“Бэрэн”-гийнхэн мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

“Бэрэн”-гийнхэн мэдээлэл хийлээ

"Бэрэн" ХХК-ны Хуулийн зөвлөх З.Сүх-очир нарын хүмүүс өнөөдөр /2016.04.01/ мэдээлэл хийлээ. Тэд Бэрэн компанийн талаар зарим иргэн буруу ташаа мэдээлэл тарааж байна гэсэн юм.

Тус компанийн хуулийн зөвлөх З.Сүх-Очир хэлэхдээ "Бид аливаа газрыг өмчлөн авахдаа газар өмчлөгч иргэдтэй хуулийн дагуу гэрээ байгуулдаг.  Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Барилгачдын 4-р гудамны 96 тоотын газрыг 2011 онд тус газрын хууль ёсны өмчлөгч болох Ч.Цэцэгмаа, Ц.Одон, Ц.Мария нараас гэрээний дагуу худалдаж авсан. Гэвч Ж.Туул нь тус газрын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч биш мөртлөө олон нийтийн сүлжээгээр манай компанийг өөрийн газрыг нь бага үнээр үнэлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хүчээр газар чөлөөлөхийг шаардсан, орон байрыг нь нураан сүйтгэж, ноцтой хохирол учруулсан гэх ташаа мэдээллийг цацаж байгаад бид гайхаж байна.

Тэрбээр 2012 онд "тус хашаанд нэг жил байрлаад, дараа нь чөлөөлөх болно" гэсэн хүсэлтийг бидэнд тавьсан. Гэхдээ цаг хугацаандаа газраа чөлөөлж өгөөгүй. Тиймээс бид 2015 онд Иргэний хэргийн шүүхэд хандсан. Шүүхээс Ж.Туулын хууль бусаар эзэмшиж байгаа газрыг албадан чөлөөлөх шийдвэр гарсан боловч дахин газраа чөлөөлж өгөөгүй. Эцэст нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хуулийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулж газрыг чөлөөлсөн.

Гэтэл Ж.Туул дахин компанийн болоод бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан худал ташаа мэдээлэл олон нийтэд удаа дараа тараан гүтгэж байна. Бид Иргэний хэргийн шүүх болон Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа” гэж мэдэгдлээ.

Тус компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу  2014 онд 288 айлын орон сууц, 2015 онд 1,152 айлын орон сууц. 300 хүүхдийн бага сургуулийн цэцэрлэгийн цогцолборын хамт ашиглалтад оруулсан байна. Харин энэ онд 720 айлын орон сууц, дэд төсөл хэрэгжүүлэгч компаниудын 1,300 орчим айлын орон сууц ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

А.АЯЛГУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж