З.Энхболд Орхон аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

2016 оны 4 сарын 2

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.04.02/ Орхон аймагт ажиллаж байна. Тэрээр аймгийн бүтээн байгуулалтын ажил болон түүхий резин, резинэн түүхий эдийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэр хорооллын инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн хүрээнд Наран багт байрлах 2000м2 багтаамжтай усан сангийн байгууламжтай танилцсан юм. Хотын захирагчийн ажлын албаны дарга Б.Батжаргал тус байгууламжийн талаар болон Орхон аймгийн Баян-Өндөр суманд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын талаар танилцуулав. Орхон аймгийн хүн амын төвлөрөлтэй холбоотойгоор төвийн шугам сүлжээг өргөтгөх шаардлагатай байгааг хэлж байв.

Гүний худгуудгийг байгуулсанаар 35 км цэвэр усны шугам, 7 км бохир усны шугам, цахилгааны шугамуудыг байгуулжээ. Усны машинаар зөөсөн ус 8 төг байсан бол цэвэр усны сан ашиглалтад орсноор 4 төгрөгийн үнэтэй болжээ. Төв усан сангаас 50 худагт ус түгээж байгаа юм байна. Баян-Өндөр суманд байгаа 72 худгаа ухаалаг системтэй болгохоор ажиллаж байгаа, үүний үр дүнд 1 л усны өртөг 1 төгрөг болж буурах боломж бүрдэнэ гэв. Түүнчлэн гэр хорооллын өрхүүдийг төвийн шугам сүлжээнд холбох нөхцлийг хангах чиглэлээр төлөвлөлт хийгдэж байна. Энэ нь хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилготой гэв. 

Улсын Их Хурлын дарга Орхон аймгийн Баян-Өндөр сумын өрхийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний шинэчлэлийн стратеги”- ийн хэрэгжилтийг хангаж,  өрхийн эрүүл мэндийн төвүүдийг нэгтгэн цогц төв болгон хөгжүүлэх бодлогын  хүрээнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын орон сууцны 3 өрхийн эрүүл мэндийн эмнэлгүүдийг нэгтгэн  Өрхийн эрүүл мэндийн  цогц төвийг барьж ашиглалтад оруулаад байгааг тус төвийн дарга Д.Оюунсайхан танилцуулав. Энэ бүтээн байгуулалтад орон нутгаас 914 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэжээ. Ингэснээр нийт 4469 өрхийн 16314 хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх юм байна. 

Үүний үр дүнд хүний нөөцийн хангамж, чадавхийг нэмэгдүүлж, оношлогоо эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах боломж бүрдсэн байна. Тухайлбал, шүдний болон эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч, нийгмийн ажилтан, дүн бүртгэл хариуцсан ажилтан, уламжлалт болон нөхөн сэргээх эмчилгээний эмч сувилагч гэх мэт  орон тоо нэмэгдэж стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулна гэв.

Мөн нэгдсэн төв байгуулагдсанаар үйл ажиллагаагаа оновчтой зохион байгуулах, урьдчилан сэргийлэх үзлэг, тандалт судалгаа хийх,  иргэдэд  эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цар хүрээг эрс нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа аж. 

Орхон аймагт ажиллах үеэрээ Улсын Их Хурлын дарга махны худалдааны төвлөрсөн худалдааны “Таван эрдэнэ” төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. “Жаргалант мах импекс” ХХК-ийн захирал Ч.Батмагнай тус төвийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Орхон аймгийн Засаг дарга 2016 онд Худалдааг төвлөрүүлэх захирамж гарган, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор мал, малын мах, малын гаралтай түүхий эдийн төвийг байгуулахаар шийдвэрлэжээ.

Мах нядалгааны цех нь сүүлийн үеийн Герман технолиор үйл ажиллагаа явуулдаг байна. Тус төвд аймгийн хэмжээний төвлөрсөн малын худалдаа, махны жижиглэн худалдаа, мах ангилан вакумлах худалдаа, түрээс, дотоод хяналтын лаборатори ажиллаж байгаа юм байна. 

Мөн Орхон аймагт ажиллах үеэр түүхий резин, резинэн түүхий эдийн үйлдвэрт ажиллан, “Мэйнспринг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. 2013 оноос Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн нутагт үйл ажиллагаа явуулж байна. Тус компанийн захирал Ш.Дэмбэрэл Улсын Их Хурлын даргад үйл ажиллагааныхаа талаар танилцуулав. Монгол Улсад анх удаа түүхий резин боловсруулах үйлдвэрийг байгуулан ажиллаж байна. Одоогоор үрэлтэнд тэсвэртэй, тосонд тэсвэртэй, тусгай зориулалтын зэрэг нэр төрлийн түүхий резинүүдийг үйлдвэрлэж “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй байгаа түүхий резинийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлж байгаа юм байна. Тус үйлдвэр жилд 300 орчим тонн резин боловсруулах хүчин чадалтай бөгөөд Монгол Улсын дотоодын нийт хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай юм. Өнөөдрийн байдлаар 13 ажлын байрыг шинээр гаргаж,  импортын барааг орлох хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид үйлдвэрийн хүчин чадал тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж өргөтгөснөөр төрөл бүрийн резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дамжуургын ремин үйлдвэрлэх зорилттой ажиллаж байгаа талаараа Улсын Их Хурлын даргад танилцуулж байлаа. 

Улсын Их Хурлын даргыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэр Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, аймгийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллалаа.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна