Монголчуудыг залилсан Мунши

2016 оны 4 сарын 4

Монголд хөрөнгө оруулагчдыг залилсан этгээд Монголыг муугаар сурталчилж явна

Монгол Улсыг “ашигт малтмалын арвин нөөц баялаг” хэмээх төсөөллөөр гадаадын хөрөнгө оруулагчид ид сонирхож байх үед Мiningolia гэж нэрийдэх наад захын хэрэг байлаа. Чухам тэрхүү хөөсрөлийн үед Монголд хөрөнгө оруулагчид эдийн засгийн үр ашигтай төслүүдийг санал болгож байсан ч тэдний дунд санхүүгийн луйвар хийх шуналтнууд ч бэлэн загвартайгаа хамт шургалсны нэг сонгодог гэмэр жишээ нь Мохамед Ибрахим Мунши юм.

Олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сангийнхны хувьд танил болсон луйврын схемийг эзэмшиж, үүгээрээ тэдний мэдээллийн санд бүртгэгдсэн Мо Мунши хэмээх пакистан эр уул уурхайн буум үүсч байх үед Монголд хөл тавьж, нүүрсний орд газрын лицензээр барьцаалан 180 сая орчим ам.долларын санхүүжилтыг татсан нь тогтоогдоод байгаа талаар бид өмнөх дугаарууддаа мэдээлсэн. Тэрбээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас IPO хийх замаар биш гэрээний зарчмаар их хэмжээний мөнгө татан төвлөрүүлсэн ч тэдний өмнө ямар ч хариуцлага хүлээлгүй хэтэрхий урт хугацаанд таг чиг болсон тул өдгөө хуулийн байгууллагын хаалга татжээ.

Бритиш Виржинийн арал хэмээх оффшор бүсэд бүртгэлтэй толгой компанийнх нь охин компаниуд Монголд ашигт малтмалын лиценз эзэмшдэг бөгөөд тэдгээрийн нэрээр дээр дурдсан 180 сая орчим ам.долларыг зээлж авсан гэдгийг хуулийн байгууллага тогтоогоод байгаа. Хамгийн гол асуудал нь гэвэл Мо Мунши зээлдэгчийн хувиар хэний ч өмнө хариуцлага хүлээгээгүй, хүлээх ч бодолгүй, цаашилбал анхнаасаа залилах төлөвлөгөөтэй байсан нь өнөөдөр ил болжээ.

Үүний цаана Монголын ард түмний баялаг /үүнийг Үндсэн хууль тодорхой заасан байдаг/ болох ашигт малтмалын маш олон тооны лиценз санхүүгийн луйврын хэрэгсэл болж ашиглагдсан нь анхаарал татаж буй юм. Тэдгээр ордын баялагт түшиглэсэн компанийн нэр дээр хөрөнгө оруулагчдаас зээл авахдаа “Хувьцаа захиалгын гэрээ” байгуулж байсан ч тэдгээрт хувьцаа олгоогүй өдийг хүрчээ. Ийм хохирогчдын нэг нь “Моннис” компани бөгөөд 2010-2011 оны хооронд 25.5 сая ам.долларыг Хувьцаа худалдан авах гэрээний нөхцөлөөр Мо Муншигийн компанид  өгсөн ч өнөөдрийг хүртэл тэндээс хувьцаа, ашиг хүртэх нь бүү хэл, анх гэрээ байгуулсан Мо Муншиг ч дахин олж хараагүй байгаа юм. Энэ хугацаанд Мо Мунши “Моннис Интернэйшнл” компанийн захирал Б.Чулуунбаатарт жилдээ нэг удаа шинэ жилээр мэндчилгээ дэвшүүлсэн мэйл л ирж байжээ. Мо Муншигийн шинэ жилийн мэндчилгээг авахын тулд 25.5 сая ам.доллараа өгөөгүй нь тодорхой учраас Б.Чулуунбаатар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тэгээд ч Мо Мунши хэмээх зартай этгээдэд мөнгөө дээрх байдлаар алдсан хөрөнгө оруулагч ганц Б.Чулуунбаатар биш учраас хилийн чанадад ч нэг бус хуулийн этгээд түүний эсрэг гомдол гаргаад байгаа. Энэ тоолонд Баянхонгор аймгийн Шинэжинст, Говь-Алтай аймгийн Зээгтийн нүүрсний ордын лицензийг эзэмшдэг Гоби Коул энд Энержи компанийн нэр сөхөгдөж байдаг. Яагаад гэхээр тус компанийн нэр дээр гадаадын томоохон компани, хөрөнгө оруулалтын сангууд нийтдээ 180 сая ам.доллар орчим зээл өгсний дотор БНХАУ-д бүртгэлтэй Ориго Партнерс Пи Эл Си компани 1.3 сая ам.доллар, Арабын Аабар сан 90 гаруй сая ам.доллар, Малайзын Засгийн газрын мэдлийн Тэтгэврийн сангаас 1MDB компанийн нэрээ авсан дөрвөн тэрбум ренгит, хөрөнгө оруулалтын Capital Group-ийн тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт, мөн “Моннис интернэйшнл” компани 25.5 сая ам.доллар бичигдэж байна. Эдгээрээс Малайзын Тэтгэврийн сан зээлийн асуудлаа улстөрийн түвшинд маш хүчтэй тавьж байгаа бөгөөд тус улсын эрхбаригчид оролцсон дээрх мөнгөний хойноос АНУ-ын Холбооны мөрдөх товчоо мөрдлөг явуулж буй талаар олон улсын мэдээллийн агентлагууд жил гаруйн өмнөөс цацаж эхэлсэн юм.

Монголын цагдаагийн байгууллагад шалгагдаж, хил давах эрхгүй болчихоод байгаа Мо Мунши өөрийнхөө буруутай үйлддүүдийг хүлээн зөвшөөрсөн ч бусдад учруулсан хохирлоо барагдуулах асуудлаас зугтаж байгаа аж. Хачирхалтай нь үүнээс өөрөө бултахын тулд эхнэр Д.Уранбилэг рүүгээ бүхнийг түлхэж, тэрчлэн эхнэр биш хамтран амьдрагч гэж хэлдэг байна. Үнэндээ ч Мо Муншигийн эхнэр Д.Уранбилэг гэмгүй ч биш. Мо Мунши ихээхэн хэмжээний мөнгийг  бусдаас залилан авахад Д.Уранбилэг, түүний эгч Д.Энхжаргал, хүргэн ах Л.Энхбаяр нар оролцсон, бүх банкны гүйлгээг тэрбээр эхнэрийнхээ болон өөрийнхөө нэрээр хийдэг байсан, орж ирсэн мөнгийг Д.Уранбилэгийн нэр дээрх Сурименежмент компанийн данс руу үйлчилгээний хөлс хэлбэрээр шилжүүлэн гаргаж авдаг байсан гээд олон баримт бий.

Гоби Коул энд Энержи компанийн нэрээр бусдаас “Хувьцаа худалдах гэрээ” гэгчээр их хэмжээний мөнгө татаж авахдаа  үедээ тэрбээр “сайн чанарын коксжсон нүүрсний нөөцийг эзэмшдэг” гэж танилцуулж байсан ч үнэндээ бол Эрдэс баялгийн зөвлөлөөр нөөцийн хэмжээг ч тогтоолгоогүй байжээ. Одоо хэр нь хувьцаа өгнө гэж “хулхидсан” хөрөнгө оруулагчдадаа ордын нөөц, компанийн үнэ цэн, хувьцааны нэгжийн үнэ хэд болох, тэрчлэн олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг ч мэдээлээгүй. Ил тод мэдээлэх үнэн зүйл гэж байхгүй болохоор, магадгүй эхнээсээ л залилан мэхлэх зорилготой байсан учраас арга ч үгүй биз ээ. Тэр бүү хэл хэнээс хэрхэн мөнгө босговол дараа нь хэлэх үггүйгээр хариуцлагаас мултарч болохоо ч Мо Мунши шиг өндөр түвшний санхүүгийн луйварчид /энэ үгийг интернэт дэх түүний талаарх мэдээллээс авч хэрэглэлээ/ тооцоолдог бололтой. Яагаад гэхээр түүнд мөнгөө залилуулсан томоохон Хөрөнгө оруулалтын сангууд өнөөдөр энэ асуудлыг ил тод ярьж, хэл зарга үүсгэнэ гэвэл өөрсдөө л улам бүр эрсдэлтэй байдалд орох нь ойлгомжтой юм. Яг л банкны адилаар олон нийтийн итгэл дээр дөрөөлөн эх үүсвэр татаж, хөрөнгө бүрдүүлдэг Хөрөнгө оруулалтын сангууд тэдний мөнгийг Мунши мэтийн этгээдүүдэд эргэн төлөгдөх баталгаагүйгээр алдаж байдгийг мэдэх юм бол хэн ч дахиад мөнгөө хадгалуулахыг хүсэхгүй. Мо Мунши гэхдээ тэдэнд ядаж жилдээ нэг удаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлдэг бол тэд хариу мэйлдээ “мөнгийг маань хэзээ эргүүлж өгөх вэ” гэж асуудаг л байх. Харин тиймэрхүү асуултын хариуд Мо Мунши “Монголын Засгийн газра авлигад идэгдсэн, намайг хааж хавчсан, зөвшөөрлүүдийг маань цуцалсан” гэдэг тайлбар өгч, эцсийн дүндээ байгалийн баялагтай Монголыг сонирхсон гадны хөрөнгө оруулагчдад биднийг дэндүү муухайгаар сурталчилж явна.

Хөрөнгө оруулагч нэрээр ямархуу луйврын схем хэрэгждэг, яаж тэд бусдын мөнгийг салгадгийг “Моннис” компани харин ч монголчууддаа хэлж сануулж, гашуун туршлагаасаа хуваалцах ёстой байх. Төрийн өндөр тушаалтнаар дамжуулан танилцсан түүхээсээ эхлээд бүгдийг ярьж өгвөл бусдадаа сургамж болно доо.

А.АЛИМАН

ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна