Тариаланчдад 25 тэрбум төгрөгийн зээл олгоно

2016 оны 4 сарын 1

Үр тариагаа суулгаж, тариалалтаа эхлэх цаг нь болоод байхад буудайныхаа үр, бордоог авах мөнгөгүй байна. Иймээс Засгийн газар яаралтай тариаланчдад санхүүгийн дэмжлэг үзүүл гэсэн шаардлагыг Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалангийн холбооноос тавьсан.

Тэгвэл Хүнс, Хөдөө аж ахуйн яам өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Хөгжлийн банкны эх үүсвэрээр 100 тэрбум төгрөгийн зээлийг хоёр жилийн хугацаатайгаар олгох байсан ч одоогоор 25 тэрбум төгрөгийн хөрөнгө л босгоод байгаагаа мэдэгдэв. Энэ мөнгийг  тариалалтаа эхлэхэд санхүүгийн дэмжлэг  шаардлагатай байгаа  тариаланчдад талбайн хэмжээг нь харгалзаж хуваан олгохоор болсон байна. Зээлийн хүү нь 12.5 хувь байх юм байна.  Гэхдээ зээл авсан тариаланчдыг эхний найман сар үндсэн төлбөрөөс нь чөлөөлөх аж.

Хөгжлийн банкны энэхүү зээлийг авах хүсэлтэй аж ахуйн нэгж иргэд эхлээд Хүнс, хөдөө аж ахуйн яамд шаардагдах бичиг баримтын хамтаар зээл авах өргөдлөө өгнө. Дараа нь салбар яамнаас нь Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкуудад иргэдийн хүсэлтийг дамжуулж, зээлийг шийдвэрлэх юм. Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас тариан талбайн хэмжээгээс нь хамаарч нэг га-д 350 мянган төгрөг хүртэлх мөнгийг зээлнэ гэж тооцжээ.

Д.УЛАМБАЯР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна