Эдийн засаг маань ингэж унажээ

2016 оны 4 сарын 1

Дэлхийн эдийн засаг байгууллага (World Economics) нь сар болгон дэлхийн улс орнуудын болон бүсчилсэн эдийн засаг болоод бизнесийн орчинг үнэлэн, дүгнэлт гаргадаг, ямарваа нэгэн улсын Засгийн газраас огт хамааралгүй байгууллага юм. Тус байгууллагын тооцоолон гаргасан Монгол Улсын 2016 орны гуравдугаар сарын “Борлуулалтын менежерийн индекс” (Sales Managers’ Index) үзүүлэлтийг орчуулан хүргэж байна. Дараагийн удаад дөоөвдүгээр сарын Монголын бизнесийн орчин дахь урьдчилсан дүгнэлтийг хүргэх болно.


ГУРАВДУГААР САР: Бизнесийн орчны үзүүлэлт доройтжээ

Борлуулалтын менежерийн индекс (БМИ) Монгол Улсын сар болгоны эдийн засгийн үйл ажиллагааны талаарх хамгийн сүүлийн үеийн үнэлгээг гаргажээ. БМИ нь Бизнесийн итгэлтэй байдлын индекс (Business Confidence Index), Зах зээлийн өсөлтийн индекс (MGI), бүтээгдэхүүний борлуулалтын индекс (Product Sales Index), Нэрлэсэн үнийн индекс (Prices Charged Index) болон Ажиллагсдын түвшний индекс (Staffing Levels Index) гэсэн таван суурь үзүүлэлтийн дундаж утгууд дээр үндэслэн гаргадаг индекс юм.

Энэ сарын онцлох үзүүлэлтүүд:

  • Ажил олголт, ажиллагсдын түвшин хурдацтайгаар унасан хэвээр байна.

  • БМИ болон Зах зээлийн өсөлтийн индекс аажим хурц уналт үзүүлэв.

  • Дефляцийн дарамт буурч буй боловч бодьтой оршсоор байна.


Борлуулалтын менежерийн индекс (Sales Managers’ Index)

2016 оны хоёрдугаар сард 31.8 хуввтай байсан БМИ  гуравдугаар сард 1,6 хувиар өссөн буюу 33,4 хувьтай гарчээ. Энэ бол улс орон даяар хэдэн сарын турш унасаар байсан  бизнесийн орчны  үзүүлэлтүүд багахан хэмжээгээр ч болов наашилсныг илтгэж байна.

Нөгөө талаас нь авч үзвэл, энэ оны эхний улирлын БМИ үзүүлэлтийн дундаж нь 32,4 хувьтай  гарчээ. Энэ нь сүүлийн гурван жилийн эхний улирлуудтай харьцуулахад хамгийн доод үзүүлэлт юм. БМИ нь 50 хувиас дээш үзүүлэлтийг үзүүлэх буюу графикийн эерэг утгын талбайд байрлаж байвал эдийн засгийн өсөлтийг,  доош чиглэсэн  байвал (графикийн сөрөг талбарт байрлавал) бууралтыг илтгэдэг. Тэгвэл Монгол Улсын хувьд энэхүү үзүүлэлт сүүлийн 25 сарын туршид сөрөг талбарт байсаар иржээ.


Одоо суурь индексүүд есдүгээр сард ямар өөрчлөлт үзүүлснийг хүргэе.

Бизнесийн итгэлтэй байдлын индекс (Business Confident Index)

Энэ оны нэгдүгээр сард 31 хувьтай тэнцэж байсан Бизнесийн итгэлтэй байдлын индекс гуравдугаар сард буюу хоёр сарын дараа  багахан хэмжээгээр өсч, 37  хувь дээр тэмлэглэгджээ. Юутай ч, энэхүү үзүүлэлт графикийн сөрөг талбайд гуч дахь сардаа байрлаж буй билээ. Судалгаанд оролцогчид энэхүү бууралтыг түүхий эдийн үнэ бууралт, зах зээлийн эрэлт суларсантай холбон тайлбарлажээ. Энэ индекс нь Борлуулалтын менежерийн индекстэй адил 50 хувиас дээш утга үзүүлсэн бол өсөлттэй, үгүй бол бууралттай хэмээн дүгнэдэг.

1. Зах зээлийн өсөлтийн индекс (Market Growth Index)

Зах зээлийн өсөлтийн индекс өнгөрсөн гуравдугаар сард 2015 оны 12-дугаар сараас хойшхи хамгийн доод хэмжээнд хүрчээ. Өнгөрсөн сартай харьцуулахад багахан  хэмжээний өсөлт үзүүлсэн ч бодит зах зээл дээр төдийлэн өөрчлөлт авчрахгүй хэмжээний гэж эдийн засагчид үзжээ.   

2. Бүтээгдэхүүн борлуулалтын индекс (Product Sales Index)

Энэ индекс нь 2015 оны есдүгээр сараас хойшхи хамгийн огцом уналтыг гуравдугаар сард харуулжээ. Зах зээлийн өсөлтийн индексийн бүтээгдэхүүн борлуулалт тун бага хувиар ихэссэн байна.

3. Нэрлэсэн үнийн индекс (Prices Charged Index)

Гуравдугаар сарын хувьд Нэрлэсэн үнийн индекс бараг өөрчлөлтгүй, бага хэмжээний уналттай  байна. Өнгөрсөн хугацаанд түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнэ буурсаар байснаас гадна зах зээлийн эрэлт муу байгаа нь бараа бүтээгдэхүүний үнэ энэхүү хэмжээд очиход  нөлөөлсөн хэмээн хэлэлцүүлэгт оролцогчид дурджээ.

4. Ажиллагсдын түвшний индекс (Staffing Level Index)

Энэ оны эхний улирлын хамгийн доод үзүүлэлтээс гадна энэхүү судалгааг хийж эхэлсэн 2013 оны гуравдугаар сараас хойшхи Ажиллагсдын түвшний индексийн хамгийн огцом уналтыг 2016 оны гуравдугаар сард харж болохоор байжээ. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн зардлаа танах гэсэн оролдлоготой шууд хамааралтайг судалгаанд оролцсон компаниуд онцолжээ.


Дэлхийн Эдийн засгийн байгууллагын Гүйцэтгэх захирал Эд Жонс дараах дүгнэлтийг гаргажээ. Үүнд:

-“Монгол Улсын 2016 оны гуравдугаар сарын Борлуулалтын менежерүүдийн индексийн үзүүлэлтүүдийг харахад, улс орон даяар бизнесийн орчин хурдацтайгаар муудаж буй нь харагдаж байна. Хэдийгээр гуравдагаар сард зарим нэг индексүүд /Бизнесийн итгэлтэй байдлын индекс, Зах зээлийн өсөлтийн индекс болон Бүтээгдэхүүн борлуулалтын индекс/ өссөн дүн гарсан боловч  борлуулалтын менежерүүдийн хувьд ирэх саруудад бизнесийн орчин тааламжгүй хэвээр, эдийн засгийн өсөлт удаан байхыг сэрэмжлүүлж байна" гэжээ.

Судалгаанд оролцогчдоос авсан санал асуулгын хариуг дээрхи графикт дүрсэлжээ. Ороцогчдоос БМИ-ийн суурь таван үзүүлэлтүүд гуравдугаар сард өссөн, өөрчлөгдөөгүй болоод буурсан зэрэг гурван сонголтоос  нэгийг сонгох байдлаар үзүүлэлтийг дүгнэжээ.

Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна