Төлийн тоо өнгөрсөн жилийнхээс буурчээ

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

Төлийн тоо өнгөрсөн жилийнхээс буурчээ

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт эх малын 24.3 хувь  буюу 5.5 сая эх мал төллөж 5.4 сая төл хүлээн аваад байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 2.7 сая төлөөр нэмэгдсэн тоо юм. Үүнээс 20.2 мянган ботго, 20.3 мянган унага, 101.3 мянган тугал, 2.7 сая хурга, 2.5 сая ишиг бойжиж,  төл бойжилт 97.8 хувьтай явааг Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Харин малын хорогдлын тухайд  799.7 мянга болж,  өмнөх долоо хоногоос 118.6 мянгаар нэмэгджээ. Үүнээс тэмээ 255, адуу 29.3 мянга, үхэр 79.0 мянга, хонь 286.3 мянга, ямаа 404.8 мянга буюу оны эхний нийт малын 1.4 хувийг эзэлж буй юм.  Хамгийн их мал хорогдсон аймгуудаар  Сүхбаатар (130211),  Увс (122275), Архангай (95517), Баянхонгор (78287), Завхан (77745) нэрлэгдэж байна.

Нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд цастай байгаагаас Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Завхан аймгийн Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Идэр, Отгон, Улиастай, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Яруу, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цэцэн-Уул сум, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Зүүнговь, Хяргас, Түргэн, Малчин, Тэс сумын нутгаар цасны зузаан 20-64 сантиметрт хүрч нийт гурван аймгийн 22 сум “Цагаан зуд”-тай байгаа юм. Увс аймгийн Давст, Улаангом, Сагил сум, Завхан аймгийн Нөмрөг, Сонгино, Цагаанчулуут сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Чандмань-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум цасны зузаан 10-19 сантиметрт хүрч нийт дөрвөн аймгийн 10 сум “Цагаанаар зудархуу” буй юм.  Зудтай буюу зудархуу сумын тоо буурч хаваржилт сайжирч байгаа боловч эдгээр сумдын цасны зузаан, нягтаршил нь шар усны үер болж хувирах аюултай тул малчдыг сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Д.УЛАМБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж