“Bloomberg Awards 2015”-ийн шилдгүүд тодорлоо

2016 оны 4 сарын 1

“Bloomberg Awards-2015”-ийн шилдгүүдийг шалгаруулж, шагнал гардуулах ёслол өчигдөр /2016.03.31/ болсон юм.


“Шилдэг эдийн засагч”: Р.Амаржаргал

“Bloomberg Awards”-ийн “Шилдэг эдийн засагч”-аар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал тодорлоо. УИХ-ын гишүүн,  эдийн засагч Р.Амаржаргал 2015 оны сүүлээр Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай цоо шинэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан бөгөөд түүний ахалсан ажлын хэсэг Засгийн газраас өргөн барьсан төслийг боловсруулах явцад өөрчлөлт оруулах 100 гаруй санал гаргасан байна. Энэ нь үндсэндээ өргөн барьсан төслийг шинэчилсэнтэй ижил байсан учраас дараагийн хэлэлцүүлэгт ийм олон санал оруулахаас зайлсхийж, төслөө татаж авахыг Засгийн газарт санал болгож байв. Тиймээс Засгийн газар төслөө татаж, ажлын хэсгийн саналуудыг тусгасан шинэ төсөл өргөн барьснаар хууль батлагджээ. Энэхүү номинацид УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Эдийн засагч Ч.Хүрэлбаатар, СЭЗДС-ийн багш Ж.Дэлгэрсайхан нар нэр дэвшсэн юм.

“Шилдэг хэлцэл”-Оюу Толгойн 4.4 тэрбум ам.долларын хэлцэл

Хоёр жил гаруй хугацаанд гацсан “Оюу Толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт урагшлахаар болсон. Улмаар оны сүүлээр “Оюу Толгой” 20 орчим олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн гэрээ байгуулж чадсан юм. Өнөөгийн байдлаар энэхүү хэлцэл зөвхөн Монголд гэлтгүй дэлхийн уул уурхайн салбарт хийгдсэн хамгийн том хэлцэлүүдийн нэгд тооцогдож байна.

“Шилдэг бүтээн байгуулалт”: Монполимет группын “Монцемент” үйлдвэр

Барилгын үнэд чухал нөлөөтэй цементийн үйлдвэр өнгөрсөн онд ашиглалтад орсон нь Дорноговь аймгийн Өргөн сум дахь “Монполимет” группын “Монцемент” төсөл юм. Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Монцемент” төслийн хүрээнд 463.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна. Харин төслийн нийт хөрөнгө оруулалт хагас их наяд төгрөгөөр хэмжигдэхээр байгаа юм. Өнгөрсөн оны наймдугаар сард “Монцемент” үйлдвэр нээлтээ хийснээр цементийн хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангах боломжтой болжээ. “Bloomberg Awards”-ийн “Шилдэг Бүтээн байгуулалт”-ын номинацид өнгөрсөн онд ашиглалтад орсон дотоодын бетоны зах зээлийн гуравны нэгийг дангаараа хангах хүчин чадалтай "МАК" ХХК-ийн Хийт бетоны үйлдвэр, Дорноговь аймгийн Өргөн сум дахь “Монполимет” группын "Монцемент" төсөл, Амгалан Дулааны станц нэр дэвшлээ.

“Шилдэг төсөл”: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөл

Сэлэнгэ аймгийн Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 23 км төмөр замын төсөл буюу Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн төмөр замыг ашиглалтад өгөөд байгаа бөгөөд энэхүү төмөр зам нь дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан хамгийн том төсөл юм. Шинэ чиглэл нээгдснээр Төмөртэйн уурхайгаас жилд 3 сая тонноос доошгүй төмрийн хүдэр олборлож, үүнийгээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлнэ. Төслийн тооцооллоор хамгийн багадаа 1.5 сая тонн төмрийн хүдрийн хуурай болон нойтон аргын баяжмалыг үйлдвэрлэнэ. "Bloomberg awards"-ийн "Шилдэг төсөл" номинацид Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн төмөр зам, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл болон Дулааны IV Цахилгаан станцын өргөтгөлийн төслийг нэр дэвшүүлсэн юм.

“Шилдэг компани”: Мобиком корпораци

“Мобиком” корпораци 2015 онд 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, харилцаа, холбооны дэд бүтцийг сайжруулах чиглэлд ажиллажээ. Орон даяар 180 бааз станц шинээр суурилуулж, 4G технологийг нэвтрүүлэх бэлтгэл ажлаа хангасан байна. “ICT EXPO 2015”-ийг амжилттай зохион байгуулж, “Facebook” компанитай хамтран “Free Basics” үйлчилгээг нэвтрүүлсэн юм. Мөн олон улсын чанарын удирдлагын менежмент, мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын стандартуудыг дахин баталгаажуулаад байна. “Bloomberg Awards”-ийн “Шилдэг компани” номинацид “Мобиком” корпораци, “Монос” групп болон “Шангри-Ла Улаанбаатар” ХХК нэр дэвшиж байна.

“Шилдэг гүйцэтгэх захирал”: Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр

Багануур” компанийн хувьд 2013 оноос хойш алдагдал хүлээсэн бол өнгөрсөн оны нэгдүгээр хагасаас ашигтай ажиллаж, цэвэр ашиг нь 1.4 тэрбум төгрөг болсон байна. Компанийн борлуулалтын сүлжээг тогтвортой болгосны ачаар мөн орлого нь өсч, IV улирлын байдлаар нийт 102.1 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд борлуулалт, хөрс хуулалт 5-25 хувиар өссөн дүн байна. Үүнээс гадна техник, технологийн шинэчлэл хийж, 2018 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө боловсруулсан нь томоохон ололт болжээ. Мөн уул уурхайн компаниуд дунд компанийн нийгмийн хариуцлагын стратегийг анх удаа боловсруулсан байна. “Bloomberg Awards”-ийн “Шилдэг Гүйцэтгэх захирал” номинацид “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, “Макс” группын Ерөнхийлөгч Д.Ганбаатар нар нэр дэвшиж байна.

“Шилдэг хөрөнгө оруулагч”: Шунхлай групп  ХХК-ийн Ерөнхийлөгч П.Батсайхан

Өмнөх хөрөнгө оруулалтаасаа хүртэх өгөөжөө нэмэгдүүлсэн “Шунхлай групп” ХХК-ийн Ерөнхийлөгч, АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан “Bloomberg Awards”-т нэр дэвшиж байна. “Шунхлай групп” нь шингэн хүнсний бизнес, мэдээлэл харилцаа холбоо, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө, газрын тос, геологи, уул уурхай, ложистикийн чиглэлийн төслүүдэд хөрөнгө оруулаад байгаа. Өнгөрсөн онд тус группийн салбар компани “S Development” -ийн хэрэгжүүлсэн “Jardin” тансаг зэрэглэлийн орон сууцны хорооллын төсөл нь Ази, Номхон далайн бүсийн шилдэг орон сууцны хорооллоор шалгарчээ. Мөн тус группийн харьяа “Skytel” компани брэндингээ шинэчилж, 4G технологийг нэвтрүүлэх бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

“Шилдэг инноваци": Мандал женерал даатгал ХХК-ийн “Жаргалан” олон улсын даатгал

“Мандал даатгал” компани 2015 оны IV улирлаас эхлэн эрүүл мэндийн даатгалын “Жаргалан” бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн байна. Энэ бүтээгдэхүүн нь эрүүл мэндийн даатгалыг хувийн эмнэлэгт бүрэн ашиглах боломжтой болгосноос гадна өндөр үнэтэй эмчилгээний зардлыг ч нөхөн төлбөрт багтааж өгчээ. Хувь хэрэглэгчийн даатгалын эрэлт өндөр байгаа нь эрүүл мэндийн даатгалын эрэлтийг өсгөнө гэж тус компани үзэж байгаа юм байна.

“Шилдэг менежмент": IFC-ийн Монгол дахь зээлийн санхүүжилтийн менежмент

Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк болон Олон Улсын Санхүүгийн Корпораци нь “Оюу Толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг бусад банк санхүүгийн байгууллагуудтай хамтран гаргахаар болсон юм. Тухайлбал Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк 1.2 тэрбум ам.долларын синдикат зээл олгохоор гэрээ байгуулсан нь тус банкны хувьд хамгийн өндөр үнийн дүнтэй синдикат зээл болжээ. Харин Олон Улсын Санхүүгийн Корпораци нь дангаараа 1.2 тэрбум гаруй ам.доллар, Дэлхийн банкны Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлагийн хамтаар тооцвол 2.2 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилт гаргаж байгаа юм. "Bloomberg awards"-ийн "Шилдэг менежмент" номинацид Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк болон Олон Улсын Санхүүгийн Корпораци, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Тоон системийн шилжилт, 2015-2016 оны хувьчлах жагсаалтад багтсан эхний компанийн хувьчлал болох “Монгол Шуудан” компанийн “IPO” нэр дэвшиж байна.

Bloomberg Awards 2015: "Үзэгчдийн нэрэмжит шагнал"-аар Непко Паблишинг

Bloomberg Awards 2015: "Боловсролын салбарын шилдэг"-ээр Орчлон дунд сургууль

Bloomberg Awards 2015: Тусгай шагналын эзнээр "АПУ Трейдинг"-ийн захирал П.Батчимэг нар шалгарсан байна.

Холбоо барих: minjma.g@bloombergtvmongolia.com

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна