Нидерланд, Исландад F-15 онгоцыг байршуулав

2016 оны 4 сарын 3

 

АНУ-ын армийн 12 ширхэг “F-15C Eagles” байлдааны онгоцыг 350 нисгэгчийн хамт Нидерланд, Исландад байршуулжээ. Энэ нь Европыг ОХУ-ын түрэмгийллээс хамгаалах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ аж.

 

Исланд нь цэргийн хамгааллын цэргүүдийг эс тооцвол өөрийн армигүй НАТО-гийн цор ганц орон юм. Исланд нь Атлантын далайн дунд оршдог стратегийн чухал байршил учраас хүйтэн дайны үед АНУ агаарын баазаа байршуулж байжээ. Исланд дахь АНУ-ын агаарын баазыг 2006 онд хаасан байв. Гэвч ОХУ Исландын агаарын орон зайг удаа дараа зөрчих болсноор НАТО 2008 оноос хойш агаарын хяналтыг сэргээжээ.

 

Үүний зэрэгцээ өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын армийн зургаан “F-15” байлдааны онгоцыг Финляндад илгээсэн байв. Крым хойг Украинаас салж, ОХУ-д нэгдэж, Донбасст салан тусгаарлах бослого гарсны дараа зүүн Европын орнууд Москвагаас сэрэмжлэх болсон юм.

 

Эх сурвалж: CNN

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна