнийг гэрээс нь дамжлан гарч ирсэн бөгөөд энэ үед оймстой хоёр хөл нь гозолгож байсан юм.

А.ШАРХҮҮ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна