Малчин хүн боловсролтой байх хэрэгтэй

2016 оны 4 сарын 2

Хөдөлмөрийн сайдын санаачилгаар залуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг сургах, - See more at: http://www.zasag.mn/m/ministry-of-labor/view/12805#sthash.gTZNuxrL.dpuf

-“Малчдын залуу халаа” уулзалтад 120 малчин оролцлоо-

Хөдөлмөрийн сайдын санаачилгаар залуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг сургах, ахмад үеийн малч ухааныг өвлүүлэх сургалтын агуулга, арга хэлбэрийг тодорхойлох зорилготой зохион байгуулсан “Малчны залуу халаа” уулзалт хэлэлцүүлэг өчигдөр ГХЯ-ны хурлын танхимд боллоо.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малчдын залуу халааг бэлтгэх, малч ухааныг өвлүүлэх арга замыг тодорхойлох төрийн бодлогод малчдын санаа бодлыг тусгахад оролцоно уу гэсэн урилгыг  Хөдөлмөрийн яамнаас малчдад илгээсэн юм. Тэр дагуу энэ удаагийн уулзалтад Төв, Хэнтий, Баянхонгор, Дундговь, Булган зэрэг аймгаас 120 орчим хүн ирсэн.

Урилгыг нь хүлээн авч хүрэлцэн ирсэн малчдад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан талархал илэрхийлж хэлсэн үгэндээ Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 18 орчим хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний 30 орчим хувийг ажлын байраар хангадаг гэдэг утгаараа төрийн бодлогын төвд байдаг. Тэгээд ч улс орны эдийн засгийн өсөлтийг уул уурхайн салбараар төсөөлж харахаас илүүтэй буянт мал сүргийнхээ ашиг шимийг дээшлүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийн эргэлтийг сайжруулж, малчид, фермер эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний нэмүү өртөг бий болгоход анхаарах шаардлага тулгарч байгааг онцолсон юм. Тэрбээр мөн “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогоор дэд хөтөлбөрүүд батлагдсан. “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөр, Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр малчдад зориулсан банкны зээлийн хүүг бууруулсан нь өрхийн амьжиргааг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг өсгөх, үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломжийг бий болгож байна.  Түүнчлэн мах болон мал аж ахуйн түүхий эдийн үнэ унаж, малчид бэлэн мөнгөний хомсдолд орж байгааг анхаарч тэдэнд зориулсан зээлийн хүүг бууруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна. Манай Хөдөлмөрийн яам хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаагийн нэг нь Малчны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм.  Хөтөлбөрийн хүрээнд малчдад мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж, шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр ханган 9568 иргэнийг сургалтад хамруулж, 4821 байнгын ажлын байрыг бий болгоод байна.

Засгийн газраас малчдын хөдөлмөр эрхлэлт, мал аж ахуйн салбар, холбогдох үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа тул мал сүргийн тоо толгойг өсгөх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ажиллах хүчний эрэлт хэрэгцээ их байна.

Өнөөдөр мэргэжлийн боловсрол, сургалтын 9 байгууллагад эрчимжсэн мал аж ахуйн фермер мэргэжлээр 157, малын эмчээр 57, малын асаргаа мэргэжлээр 38 гээд нийтдээ 252 хүн сурч байгаа нь уламжлалт мал аж ахуйн сургалт үндсэндээ хаагдаад байгаагийн нэг илрэл юм.

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэн малчны мэдлэг, ур чадварт үндэслэн малчин мэргэжлийн зэргийг тодорхойлох, түүнд тохирсон нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай юм. Сайн, туршлагатай малчны амьдралын арга ухааныг мэргэжлийн боловсрол, сургалттай хослуулан шинэ залуу малчдаа сургаж бэлтгэх эрэлт хэрэгцээ байна. Иймд залуу малчдыг бэлтгэх мэргэжлийн сургалтын агуулга, арга хэлбэрийг тодорхойлоход та бүхний үнэтэй санал, зөвлөмжийг бодлогод тусган ажиллах болно” хэмээсэн юм.

Уулзалтад ирсэн хүмүүст зориулан ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга С.Жавхлан “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”, Хөдөлмөрийн яамны ХЭБЗГ-ын ахлах мэргэжилтэн Ч.Эрдэнэчимэг “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого”, Төрийн банкны Зээлийн бодлого зохицуулалтын газрын захирал Ц.Ганзориг “Малчдад зориулсан зээлийн бүтээгдэхүүн” сэдвээр тодорхой мэдээлэл өгч сонирхсон асуултад нь хариуллаа. 

Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр нь малчдад мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах, хадлан тэжээл бэлтгэх, сүү цагаан идээ болон мал аж ахуйн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг үзүүлэхэд хөтөлбөрийн зорилготой юм. Уг хөтөлбөрт зөвхөн 2015 онд нийт 2385 малчин өрхийн 4497 иргэнийг хамруулж 6,4 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүнээс малжуулах арга хэмжээнд нийт 1194 өрхийн 2399 малчныг хамруулсан. Мөн мал маллах сургалтанд 252 малчныг хамруулж, малын хашаа хороо барих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах дэмжлэг туслалцааг 269 малчинд үзүүлж, шавь сургалтыг  16 малчин өрхөд явуулан 20 дадлагажуулагч малчныг хамруулсан байна. Малчдын дунд зохион байгуулсан аж ахуй эрхлэлтийн сургалтанд 497 малчин өрхийн 547, туршлага солилцох уулзалтанд 314 иргэн оролцжээ.


“Малчны залуу халаа” уулзалтын гол хэсэг болох залуу малчдыг хэрхэн яаж бэлтгэх вэ гэсэн сэдвээр өрнөсөн хэлэлцүүлэгт оролцогчид тун ч ажил хэрэгч хандсан юм. Ирсэн зочид бүгд л санаа бодлоо хуваалцаж, малчдад тохиолдож буй бэрхшээлийн талаар ч ярьсан. Тэд малчдад зориулсан мэргэжлийн сургалтын агуулга, хэрэгцээ, сургалтыг зохион байгуулах арга хэлбэрийн талаар санал бодлоо хуваалцсаныг түүвэрлэн хүргэж байна.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын М.Содномсамбуу:

-Хойч үеэ бэлтгэх шаардлага зайлшгүй байна. Миний насныхан сүүлийн үе болчих гээд байна шүү дээ.  Тиймээс Хөдөлмөрийн яамнаас санаачилан малчдын залуу халааг бодлоготйогоор бэлтгэх, сургалт явуулах, сургалтын хөтөлбөр зэргийг нь хийх хэрэгтэй юм. Бүр яаралтай энэ сонгуулиас өмнө хийх хэроэгтэй.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын  Ж.Рагчаа:

-Хөдөө залуу малчин хэрэгтэй байна. 40 настай би залуудаа ороод байна гэхээр малчдын нас ямар байгаа нь ойлгомжтой байгаа биз дээ. Гэтэл хорин нас дөчин нас хоёрын хооронд хэр их ялгаа байгаа билээ. Залуу хүн яагаад малчин болох дургүй байна вэ гэдгийг бодох ёстой. Мал маллана гэдэг яг үнэндээ өвдөх, үхэх эрхгүй хүнд хөдөлмөр. Тэгсэн хэрнээ хөдөлмөрийн үнэлэмж багатай. Тиймээс малчны хөдөлмөрийн нөхцөлийг үнэлж тэтгэврийн насыг наашлуулж, өөр бусад боломжуудын талаар залууст сайн таниулах хэрэгтэй байна.

Булган аймгийн Дашинчилэн сумын Л.Ганбаатар:

-Өнөөдрийн хэлэлцүүлэг уулзалт үнэхээр цагаа олсон арга хэмжээ байна. 1990-ээд оны эхээр олон хүнийг сургуулиас гаргаж мал маллуулсан. Чадах чадахгүй, их дээд сургууль төгссөн хүмүүс мал маллахгүй шүү дээ. Малчин болоход сургалт хэрэгтэй. Малчны хөдөлмөрт өөрийн гэсэн онол байдаг юм. Арга технологи байдаг. Хүн хүний, газар газрын мал маллагааны арга өөр. Энэ бүгдийг МСҮТ-өөр, зайны сургалтаар, шавь сургалтын хэлбэрээр хийх хэрэгтэй байгаа. Мал маллах аргаас гадна мал эмнэлгийн, малын үржлийн ажлын анхан шатны мэдлэгийг ч олгох шаардлага бий. Малчид бол үйлдвэрлэгчид. Бид одоо технологичид болгох хэрэгтэй. Малынхаа үүлдэр угсааг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүнээ сайжруулах мэдлэг чухал. Мөн менежерийн ухаан, чадварт сургах ёстой юм. Энэ бүгдийг багтаасан сургалтын сайн хөтөлбөр боловсруулж нэвтрүүлэхэд анхаарах цаг нь болжээ. Олон алдартай малчдын арга туршлагыг олж нийтлэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг ч хийх хэрэгтэй санагддаг.

Хөдөөд байгаа бас нэг зовлон зургаан настнуудаас болоод эхнэр нөхөр тусдаа амьдардаг боллоо. Сайхан сайхан залуучууд малчин боллоо гэхэд үеийнх нь охидыг сургуульд явуулчихдаг болохоор эхнэр олдохоо больсон. Сайн малчны шагналыг эмэгтэйд нь өгч урамшуулах, хөдөлмөрийг нь үнэлэх замаар эдгээр асуудлыг шийдвэрлэх төрийн бодлого үгүйлэгдэж байгааг ч энэ дашрамд дуулгая.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын С.Үржин:

-1970-90 онд залуу малчдыг бодлоготойгоор бэлтгэж байсан. Энэ арга хэмжээг одоо эхлэхэд хэцүү байх. Малчин хүний нийгэмд идэвхтэй хөдөлмөрлөх хугацаа 30 жил. Туслах, хань бараа болох, зөвлөж хэлэхэд бол насны хязгаар байхгүй л дээ. Тиймээс залуу үеэ бэлтгэж, халаагаа өгөх найдвартай ар талтай байхын тулд залуусаа сургах хэрэгтэй. Малчдыг МСҮТ-д бэлтгэнэ гэдгийг би зөвшөөрч байна. Малчин хүн боловсролтой байх хэрэгтэй. Холбоо харилцаа хөгжиж, бүх зүйл цахимжиж буй өнөө үед малчид хоцрох ёсгүй. Тиймээс жалгын нэг малчин байх уу, аль эсвэл фермер, хамт олон бүлэг нөхөрлөлөөрөө хөдөлмөрөө хоршиж ажиллах малчдыг бэлтгэх үү гэдэгт ч анхаарах л ёстой.  

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Э.Эрдэнэбилэг:

-Бидний багш бол аав ээж, ахмад буурлууд минь. Мал маллах арга мухааныг тэднээсээ л сурсан. Тиймээс ахмадуудаа дэмжиж, тэдний мэдлэгийг залууст хүргэх тал дээр л анхаарах ёстой байх. Түүнээс хотоос багш очоод малчны хичээл заах уу. Бас нэг хэлэх зүйл байна. Малчин залуусыг шагнаж урамшуулахгүй юм. Дандаа л мянгат малчдыг л шагнадаг.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна