Ж.Батзандан Ч.Ганхуяг нар тойрогтоо ажиллалаа

2016 оны 4 сарын 4

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганхуяг нар энэ өдрүүдэд Баянзүрх, Налайх дүүрэгт ажиллаж, хороонд хийгдсэн буй бүтээн байгуулалтын ажлуудаар иргэдтэй санал солилцохын зэрэгцээ өөрсдийн  ажлын тайлангаа тавилаа. Өнгөрсөн жилүүдэд Баянзүрх дүүрэгт хамгийн их бүтээн байгуулалт өрнөж зам талбай, дэд бүтэц, цахилгаан эрчим хүчний доголдол буурч, өрхийн амжиргааг дэмжих төсөл хөтөлбөрүүд хэрэгжснээр ажилтай иргэдийн тоо нэмэгдэж байгаа талаар уулзалтын үеэр гишүүд онцолсон.

 

Мөн өнгөрсөн хугацаанд санаачлан батлуулсан хуулиудын талаар товч мэдээлэл өгч, тэдгээр хуулиуд амьдралд хэрхэн хэрэгжих хийгээд ард түмэнд ямар нөлөөтэй хууль болсон талаар танилцуулсан юм. Иргэдийн зүгээс гишүүдийн тайлан, танилцуулгыг сонсож, дүүрэг хороонд хийгдсэн ажлуудад сэтгэл хангалуун байгаагаа дуулгасан ч санал бодлоо илэрхийлж байлаа.

 

Тухайлбал, тус дүүргийн 5-р хорооны иргэн Б.Билгүүн

 

 

БЗД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд хууль тогтоох, төсөв батлах зэргээр олон талын ажлыг маш сайн хийж байгаа хэмээн дүгнэж буйгаа илэрхийлээд "БЗД-т хийж байгаа бүтээн байгуулалт, гарч байгаа хуулиуд нь иргэдийн амьдралд үр өгөөжөө өгч байгаа гэж ойлгож байна. Төсөв мөнгийг нь батлаад өгөхөд дунд шатны удирдлага болох дүүргийн Засаг дарга харин ажлаа сайн тайлагнаж байх хэрэгтэй байна." гэсэн юм.

 

БЗД-ийн 16-р хорооны иргэн

 

 

“Их Хурлын гишүүд ирээд иргэдтэйгээ уулзаж хаана ямар ажил өрнөж байна. Батлаад өгсөн төсөв, мөнгөөр юу хийв гэж ярилцаж байгаан сайшаалтай хэрэг. Өнгөрсөн жилүүдэд манай Баянзүрх хоггүй болж чадсан, гэмт хэрэг буурсан, зам талбай засагдаад ярих юм алга. Иргэд бид хийсэн зүйлээ ярьж сурахгүй бол хийж байгаа зүйл бүрийг харахгүй байгаа юм шиг өнгөрч болохгүй. Одоо иргэдийн хэлж байгаа зүйлийг сонсож байхад , голдуу ажил хэрэгтэй байна мөнгө хэрэгтэй байна миний орон сууц ийм байна гээд л хувийн асуудалд уур хилэн гаргаж байгаа нь харамсалтай байна. Эрхэм гишүүддээ хэлэхэд, төсөв мөнгө тавьсан өчнөөн мөнгө төчнөөн төгрөг гэхийн.Энэ их мөнгө яг зарцуулагдаж байна уу үгүй юу тал нь идээд талаар нь хийж байна гэдэг хардлага бас төрөөд байгаа учраас шалгаад хэлж байхгүй бол зарим зүйлийг сонсоход ч арай л дэндүү мөнгөөр баригдсан байх юм” гэлээ.

 

БЗД-ийн 20-р хорооны иргэн

 

 

"Би энэ хороонд амьдраад 50 жил болж байна.Одоо АН, МАН гээд л хороо дүүргийн хүмүүс хоёр хуваагдчихсан. Би ерөөсөө энэ намчирхдаг байдлыг халаад өгөөч гэж хэлмээр байна. Иргэд хөдөлмөрчдийн хуралд хэн ч сууж үгээ хэлж болох байтал одоо энд хэрүүл гараад л  МАН, МАХН, АН гээд л байх шиг байх юм. Хүмүүс нам гэж талцаж суухаар энэ жилийн сонгуулиар хийсэн юмтай шударга хүнийг сонгоорой гэж уриалмаар байна. Идэж ууна мөнгө төгрөг хусна гэвэл аль ч нам хамаагүй авна иднэ.Тэгэхээр намчирхаж манай танай гэх биш манай хороонд хийсэн хэлсэн үг нь нийлдэг шударга зарчимч хүнийг л дэмжих хэрэгтэй. Одоо манай улсад нам гээд талцуулдаг хэдэн баячууд ард иргэдээр тоглож дууслаа. Эрхэм гишүүд минь энэ намчирхдаг зүйлийг болиулж өгөөрэй. Урьд бид нэг намтай байхдаа ажиллаад хөдөлмөрлөөд болоод л байсан. Одоо биднийг ажил хийе гэхээр нохойноос дор үзэх болсон. Таны нас хэтэрсэн байна гээд байдаг. Ер нь нам, нам гээд байгааг л болимоор байна. Ж.Батзандан гишүүнийг бол нэг ажил эхлүүлээд түүнийхээ төлөө явдаг гэдгийг нь гадарланаа. Тууштай байгаарай. Битгий худалдагдаарай" гэж сэтгэгдлээ хуваалцлаа.