Орон сууцны бирж ажиллаж эхэллээ

2016 оны 4 сарын 4

Нийслэлийн хэмжээнд 250 гаруй барилгын компани орон сууц барьж байна. Харин иргэд энэ олон барилгын компанийн талаар мэдээлэл муутай, тэдний барьж байгаа барилгуудын аль нь илүү чанартай, найдвартайг нь мэдэхгүйгээс сонголтоо буруу хийн эд хөрөнгөөрөө хохирох явдал гарах болсон. Мөн ипотекийн зээлийн талаар ч цэгцтэй мэдээлэлгүй, зөвлөгөө өгөх хүнгүй зэрэг бэрхшээл иргэдэд тохиолддог. Тэгвэл орон сууцтай холбоотой бүх үйл ажиллагааг “Орон сууцны бирж”-д нэгтгэхээр болжээ. “Орон сууцны бирж” дөрөвдүгээр сарын 1-нд нээгдээд байна. Уг бирж “Мишээл” барилгын их дэлгүүрт байрлаж, орон сууцны мэдээлэл, байршил, үнэ, чанар, ипотекийн найм болон таван хувийн хүүтэй зээлийн талаар мэргэжлийн хүмүүс зөвлөгөө өгч эхэлжээ. Биржийн үйл ажиллагааны талаар “Орон сууцны бирж”-ийн дарга Г.Батсүхээс тодрууллаа.

-Орон сууцны барилгатай холбоотой бүх мэдээллийг нэгтгэсэн бирж ямар байдлаар ажиллах вэ?

-Орон сууцны мэдээллийг иргэдэд нэг дороос өгч, барилгын компаниудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор нэгдсэн биржийг нээсэн. Ингэснээр иргэд орон сууцны мэдээллийг нэг дороос, цогцоор авна гэсэн үг. Ялангуяа ипотекийн зээл, орон сууц худалдан авах мэдээлэл, зөвлөгөөг мэргэжлийн хүмүүсээс авах боломж бүрдэж байна. “Орон сууцны бирж” Мишээл барилгын их дэлгүүрт ажиллана. Энд банк, нотариат, эд хөрөнгийн бүртгэл зэрэг орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүх үйлчилгээ цогцоороо бүрдсэн.  

-Биржийн бэлтгэл хэр хангагдсан бэ. Эхний ээлжид мэдээллээ байршуулах компаниуд бүртгүүлж байгаа юу. Хэчнээн компани бүртгүүлж, мэдээллээ байршуулсан бэ?

-Биржийн бэлтгэл үндсэндээ хангагдсан. Засварын ажил дуусч байна. Одоогоор оролцох компаниуд саналаа ирүүлж байна. Эхний ээлжид 100 гаруй компанийн мэдээллийг байршуулахаар төлөвлөсөн. Одоогоор бүртгэл 50 хувьтай үргэлжилж байна. Энэ долоо хоногт бүртгэл дуусна. Компаниудын зүгээс ч тэр биржид мэдээллээ байршуулах сонирхол их байгаа нь харагдсан.

-Зөвхөн шинэ орон сууцаас гадна зах зээлд аль хэдийн борлуулсан байр, түрээсийн талаарх мэдээллийг ч төвлөрүүлнэ биз дээ. Ямар байдлаар бүртгэж, ажиллах вэ?

-Эхний ээлжид шинэ орон сууц барьж буй компаниудын үйл ажиллагааг дэмжих чиглэлд ажиллана. Хоёр дахь шатанд хуучин орон сууц болон, энэ зах зээлд үйл ажиллагаа явуулаад олон жил болж буй, зах зээлд борлуулагдаж буй орон сууцны мэдээллийг тавихаар төлөвлөсөн. Мэдээж худалдахаас гадна түрээслүүлэх орон сууцныхаа мэдээллийг компаниудаас гадна хувь хүмүүсч оруулах боломжтой.

-Иргэд “Орон сууцны бирж”-ээр яаж үйлчлүүлэх вэ. Ямар нэг төлбөр мөнгө байх уу?

-Иргэдийн хувьд “Орон сууцны бирж”-ээр үнэ төлбөргүй үйлчлүүлнэ. Мишээл барилгын их дэлгүүрт байрлах “Орон сууцны бирж”-д ирээд өөрийн хүсэлтээ илэрхийлнэ. Ингээд ямар байршилд, хэдэн төгрөгийн үнээр орон сууц худалдан авах боломжтой вэ гэдгээ судалж, нэг дороос бүх мэдээллээ харах боломжтой. Мөн иргэдийн хувьд мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй байдаг. Тэгвэл орон сууцны биржид мэргэжлийн зөвлөгч нар ажиллах юм. Иймээс орон сууц худалдан авах иргэдэд маш хэрэгтэй бирж нээгдсэн гэж болно.

М.КЭЙТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна