“Хямрал дуусвал барилгаа барина”

2016 оны 4 сарын 3

Хямралыг дагасан “хөг”-тэй явдлыг уншигч танд одоо ярьж өгье. Амтай болгон нь хямралаа тоочих болсон энэ цагт барилгын салбарынхан ч үүнд гүн гүнзгий автсан бололтой. “Худалдан авагчгүй”, “Барилгын талбайн үнэ өндөр” гэсэн улиг болсон шалтгааныг энд тоочих гэсэнгүй. Ганцхан, нийслэлд барилга барихаар ухаад орхисон барилгын суурь /фундам/-ны нүхнээс л үүнийг харж болно.

Цагийн сайханд барилга барихаар ухаж, суурь цутгахаар хуулаад орхисон 30 гаруй газар нийслэлд бий. Ухаж, төнхөөд орхисон барилгын нүхийг дагасан барагдашгүй гомдлыг оршин суугчид нь ч давхар тавьсаар. Нэг талаас “Хур хогийн цэгээр амьсгалах боллоо”, “Хүн унаж гэмтлээ”, “Зөвшөөрлөө хэтрүүлэн нүх ухлаа” хэмээн оршин суугчид нь гомдоллоно. Нөгөө талаас “Хоёр жил ашиглаагүй бол газар эзэмших эрхийг цуцална” хэмээн мэргэжлийн хяналтынхан айлгадаг. Энэ бүхний дунд барилгын компаниуд “Хямралаас үүдээд барилга барихаа хойшлууллаа”, “Барилга бариад худалдан авагчгүй. Түр хүлээе” гэх тайлбарыг хэлдэг болжээ.

“Баянгол дүүрэг толгой цохиж явна”

Барилга барихаар ухсан ч эдүгээ “хогийн цэг” болон хувирсан газар нийслэлийн дүүрэг бүрт бий. Энэ дундаас Баянгол дүүрэг толгой цохиж явна. Ганцхан энэ дүүрэгт л гэхэд 15 газар бүртгэгджээ. Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон, “Ньюком” ХХК, “Жаргалант Бадрал” ХХК, иргэн Ж.Отгол, Ц.Цогтбаяр, “Шүнди” ХХК, “Ирмүүнбулаг” ХХК гээд л араасаа цуварна. Барилгаа барьдаггүй, хундаам, ухсан нүхний тоог өнгөрсөн жилийн хэвлэлийн “баатраар” тодрох дөхсөн алдарт 16 дугаар байрны дэргэдэх “БиЖиБиЖи” компани ч нэмжээ. Гэхдээ энэ компанийн хувьд санхүүгийн асуудал бус, шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа юм. Зөвшөөрлөө хэтрүүлэн газар ухаж, 16 дугаар байрны оршин суугчдын аюулгүй байдалд харшилсан гэх “БиЖиБиЖи” компанийн газар эзэмших эрхийг цуцалснаар барилгын ажил зогсжээ. Ингээд сэндийчээд орхисон хөрс, карказ хатгасан нүх Баянгол дүүрэгт нэгээр нэмэгдсэн байна.  “БиЖиБиЖи” компанийн зүгээс эргэн шүүхэд хандаж, одоогоор асуудал шүүхийн шатандаа явж байгаа аж. Хэрвээ шүүхийн шийдвэр компанийн талд гарвал барилгын ажлаа үргэлжлүүлнэ.

Тэгвэл энэ дүүрэгт барилга барихаар ухсан ч 10 гаруй жил тэр хэвээр өнөөг хүрсэн түүх ч бий. Баянгол дүүргийн наймдугаар хороо, 11 дүгээр байрны ард байрлах газрын зөвшөөрлийг “Номин” ХХК 2003 онд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас авч байжээ. Гэсэн ч өнөөг хүртэл эзгүй, хоосон талбай хэвээрээ. Нэгэнт 10 гаруй жил ашиглаагүй тус газрын зөвшөөрлийг энэ удаад нэг юм цуцлахаар болсон талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтаас мэдээллээ. Ингэснээр дараагийн компанид газрыг шилжүүлэн, шинээр ашиглана гэсэн үг юм.

                                        

  Хэзээ дуусах нь үл мэдэгдэх хямрал

Баянгол дүүргийн наймдугаар хорооны оршин суугчдын гомдол тасрахгүй бас нэгэн газар бий.  Наймдугаар хороо, 37Б байрны дэргэд 12 давхар орон сууц барихаар “Ирмүүнбулаг” ХХК газрын зөвшөөрлийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас авч нүх ухжээ. Оршин суугчдын хэлж буйгаар нүх ухаад гурван жилийн нүүрийг үзэж байгаа гэнэ. Хог, шороо цугларч орчин бохирдуулахаас гадна орон сууцтай ойр байрласан нь оршин суугчдын хэл амыг ч дагуулсаар иржээ. Баруун талын орон сууцанд хэт ойрхон нүх ухснаас дэргэдэх гараашинд хүртэл нөлөөлж, нуралт өгсөн хэмээн иргэд хэлж байв. Оршин суугчдын зүгээс ч байрнаас нь дөрөв хүрэхгүй метрийн зайд нүх ухсан талаар хяналтын байгууллагад гомдоллосоор иржээ. Улмаар гүйцэтгэгч компанийн зүгээс нүхнийхээ хэмжээг хумьж, нурсан газарт хүчитгэл хийн, арга хэмжээ авсны дүнд эрсдэл багассан талаар хэлэв. Харин компанийн зүгээс арай өөр тайлбар хийлээ. “Гараашинд ямар нэг нөлөө үзүүлээгүй, бид өөрсдөө хүчитгэл хийсэн” гэв.

Харин нүх ухсан ч, барилгаа барьдаггүй шалтгаанаа өнөө л санхүүгийн хямралтай холбон тайлбарлалаа. “Ямартай ч газрын зөвшөөрлөө сунгахаар хүсэлт хүргүүлсэн. Харин хямрал хэзээ дуусна, тэр цагт барилгаа эхлэхээс аргагүй. Барилга барьдаг, худалдан авагчгүй болохоор хэцүү байна” хэмээн компанийн зүгээс учирлалаа. Барилга барьдаггүй бас нэгэн шалтгаан нь, гуу жалга байсан энэ хэсэг угаасаа шугам сүлжээн дунд байрладаг. Тиймээс барилга барихад нэмэлт технологи шаарддаг байна. Энэ технологи Монголд байхгүй учраас гаднаас оруулна. Эргээд санхүү, мөнгөний асуудалтай холбогдоно гэлээ.

 

“Найман компанийн газрын эрхийг цуцална”

Ийм шалтгаанаар нүхээ ухсан ч барилгаа бариагүй газар олон байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан ч хэлж байна. “Ухсан нүхээ булж, газар эзэмших эрхээ өөр компанид өг, эсвэл барилгаа эхэл” гэх шаардлага тавихаар компаниудын дийлэнх нь санхүүгийн хямралд өртсөн гэх тайлбарыг хэлдэг. Нөгөө  хэсэг нь зураг төсөл, зөвшөөрөлгүйгээр нүх ухсан байдаг.

Хэдий тийм ч нэгэнт эзэмшсэн газартаа хоёр жилийн дотор үйл ажиллагаа явуулахгүй бол эрхийг нь цуцлахаар хуульчилсан байдаг. Тиймээс энэ жил л гэхэд дээрх 30 гаруй газраас нэр бүхий найман газрын эзэмших эрхийг нь цуцлахаар болжээ. Энэ дунд дээр дурдсан “Номин” ХХК-ийн нэр дээрх 10 гаруй жил ашиглаагүй газар ч багтсан. Цаашлаад “Мөргөн Уул”, “Ньюком”, “Бумбын шовх”, “Донгхүүн Глобал”, “Грейфти-Айдиа” компани, иргэн Д.Ганболд, Г.Болд нарын газар эзэмших эрхийг цуцлах саналыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ. Эдгээр газар нь Нэгдүгээр эмнэлгийн баруун тал, “Гранд Плаза” төвийн баруун тал, БНСУ-ын элчин сайдын шинэ барилгын баруун тал, “Хансвилл” хотхоны дэргэд, Буянт-Ухаа-1 хорооллын зүүн тал, “Олимпиа Бейкэри” хотхоны баруун талд 2-10 жил ашиглаагүй газрын эрхийг цуцлахаар болсон байна.

Ийнхүү нэг хэсгийнх нь газрын эрхийг цуцалж, өөр компанид өгдөг. Гэтэл нэг л салбарынхан болсон хойно дахиад л хямрал дуусахыг хүлээгээд, нүхээ хаяад суучихыг үгүйсгэхгүй хэмээн албаныхан тайлбарлана. Нөгөө талаас газар эзэмших эрхээ энэ удаад авч үлдсэн ч барилгаа хэзээ барьж, нүхээ таглах нь тодорхойгүй компаниуд ч бий.

Ингээд л иргэд нь гомдоллож, хяналтынхан нь айлгаж, барилгынхан нь учирласан гинжин холбоо тасрахгүй үргэлжилсээр л... Хөгтэй ч гэмээр энэ дүр зураг хямрал гэх үгийг даган Улаанбаатарчууд бидний дунд оршин тогтносоор олоон жилийн нүүрийг үзжээ.

Б.ЗОЛЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна