Буудай нийлүүлсэн тариаланчдад мөнгөн урамшуулал өгнө

2016 оны 4 сарын 3

Энэ онд улсын хэмжээгээр 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д буудай, 20.8 мянган га-д төмс, хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн таримал, 25.3 мянган га-д тосны болон сэлгээний бусад таримал тариалахаар Хүнс, хөдөө аж ахуйн яам төлөвлөжээ. Өмнө нь тус яам 2015 оны тариалалтад зориулан 197 аж ахуйн нэгж, иргэнд 3.7 мянган тонн үрийн буудай, 619 аж ахуйн нэгж, иргэнд 481.2 тонн ургамал хамгааллын бодис, 41 аж ахуйн нэгж, иргэнд 998.9 тонн бордоог 0-30 хувийн,  618 аж ахуйн нэгж, иргэнд 2.1 мянган тонн дизель түлшийг 50 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгож тариалалтыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж ажилласан билээ. Мөн уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд зориулан  435 аж ахуйн нэгж, иргэнд 1.7 мянган тонн, ургац хураалтад 250 аж ахуйн нэгж, иргэнд 776 тонн дизель түлшийг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож дэмжлэг үзүүлсэн байдаг. Харин энэ хаврын тариалалтад зориулж   2015 оны ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан 6.4 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдүүлсэн бөгөөд үрийн буудайн дутагдалтай байдлыг харгалзан 4 аж ахуйн нэгжтэй дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулан нэмж 8.0 мянган тонн үрийн буудайг импортоор авч 10-30 хувийн урьдчилгаатайгаар олгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн тариалангийн үйлдвэрлэлд төрөөс үзүүлдэг уламжлалт дэмжлэгүүдийг өнгөрсөн оныхоос бууруулахгүйгээр олгохоор төлөвлөж байна. 2016 оны тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд нийтдээ  5.5 мянган тонн шатахууныг 50 хувийн, 7.9 мянган тонн, нийлмэл бордоог 1 тонныг нь 400.0 мянган төгрөгөөр тооцож 75 хувийн, 447 тонн ургамал хамгааллын бодисыг 10-30 хувийн урьдчилгаатай олгох юм. Нийлбэр дүнгээрээ 2016 оны тариалалтад импортын 8.0 мянган тонн үрийн буудайг оролцуулахгүйгээр 20.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлтэй нөхцөлөөр өгөхөөр тооцжээ.  Мөн 2015 оны ургацаас гурил үйлдвэрлэлд хүнсний буудай нийлүүлсэн 608 аж ахуйн нэгж, иргэдэд 4 дүгээр сарын 20-ны дотор багтааж мөнгөн урамшууллыг олгохоор болсон байна.

Д.ЖАГАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна