Ерөө, Хүдэр сумдыг авто замаар холбоно

2016 оны 4 сарын 3

-Дулаанхаан тосгоны дөрвөн замын уулзвараас Ерөө, Хүдэр сумдыг холбосон хатуу хучилттай автозамын ажил концессын гэрээгээр хэрэгжиж байна-

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр өчигдөр тус аймагт үйл ажиллагаагаа явуулж буй Жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, аж үйлдвэрийн бодлого болон ЖДҮ үйлдвэрийг дэмжих сангийн зээл, Сум хөгжүүлэх сангийн зээлийн журмын өөрчлөлтүүдийн талаар үйлдвэр эрхлэгчдэд танилцуулж, санал бодлоо хуваалцлаа.

Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Пик девелопмент” ХХК, “Кью Эс Си” ХХК-иуд хамтран хэрэгжүүлж буй автозамын төслийн  ажлын явцтай танилцсан юм.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны дөрвөн замын уулзвараас Ерөө, Хүдэр сумыг холбосон 104.5 км авто замыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Авто замын ажил концессын гэрээгээр хэрэгжиж буй “Уул уурхай металлургийн цогцолбор” байгуулах төслийн хүрээнд хийгдэж байгаагаараа онцлог. Одоогоор авто зам барих ажлыг эхлүүлж, замын далан барих ажлуудыг хийж, гүйцэтгэжээ. Дараа нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус суманд баригдаж буй гүүрийн ажилтай танилцлаа. Гүүрийн ажлыг “Ган гүүр” компани гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Нийт дөрвөн  тэрбум төгрөгийн өртгөөр баригдаж буй тус гүүрийн ажлыг хэвийн үргэлжлүүлэхэд үлдэгдэл санхүүжилтийг шийдэх шаардлагатай юм байна.

Монголчууд савх үйлдвэрлэж, Япон руу экспортолж байна

Ерөө  сумын нутагт үйл ажиллагаа эрхэлж буй вакум цонх, хаалганы “Ерөө вакум” үйлдвэрийн үйл ажиллагаатай Аж үйлдвэрийн сайд танилцав. 2001 онд  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас долоон сая төгрөгийн зээл авсан тус үйлдвэр орон нутгийн хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй Хүдэр зэрэг зэргэлдээх сумдын захиалгыг хийж, гүйцэтгэдэг байна. Улирлаас хамаарч захиалга харилцан адилгүй байдаг ч өдөрт дунджаар 10-20 цонхны захиалга тогтмол ирдэг гэв. Ерөө сумынхны хувьд орон нутгийн үйлдвэрлэлээ дэмжиж тус үйлдвэрээр  вакум цонх, хаалгаа хийлгэдэг байна. 

Дархан, Улаанбаатар зэрэг төв суурин газраас вакум цонх, хаалга худалдаж авахаар тээвэрлэлтийн зардал өндөр тусдаг төдийгүй эвдрэл, гэмтэл учирсан тохиолдолд хол явах шаардлага тулгардаг байна. Тус компани үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр өргөтгөл барьж байгаа бөгөөд удахгүй ашиглалтад оруулна гэв. Энэ үеэр Аж үйлдвэрийн сайд Сум хөгжүүлэх сангийн зээлийн журамд өөрчлөлт оруулсныг дуулгаад үйлдвэрлэгч банктай харилцаж цаашид асуудлаа шийдвэрлэх шударга зохицуулалт хийснийг хэллээ.

Дараагийн танилцсан үйлдвэр Ерөө сумын Бугант тосгон, Хүдэр суманд орших “Савхны үйлдвэр”-үүд байлаа. Ерөө сумын Бугант тосгонд орших савхны үйлдвэр орон нутгийнхныгаа тогтмол ажлын байраар хангаж, жилд 400 сая ширхэг савх үйлдвэрлэдэг байна. Бүтээгдэхүүнээ 100 хувь экспортод гаргадаг, цаашид технологио шинэчилж, сайжруулах зайлшгүй шаардлага тулгараад байна гэлээ.  Харин Хүдэр суман дахь “Тарс”  савхны үйлдвэрийнхэн орон нутагтаа  80 гаруй иргэнийг тогтмол ажлын байраар хангадаг бөгөөд бүтээгдэхүүнээ мөн л  экспортод гаргадаг. Газар тариалан болон гурилын үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлдэг “Хаан шоргоолж” үйлдвэрийнхэн өнгөрсөн онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 600  сая төгрөгний зээл авсан. Одоогоор бүтээн байгуулалтынхаа ажлын 50 хувийг хийсэн байна. Цаашид үйлдвэрлэлийн процесс руу бүрэн шилжих бэлтгэл ажлаа хангаж байгаа гэдгээ салбарын сайддаа хэллээ.

Г.ХОРОЛ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна