Өлсгөлөн зарлана гэсэн Ж.Туул худал ярьсан уу?

2016 оны 4 сарын 1

Өнгөрөгч мягмар гаригт иргэн Ж.Туул хэвлэлийнхэнд хандаж, “Бэрэн” групп өөрийнх нь эзэмшлийн газрыг луйвардаж авсан хэмээн мэдээлэл хийсэн билээ. Улмаар “Бэрэн“ ХХК-ийнхан хууль бусаар газрыг нь авч, гэр орныг нь албадан зайлуулсан. Тиймээс цаашид өлсгөлөн зарлахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Харин өнөөдөр “Бэрэн” ХХК-ийнхан мэдээлэл хийхдээ иргэн Ж.Туул гэгч нь тухайн газрын албан ёсны эзэмшигч нь биш гэлээ. Тухайн газрын албан ёсны өмчлөгч нь Ч.Цэцэгмаа, Ц.Одон, Ц.Мария нар гэж мэдээлэв. Харин Ж.Туул гэгч эмэгтэй нь газрын өмчлөгч Ч.Цэцэгмаагийн танил, түүнээс өөрөөр газартай хамаагүй гэж тайлбарлалаа.

Ингээд гуравдугаар сарын 29-ны өдөр иргэн Ж.Туулын хийсэн мэдээллийг эргэн сануулъя.

Иргэн Ж.Туул:

“Манай газрын гэрчилгээг 2013 онд “Бэрэн” компанийн ажилчид ирж хөгшин настай ээжээс минь аваад явсан байсан. Ингэхдээ бидний аль нэгийг нь ч оролцуулахгүйгээр газрын гэрчилгээг шууд өөрсдийн нэр дээр шилжүүлсэн. Уул нь тухайн хүний газрын гэрчилгээг шилжүүлэх бол хоёр талаас хүмүүс байж, гэрээгээ хийх ёстой. Үл хөдлөхөөр орох ёстой. Гэтэл тийм юм байхгүй шууд дур мэдэн шилжүүлсэн байсан. Иймээс манай газрыг хууль бусаар авсан гэсэн үг. Үүнийг бид хэзээ сүүлд мэдсэн. Ингээд энэ асуудал сөхөгдөхөд бид газраа байраа өгөхгүй гэсэн.Гэтэл 2014 онд хууль бус бичиг баримтаар бидний газрыг өөрсдийн нэр дээр шилжүүлчихээд хүчээр биднийг гэр орноос маань хөөж,туусан” хэмээн мэдээлсэн.

Харин “Бэрэн” ХХК-ийн хуулийн зөвлөх З.Сүх-Очир:

“Бид хууль ёсны дагуу газрын өмчлөгч болох Ч.Цэцэгмаа, Ц.Одон, Ц.Мария нараас газрыг худалдаж авсан. Харин тухайн үед хашаанд нь Ж.Туул гэх иргэн өөр амьдрах газаргүй учраас нэг жил амьдраад газрыг чөлөөлнө гэж гуйсан. Гэвч цаг хугацаандаа газраа чөлөөлж өгөөгүй. Тиймээс шүүх, хяналтын байгууллагаар явж асуудлаа шийдвэрлэсэн. Иргэн Ж.Туулын буруу нь шүүхээр тогтоогдсон. Гэвч өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм зүйл яриад явж байна” хэмээн мэдээллээ. Тэгвэл газрын албан ёсны өмчлөгч Ц.Мария хэвлэлийн хуралд ирсэн юм.

Ц.Мария:

“Ж.Туул бол ээжийн маань эгчийн хүүхэд. Тухайн үед Шарын голоос хотод ирээд байрлах газаргүй учраас танилуудаараа явж байсан. Тэр үед манайх газраа худалдчихаад хашаан дахь модыг маань аваарай гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр тэр газрыг өөрийнх мэт яриад явж байна” гэлээ.  

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна