Орчлон олон улсын сургууль Боловсролын салбарын шилдгээр тодорлоо

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

Орчлон олон улсын сургууль Боловсролын салбарын шилдгээр тодорлоо

Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж нийгэм, эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага, иргэнийг шалгаруулдаг “Bloomberg TV Mongolia Awards”-ын энэ оны Боловсролын салбарын шилдгээр Орчлон олон улсын сургууль тодорлоо.

Орчлон олон улсын сургууль нь 2001 онд байгуулагдсан анхны хувийн сургуулиудын нэг бөгөөд 2008 оноос Кембрижийн хөтөлбөрийг Монгол улсад  анхлан нэвтрүүлж боловсролын салбарын нэгэн шинэчлэлийн суурийг тавьсан билээ.

Зөв монгол хүнийг хүмүүжүүлэн сургах, тэдний авьяасыг нээн илрүүлж, хөгжүүлэн дэмжиж, амьдрах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй жинхэнэ Дэлхийн Монгол Иргэнийг бэлтгэх эрхэм зорилготой тус сургууль нь өнөөдөр сургуулийн өмнөх боловсролоос эхлэн ерөнхий боловсролын бүх түвшинд  Монтессори, Кембрижийн “CIPP”, ”SCP” “IGCSE” болон “A-level”-ийн хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртэй хослуулан  амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, хүрсэн үр дүн, сургалтын арга барилын онцлогоос товч дурдвал:

Олон улсын хөтөлбөрүүдийн үнэлгээ нь дэлхийн жишиг стандартын дагуу Кембрижийн шалгалтын төвийн хөндлөнгийн үнэлгээгээр үнэлэгдэж 5, 8, 9-12 р ангийн сурагчдад олон улсын бага боловсрол, олон улсын суурь боловсрол, бүрэн дунд боловсрол болоод ахисан шатны боловсролын гэрчилгээг Кембрижээс олгодог юм.

Эдгээрийн дотроос дэлхийн боловсролын “Алтан стандарт” хэмээгддэг “А-level” буюу ахлах сургуулийн хөтөлбөр нь гүнзгийрүүлсэн ахлах боловсролын дэлхийн жишиг хөтөлбөр бөгөөд дэлхийн ихэнх улс орны нэр хүнд бүхий их дээд сургуулиуд уг хөтөлбөрөөр бэлтгэгдсэн сурагчдыг амжилттай суралцагч болон төлөвшсөн, академик мэдлэгээ өндөр түвшинд эзэмшсэнийг нь хүлээн зөвшөөрч дүнд нь үндэслэн өөрийн сургуулийн кредитүүдийг дүйцүүлэн тооцдог зарчимтай. Энэ жишгийн дагуу ирэх хичээлийн жилээс эхлэн Монголын тэргүүлэх их дээд сургуулиуд Орчлон сургуулийн сурагчдын Математик, Байгалийн ухаан, Нийгмийн ухаан, Англи хэлний хичээлийн чиглэлээр “A-level”-д үзсэн хичээл тус бүрээр 3 кредит дүйцүүлэн тооцох судалгааг хийж байна.

Орчлон сургуулийн 10 удаагийн төгсөлтийн төгсөгчдийн 97 хувь нь гадаад, дотоодын их, дээд сургуульд амжилттай элссэнээс 70.5 хувь нь гадаадын сургуулиудад суралцаж байна.

Орчлон сургуулийн сурагчид ухаалаг, цахим хэрэглээг зөв хэрэглэхэд суралцаж, хичээл, ном сурах бичиг, шалгалт, бэлтгэл, санал асуулга, үнэлгээний систем, номын сан, хичээлийн хуваарь, ирц бүртгэлийн систем зэргийг програмын дагуу тогтмол ашигладаг. Мөн ахлах ангийн сурагчид онлайн сургалтын менежментийн “Moodle” програм, оюуны бүтээлийн зүй зохистой хэрэглээг хянах “Turnitin” үйлчилгээ, судалгааны өгүүлэл бичих, эш татах “MLA” стандартуудыг мөрдөн хэрэгжүүлж байна.

Дэлхийн Монгол иргэнийг бэлтгэж, сурган хүмүүжүүлэх эрхэм зорилгынхоо дагуу тус сургууль монгол хэл, монгол бичгийн хичээлийн сургалтандаа онцгой анхаарал хандуулж, үндэсний өв, соёл уламжлал, амьдрах ухааны хичээлүүдийг тусгайлсан хөтөлбөрөөр  ордог төдийгүй 21-р зууны бүтээлч иргэнийг төлөвшүүлэх зорилгод чиглэгдсэн эрүүл мэнд, хүмүүнлэгийн үйл ажиллагаа, урлаг, спорт, гоо зүйн уламжлалт хөтөлбөрүүдээ улам бүр чанаржуулж байна.

Орчлон сургууль Кембрижийн хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын стандартад нийцсэн сургалтын орчинг бүрдүүлэх зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилд 1500 хүүхдийн суудалтай шинэ сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтанд оруулсан бөгөөд энэхүү бүтээн байгуулалт нь М-Си-Эс Группын 20 жилийн ойн хүрээнд нийгмийн салбарт хийж хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг болсон юм. Одоогоор шинэ цогцолбор болон Сүхбаатар дүүрэг дэх салбартаа сургууль, цэцэрлэгийн 2200 орчим сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ирэх хичээлийн жилийн элсэлтээ авч эхэлсэн байна.

Орчлон олон улсын сургуулийн боловсролын салбарт хийж бүтээж буй ажил үйлс, шинэчлэл, багш сурагчдын амжилтыг үнэлэн дөрөв дэх удаагийн “Bloomberg TV Mongolia Awards” шалгаруулалтаас Боловсролын салбарын шилдгээр анхлан тодруулсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж