Дарханд хөрөнгө оруулах галт тэрэг хөдөллөө

2016 оны 4 сарын 1

Сэтгүүлч:
Дархан- Уул

           

Аж үйлдвэр хөгжих дэд бүтэц сайтай, эрдэс баялагийн их нөөц, бизнесийн таатай боломж бүрдсэн Дархан-Уул аймаг нь,  эдийн засгийн гол цөм болсон салбарууддаа гадаадын болон өөрийн орны үйлдвэрлэгчдийн хөрөнгө оруулалтыг татахаар, аймгийн Засаг дарга А.Энхболдын санаачилгаар “ДАРХАНЫ ХӨГЖИЛ ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ - 2016”-г хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа.

            Нийтдээ 150 гаруй төлөөлөгчид хуран чуулсан “Дарханы хөгжил” олон улсын эдийн засгийн форумд Канад, Турк, Оросын Холбооны Улс, БНХАУ-ын төрийн болон бизнесийн  байгууллагын удирдлага, Монголын үйлдвэр үйлчилгээний салбарын захирал, мэргэжилтнүүд ирж оролцлоо. “-Орон нутагт гадны хөрөнгө оруулалтыг татах зорилгоор ийм өргөн арга хэмжээг урьд нь зохион байгуулж байгаагүй. Дархан хотоо хөгжлийн шинэ шатан дээр гаргахаар санаачилга гаргасан Дархан-Уул аймгийн залуу удирдлагуудын шийдэмгий алхамыг иргэд, бизнес эрхлэгчид нь дэмжиж байгаа нь том ололт. Одоо Дарханчууд та бүхэнд орж ирсэн хөрөнгө оруулалтаа бодитой үр дүнд хүргэхийг хүсье” хэмээн форумд урилгаар оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэндчилгээ дэвшүүлэхдээ онцлов.

            Форумын хуралдаан дээр байгаль орчинд ээлтэй түлш эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, шинжлэх ухаан, оюуны чадамжийн олон төслийг танилцууллаа. “Дарханы хөгжил олон улсын эдийн засгийн форум”  амжилттай болж өндөрлөснийг хөрөнгө оруулагчид  хамтран ажиллахаар болж гэрээ хэлцэл байгуулсанаар  тайлбарлаж  байна.  Хотын “Залуучууд”  театрын их танхимд цугласан Дарханчуудын өмнө гадаад, дотоодын томоохон үйлдвэрлэгч  компаниудын удирдлагуудтай, аймгийн Засаг дарга А.Энхболд харилцан тохиролцсон санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.  Ёслолын эхэнд БНХАУ-ын Үндэсний Цахилгаан түгээх сүлжээ корпораци  “Нари групп”  Төрийн өмчит Компаний  Гадаад харилцааны хэлтсийн дарга Юү Чүан “Ус цэвэршүүлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг шинэчлэх” төсөл болон “Үйлдвэр технологийн парк” хөтөлбөрт  хамтарч ажиллах санамж бичигт  аймгийн Засаг даргатай гарын үсэг зурлаа. Дараа нь “Тахь Ко” Компаний захирал, Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Л.Буянбаттай  “Бүх төрлийн хатуу хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар боловсруулах үйлдвэр”-ийг хамтарч  байгуулах  гэрээг хоёр тал үзэглэв. Мөн “Гудамж төсөл”-ийн захирал Б.Батболдтой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Өвөр Монголын Өөртөө Засах Орны Бизнесийн Ерөнхий Холбооны захирал Л.Баатартай,  бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт татах, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулав. Оросын Холбооны Буриад Улсын Хөдөө аж ахуйн яам, Дархан-Уул аймгийн Үйлдвэр Технологийн паркийн хооронд газар тариалан, хүнсний ногоо, мал аж ахуйн бүтээгдэхүүн  боловсруулах гэрээнд гарын үсэг зурав. Дарханы “Талст өргөө” компани, Оросын Холбооны Улсын “Евро Комлект” компанийн хооронд хамтран  хөрөнгө оруулалт хийх санамж бичигт мөн гарын үсэг зурлаа.

            Гэрээ хэлэлцээр байгуулж гарын үсэг зурснаар энэ удаагийн форумын үр дүн хязгаарлагдахгүй, цаашид ч улс орондоо буцаж очоод өөр бусад чиглэлээр  хамтран ажиллах боломжуудыг  судалж,  эргэж санал хүсэлтээ ирүүлнэ  гэдгээ гадны  төлөөлөгчид мэдэгдлээ. Хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахад хамгийн таатай нөхцөл боломжтойгоос гадна, хүмүүсийнх нь ажил хэрэгч чанар, зан харилцаа ч сэтгэл татсан газар бол Дархан гэдгийг нүдээр үзэж мэдэрснээ форумын зочид илэрхийлж байв. Монгол Улсын жишиг ухаалаг хот болох төслүүдтэй танилцсан зочид төлөөлөгчдөөс үнэ цэнэтэй олон санал гаргасныг аймгийн удирдлага бодлого төлөвлөгөөндөө тусгаж ажиллахаар  боллоо.

            Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд форумын үр дүн өгөөжийг цэгнэн “-Бид хоёр өдөр Дархан-Уул аймгийнхаа давуу тал таатай боломжийг бодит үр дүнд хүргэхээр, хамтын ажиллагааны хөтөлбөрүүдээ төр хувийн хэвшил, ахан дүү түнш улс орнуудын зочид төлөөлөгчдийн оролцоотойгоор хэлэлцэж, олон чухал шинэ санаа зөвлөмжийг тусгасан ойрын болон хэтийн зорилгоо тодорхойлж чадсандаа туйлын баяртай байна. Төвийн бүсийн хөгжлийг түүчээлэх алсын хараатай хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол Улсын жишиг ухаалаг хот болох төлөвлөгөө бидэнд нэгэнт бэлэн боллоо. Үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагааг иж бүрнээр өргөжүүлэн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, олон улсын эдийн засгийн дэмжлэг, аялал жуулчлал, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, ложистикийн төв болох, иргэдийн ая тухтай амар тайван амьдрах таатай орчин бүрдүүлэх сэдвүүдэд форумд оролцогчид анхаарлаа төвлөрүүлж чадсан нь бидний гол ололт боллоо” хэмээн дүгнэв.

Ө.Рагчаасүрэн (Дархан хот.  Бурхантын хөндий нутгаас)

             

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна