Европын аялал жуулчлал буурч байна

2016 оны 4 сарын 4

 

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Парист, сая гуравдугаар сарын 22-нд Брюссель хотноо болсон алан хядах ажиллагаа Европ тивийн жуулчлалын бизнест хохиролтой байна. Европ бол жуулчид хамгийн их очдог газар юм.

 

35 хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархадсан Брюсселийн хэрэг явдлын дараа Брюсселийн зочид буудлуудын захиалга өгсөн хүмүүсийн 25 хувь нь захиалгаа цуцлаад байна. Зочид буудлын салбарт судалгаа явуулдаг STR компанийн урьдчилсан мэдээнд энэ тухай өгүүлсэн байлаа.

 

Европын бусад хотод ч зочид буудлуудын урьдчилсан захиалга бас л буурчээ. Тухайлбал, Лондонд 58 хувиар, Парист 67 хувиар буурсан байна.

 

Аялал жуулчлал нь Европын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг эзэлдэг, тус тивийн эдийн засагт чухал үүрэгтэйд тооцогддог салбар юм.

 

Өнгөрсөн онд Парист болсон террорист халдлагын дараа аялал жуулчлалын салбарын өсөлт буурна гэсэн таамаг гарч байсан юм. Энэ оны нэгдүгээр сард “United Nations' World Travel Organization” байгууллага Европын аялал жуулчлал 3,5-4,5 хувиар өснө гэж дүгнэсэн нь өмнөх оны таван хувийн өсөлтөөс доогуур  байлаа. Их Британийн “Thomas Cook” гэх жуулчлалын компани өнгөрсөн долоо хоногт жуулчдын зуны захиалга таван хувиар буурсныг зарласан юм.

 

“Геополитикийн хурцадмал байдал олон үйлчлүүлэгчийг төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэж байна" хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Питер Фанкхаузер  хэлжээ.

 

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн депортаментаас өөрийн иргэддээ Европт жуулчлах нь эрсдэлтэйг сануулсан нь 2010 оноос хойших улсын хэмжээний сануулга боллоо. Нэгдсэн вант улс ба Хойд Ирландын эрх баригчид мөн иргэддээ хандан Брюссельд очихдоо Бельгийн засаг захиргааны заавар зөвөлгөөг авч байх хэрэгтэйг санууллаа. Брюссель нь Парис шиг жуулчдыг ихээр татдаг хот биш ч гэсэн НАТО, Европын холбоо байрладаг , Европын тээврийн чухал зангилаа юм.

 

Гуравдугаар сарын 22-нд Брюссель хотноо Хуванцар эдийг дахин боловсруулах талаар олон улсын бага хурал, мөн үзэсгэлэн нээгдэх ёстой байсан ч хоёр дахь удаагаа хойшилсон. 1500 төлөөлөгч оролцох ёстой уг арга хэмжээг Парисын халдлагын дараа хойшлуулаад байсан юм.

 

Брюсселийн онгоцны буудал, метронд халдлага гарсан нь жуулчдын айдсыг улам нэмээд байна. “Одоо байдал огт өөр. Ихэнх хүн Европыг аюулгүй газар нутаг гэж одоо хэлж чадахгүй боллоо. Хятадууд гэхэд одоо Парис, Итали, Герман, Испани гэж ялгахгүй, тэдэнд Европ ерөнхийдөө аюултай болж хувирсан” хэмээн Гамбург дахь Хятадын “Outbound Tourism Research” хүрээлэнгийн захирал Вольфганг Арлт өгүүлж байна.

 

Парисын буудлуудад буусан хятад жуулчдын тоо өнгөрсөн арванхоёрдугаар сард 3,1 хувиар буурсан байв. Оны эхний 10 сард хятад жуулчдын урсгал 46 хувиар нэмэгдсэн тоотой.

 

Парисын зочид буудлын дундаж ашиг энэ оны эхний хоёр сард 13 хувиар буужээ. Ер бол Парисын террорын үр дагавар дэлхийд нөлөөлсөн. Жуулчлалын сайтуудын эзэн “Priceline Group”-ийн мэдээлснээр, дэлхийн даяар буудлын урьдчилсан захиалгын хэмжээ 10 хувиар буурчээ. Нисэх компаниудын захилга ч буурсан байна. Зорчигчид эртнээс урьдчилан биш, явахынхаа өмнө захиалга өгөхийг илүүд үзэх болсон гэнэ. Европын агаарын тээврийн Air France-KLM SA компанийн  хохирол 120 сая евро болжээ. Тансаг зэрэглэлийн бараа, үйлчилгээний худалдааны орлого ч буурч байна. “Одоо Европт 400 гаруй террорист байгаа” тухай албан ёсны мэдээлэл нь аялал жуучлалын урсгалд ихээхэн нөлөөлсөн нь илт.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна