Супер охид 25 жилийн дараа

2016 оны 4 сарын 1

1990 оны “Vogue” сэтгүүлийн нүүрэнд гарсан нь зураг нь жинхэнэ дуулиан тарьж байсан зурагчин Петер Линдберг загварын ертөнцөд цахиур хагалсан шилдэг загвар өмсөгч Синди Круфорд, Татьяна Патиц, Эва Херцигова, Карен Александр, Надя Ауерманн нарын зургийг 25 жилийн дараа дахин авчээ. Линдбергийн авсан тэр зургийг  “Vogue” сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур шүүгээндээ мартаж орхиод найман сарын дараа л харжээ. Тэгэхэд Анна Винтур зурагчныг дуудаж, уулзахдаа  “Энэ зургийг би загварын ертөнцөд хувьсгал авчирсан гэж хэлэхгүй. Гэхдээ сэтгүүлд гардаг зурагнаас тэс өөр юм” гэжээ. Ингэж түүний зураг загварын алдартай сэтгүүлийн нүүрэнд гарч, зурган дээрх охидыг загварын шинэ нүүр царай хэмээн зарлаж, шилдэг загвар өмсөгч болох замыг нээсэн билээ. Түүнээс хойш 25 жил өнгөрч, Линдберг тэднийг ямар “охид” байсныг эргэн санахын тулд дахин уулзжээ.

25 жилийн дараа загварын ертөнцийн хамгийн алдартай, хамгийн үзэсгэлэнтэй загвар өмсөгчидтэй уулзсан тухайгаа Линдберг ингэж ярьжээ.  “Тэд одоо бүгдээрээ 45, 50 хүрсэн ч 25 жилийн өмнөхөөсөө улам үзэсгэлэнтэй, илүү сонирхолтой бүсгүйчүүд болсныг харж байна” гэсэн юм.

Зурагчин Линдберг эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнг алдаршуулахын тулд зураг авдаг  нэгэн бөгөөд эмэгтэй хүн болгон өөрийгөө гоо үзэсгэлэнтэй гэдгээ мэдэх ёстой хэмээн ярьдаг байна.

Линдберг “Эмэгтэй хүн наснаасаа залуу харагдах ёстой гэдэг үлгэрт бүү итгэ.  Үрчлээс чинь муухай харагдаж байна гэвэл тоох хэрэггүй. Яагаад гэвэл эмэгтэй хүн байгаагаараа л давтагдашгүй үзэсгэлэнтэй” гэжээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна