Онгоц барьцаалсан томоохон хэргүүд

2016 оны 4 сарын 4

Өнгөрсөн долоо хоногт сэтгэцийн эмгэгтэй нэгэн египет иргэн EgyptAir  компанийн зорчигч тээврийн Airbus A320 онгоцыг барьцаалан, онгоцыг Киприйн Ларнака хотын нийэх буудалд буулгаж, хагас өдрийн турш дэлхий ертөнцийг түгшээв. Сүүлийн жилүүдэд онгоц барьцаалсан хэргүүд нэмэгдэж байна. 1990-ээд оноос хойш гарсан хэргүүдийг танилцуулья.

Пакистаны исламын дайчдын барьцаалсан Энэтхэгийн онгоцны дэргэд байгаа талибууд, Кандагар, 1990 он. Гэрэл зургийг: Reuters

 

2014.02.17. Аддис-Абеба-Ром-Миланы чиглэлд нисч байсан Ethiopian Airlines компанийн Boeing 767 онгоцны хоёрдугаар нисгэгч багийн  даргаа бүхээгээс гарсны дараа хаалгаа түгжин уг онгоцыг Женев хот руу нисгэжээ. Уг онгоцонд 193 зорчигч, мөн багийн найман гишүүн явжээ. Онгоцыг Женевт буулгасны дараа хоёрдугаар нисгэгч эрх баригч нартай холбоо барин улс төрийн орогнол хүсчээ. Дөнгөж найман минут нисэх шатахуунтай үлдсэн уг онгоц газардсаны дараа тэрбээр эрх баригчдад бууж өгсөн юм. Түүнийг 20 жилийн хорих ялаар шийтгэсэн.

 

2009.04.09. Канадын CanJet  компанийн Boeing 737 хөлөг Ямайкийн Монтего-Бей хотоос нисэхийн өмнө онгоцонд гар буутай орж чадсан нэгэн этгээд 182 зорчигчтой  уг хөлгийг барьцаалан Куба руу нисэхийг шаардав. Хэдэн цагийн турш түүнтэй хэлэлцээр явуулсны эцэст тэрбээр зорчигчдыг суллажээ. Харин нисгэгчдийг  барьцаалсан хэвээр байлаа. Ямайкийн тусгай  хүчнийхэн онгоцыг дайран эзэлж барьцаалагчийг баривчилжээ. 

 

2001.09.11. Иргэний агаарын тээврийн түүхэн дэх онгоц барьцаалсан хамгийн том хэрэг. United Airlines, American Airlines компанийн дөрвөн онгоцыг “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой террористууд барьцаалсан юм. Хоёр онгоцоор Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг, өөр нэг онгоцоор Пентагоны таван өнцөгт байрыг мөргөсөн. Харин дөрөв дэх онгоцны зорчигчид бүхээгийн хаалгыг онгойлгох гэж оролдсоны дараа Пеньсильвани мужид унасан юм.

 

2001.03.15. Внуковын нисэх компанийн Ту-154 онгоцыг Стамбулаас Москвагийн чиглэлд нисч явахад нь гурван чечень барьцаалж, Саудын Араб руу нисэхийг шаарджээ. Медина хотод буун шатахуунаар цэнэглэсний дараа террористууд бодлоо өөрчлөн Афганистан руу нисэхээр шийдэв. Дараа нь онгоцыг дэлбэлнэ гэж  заналхийлж эхлэв. Саудын тусгай хүчнийхэн онгоцыг дайран эзлэх үеэр нэг террорист, Туркийн иргэн зорчигч, онгоцны үйлчлэгч Юлия Фомина нар амь үрэгджээ.

 

2000.05.25. Philippine Airlines (A330) компанийн Давао- Манила чиглэлийн онгоцыг нисэхийн өмнө гар бөмбөг, гар буугаар зэвсэглэсэн этгээд барьцаалав. Онгоцонд 278 зорчигч, нисэх багийн 13 гишүүн байлаа. Барьцаалагч зорчигчдыг үнэт эдлэл, зүйлсийг уутанд цуглуулахыг шаардав. Онгоц агаарт хөөрсний дараа зориуд өөртөө бэлдсэн шүхрээр бууна хэмээн агаарын хөлгийг доошлон люкээ нээхийг шаарджээ. Гэвч сүүлчийн мөчид барьцаалагч сандарч эхэлсэн гэдэг. Тэгэх агшинд онгоцны үйлчлэгч түүнийг люк рүү түлхэн унагасан бөгөөд түүний цогцсыг гурав хоногийн дараа Манила хотоос далаад км-ын зайтай газраас олжээ.

 

1999. 12. 24. Indian Airlines компанийн Катманду-Дели чиглэлийн нислэгийн 176 зорчигч, нисэх багийн 15 гишүүнтэй A300 хөлгийг Пакистаны “Харакат уль-Мужахидин” гэх хэт даврагч бүлгийн гишүүд барьцаалан Энэтхэг Амритсарт  буулган шатахуунаар цэнэглүүлээд тэндээс Пакистаны Лахор, дараа нь Дубай хүрэв. Дубайд 17 хүнийг чөлөөлсөн ба дараа нь тэндээс хөөрч Афганы Кандагарт онгоцыг буулгажээ. Барьцааны хүмүүсийг чөлөөлсний дараа талибуудын Засгийн газар тэдэнд 10 цагийн дотор Афганистаныг орхин гарах тушаал өгсөн байлаа.

Энэтхэгийн агаарын хөлгийг барьцаалагчид талибуудтай хэлэлцээр хийж байгаа нь. Фото: Dimitri Messinis / AP

 

1999.07.23. All Nippon Airways компанийн 503 зорчигч, нисэх багийн 14 гишүүнтэй агаарын хөлгийг Токиогоос хөөрөөд 14 минут болж байхад хутгаар зэвсэглэсэн этгээд багийн бүхээгт нэвтэрлээ. Онгоцны дарга онгоц нь барьцаалагдсаныг мэдээлж амжсан ч хутгалуулан амь алдав. Барьцаалагч этгээд онгоцыг жолоодохыг оролдож байх үеэр түүнийг бусад нисгэгчид нь барьж авчээ. Хожим тэр этгээд хүчтэй мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон ба Токиогийн булангийн Баясгалангийн гэх гүүрэн дээгүүр нисэхийг хүссэн гэж  мэдүүлсэн байлаа.

 

1996.09. 03. Hemus Air компанийн 150 зорчигч, багийн найман гишүүнтэй, Бейрут-Варнагийн чиглэлийн нислэгийн ТУ-154 онгоцыг барьцаалсан палестин иргэн Ослод онгоцыг газардуулсаны дараа эрх баригчдад буун өгч, Норвегиас улс төрийн орогнол хүссэн юм. Шүүх хурал дээр тэр өөрийгөө галзуу, солиотой гэж байсан ч дөрвөн жилийн ял оноож, түүнийг Ливанд буцаан шилжүүлжээ.

 

1994.12. 24. Air France компанийн A300 агаарын хөлгийг Алжираас Марсель рүү нисч байхад барьцаалав. Онгоцонд 220 зорчигч, нисэх багийн 12 гишүүн байв. “Исламын зэвсэгт бүлэг” байгууллагын дөрвөн гишүүн уг онгоцоор Эйфелийн цамхгийг мөргүүлэх төлөвлөгөөтэй байсан юм. Онгоц Марсельд газардан шатахуунаа цэнэглэж байх үеэр тусгай албаныхан онгоцыг дайран эзэлсэн юм. Дөрвөн террористийг устгасан ба өөр гурван зорчигч Алжир байхадамиа алдсан байсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна