УИХ-ын дарга Булган аймагт ажиллаж байна

2016 оны 4 сарын 1

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын орон нутгийн томилолт өнөөдөр /2016.04.01/ эхэлж байна. Тэрээр эхлээд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Майнд теч” үйлдвэрийн ажил байдалтай танилцав.

Тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад хоногт 100 тонн тосны ургамал боловсруулж, үүнийхээ 35 хувийг цэвэр тос гаргахад, 65 хувийг шахдасаар малын тэжээл үйлдвэрлэхэд зориулж, жилдээ 30 мянган тонн тосны ургамал боловсруулах хүчин чадалтай юм. Улсын Их Хурлын даргад “Оргих” нэрийн ургамлын тос, малын уурагт “Хүчит” нэрийн тэжээл, биодизель шатахуун зэрэг бүтээгдэхүүнүүдээ танилцуулж, мэдээлэл өгсөн юм.

Мөн малын уурагт тэжээлийн хэрэглээний талаар судалгаа хийж, малчдад зориулан жор боловсруулахаар туршилт хийж байгаагаа үзүүлж, туршилтын үр дүнгийн талаар танилцуулав.

Тус үйлдвэрийн 40 кг жинтэй “Хүчит” уурагт тэжээл зах зээлд 20.000-23.000 төгрөгөөр худалдаалагддаг бөгөөд тэжээллэг чанараараа 7 боодол өвстэй дүйцэж байгааг туршилтаар тогтоожээ. Ингэснээр өвлийн цагт бэлчээрийн малыг тэжээх, суурин мал ахуй эрхлэлтийг хөгжүүлэхэд хэрэгцээтэй хэмээн үйлдвэрийн мэргэжилтнүүд тооцоолсон байна. 

Улсын Их Хурлын даргын орон нутгийн томилолт Булган аймагт үргэлжилж, аймгийн удирдлагууд угтан авлаа. Тэрээр Улсын Их Хурлын баталсан хууль, Засгийн газраас гаргасан шийдвэрийн хэрэгжилттэй танилцахаар Булган аймаг дахь Төрийн банкны үйл ажиллагаатай танилцсан юм. Төрийн банкны "Булган" салбар нь нийт 18 нэгж, 76 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд аймгийн санхүүгийн зах зээлийн 28 хувийг хамардаг байна.

Тус салбар нийт 8531 зээлдэгчийн 25.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Нийт зээлийн багцын 79 хувийг тэтгэвэр, малчин, цалин зэрэг иргэдийн хэрэглээний зээл, 9 хувийг хөдөө аж ахуйн, 4 хувийг төслийн, үлдэж буй 8 хувийг бусад төрлийн зээл эзэлдэг байна. Булган салбарын хэмжээнд нийт 662 зээлдэгчид 1.6 тэрбум төгрөгийн малчны зээл нийтдээ 28.9 хувийн хүүтэй байсныг 2016 оны 02 дугаар сард Улсын Засгийн газраас баталсан "Сайн малчин" хөтөлбөрийн хүрээнд 18 хувь руу шилжүүлжээ. 

Малчны зээлийн хувьд тус аймгийн Төрийн банкны салбараас 1012 харилцагч нийтдээ 2.6 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Харин МААҮДДХөтөлбөрийн хүрээнд 03 дугаар сарын 15-наас өнөөдрийг хүртэл 124 малчинд 452.5 сая төгрөгийн зээлийг 10 хүүтэйгээр олгосон талаар Улсын Их Хурлын даргад тус салбарын захирал Б.Баттүшиг танилцуулав.

Энэ төрлийн зээлийн хүсэлт олноор ирж байгаа бөгөөд 03 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд 50 гаруй харилцагчид зээл олгосон талаараа танилцууллаа. Мөн 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг 92 харилцагчид олгосон байна. Нийт 2.7 тэрбум төгрөгийн эдгээр зээлдэгчийн зээлийн хүү 5 хувь болж буурснаар нийтдээ 913 сая төгрөгийн хүүгийн хөнгөлөлт эдэлж байгаа юм байна.

Улсын Их Хурлын дарга энэ үеэр Булган аймгийн Төрийн банкнаас үйлчилгээ авч буй иргэдтэй уулзаж, ярилцсан юм. Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн энэ арга хэмжээ нь ард иргэдэд бодит дэмжлэг болж байгаа талаар иргэд хэлж байлаа. 

Үүний дараа Улсын Их Хурлын дарга Булган аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний харьяа Ахмадын сувиллын газрын үйл ажиллагаатай танилцав. Тус сувиллын эрхлэгч, их эмч Б.Мягмар үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Орон нутгийн хөгжлийн сангийн 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж, ашиглалтад ороод буй тус сувиллын газар Булган аймгийн тэтгэврийн насны ахмадуудад уламжлалт бариа засал, эмийн бус эмчилгээ, сувилгааны үйлчилгээ үзүүлдэг байна. Нэг ээлжиндээ 25-30 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай аж.

Улсын Их Хурлын дарга дараа нь аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Аймгийн хүүхэд залуучуудын хэрэгцээ, шаардлагад тулгуурлан 2.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй "Усан спорт, сургалтын төв"-ийг байгуулж байгаа аж. Одоогоор барилгын ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ оны 05 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм байна. 

Улсын Их Хурлын даргыг дагалдан Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын дарга Г.Батсайхан болон албаны бусад хүмүүс ажиллаж байна.

Улсын Их Хурлын дарга үргэлжлүүлэн Булган аймгийн иргэдтэй уулзалт хийж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжуудын талаар танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна