МоАН Санаачилгын Нийслэл дэх анхны салбар СХД боллоо

2016 оны 4 сарын 1

МоАН Санаачилгын үйл ажиллагаа, үзэл баримтлалыг дэмжигчид хөдөө, орон нутагт сайн дураар нэгдэн нийлэх эрмэлзлээ илэрхийлж улмаар Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Дорнод аймгуудад санаачилгын салбар зөвлөлүүд байгуулагдаад байгаа билээ.  Сонгинорхайрхан дүүрэг МоАН санаачилгын салбар нэгжийг дүүрэгтээ байгуулах хүсэлтээ илэрхийлснээр Нийслэл дэх анхны салбар боллоо. 2016 оны 03-р сарын 31-ний өдөр болсон МоАН Санаачилгын Сонгинохайрхан дүүргийн гишүүдийн анхдугаар хуралд 70 орчим гишүүд, дэмжигчид оролцсоны дээр санаачилгыг төлөөлж УИХ-ын гишүүн, МоАН Санаачилгын үүсгэн байгуулагч Ц.Оюунгэрэл, МоАН Санаачилгын Удирдах зөвлөлийн гишүүд болох Д.Нямхүү, Т.Болдбаатар, Н.Гантөмөр, С.Билэгсайхан нар хүрэлцэн ирсэн байлаа. Хурлын эхэнд МоАН Санаачилгын эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэлийн талаар Удирдах зөвлөлийн гишүүд товч танилцуулгыг хийсэн юм. Салбар зөвлөл байгуулах зарчмын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн МоАН Санаачилгын тэргүүнээр Дашнямын Энх-Амгаланг санал нэгтэйгээр сонгож, дэд тэргүүнээр Б.Хосбаярыг томилсон байна. Салбарын батламжийг МоАН Санаачилгын дэд тэргүүн Д.Нямхүү салбарын тэргүүнээр сонгогдсон Д.Энх-Амгаланд гардууллаа.

Санаачилгын Сонгинохайрхан дүүргийн Удирдах зөвлөлийн гишүүдээр Г.Болдбаатар, Ж.Равдандорж, Ч.Бямбажав, Ч.Билэгсайхан, Ш.Бат-Өлзий, О.Түшиг, Ш.Одгэрэл, Б.Хосбаяр, Б.Энхцэцэг нарыг сонголоо. Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Одгэрэл МоАН Санаачилгад нэгдэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Ардчилал бидэнд сурах, хэлэх, хөгжих бололцоог олгосон. Энэ бололцоог санаачилгын ажлын хүрээнд үргэлжлүүлэх болно гэдгээ хэллээ.  Сонгинохайрхан дүүргийн гишүүдийн анхдугаар хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Иргэдийн дунд сүүлийн 20 жилийн турш явуулсан судалгаагаар Ардчиллыг сонгосон сонголтондоо харамсдаггүй гэсэн хариултыг өгсөн байдаг. Тиймээс дахиад 20 жилийн дараа ч энэ үзэл санааг гээгдүүлж, орхигдуулахгүйн төлөө бид МоАН Санаачилга нэрэн дор нэгдэж байгаа юм. Ер нь Ардчиллын үнэт зүйлээ сануулж байдаг эзэнтэй байхгүй бол дүрээ хувиргачих гээд байдаг. Тиймээс МоАН Санаачилгын гол зорилго бол Ардчиллын өөрийнх нь дүр төрхийг өөрсдөд нь сануулахын тулд анх байгуулагдсан юм” гэдгийг онцолж байсан юм.  

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна