УИХ-ын дарга З.Энхболд Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад ажиллалаа

2016 оны 4 сарын 4

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016 оны 04 дүгээр сарын 01-03-ны өдрүүдэд Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад ажиллан орон нутгийн ажил байдал, бүтээн байгуулалт, Улсын Их Хурлын баталсан хууль, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн явц байдалтай танилцан, иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийн талаар иргэдэд дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын даргын Булган, Орхон,Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажилласан талаарх мэдээллийг багцлан хүргэж байна. 

 

2016 оны 04 дүгээр сарын 01. Баасан гараг

 

УИХ-ын дарга З.Энхболд “Майнд теч” үйлдвэрийн ажил байдалтай танилцав

 

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын орон нутгийн томилолтынхоо эхэнд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Майнд теч” үйлдвэрийн ажил байдалтай танилцав.

 

 

Тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад хоногт 100 тонн тосны ургамал боловсруулж, үүнийхээ 35 хувийг цэвэр тос гаргахад, 65 хувийг шахдасаар малын тэжээл үйлдвэрлэхэд зориулж, жилдээ 30 мянган тонн тосны ургамал боловсруулах хүчин чадалтай юм. Улсын Их Хурлын даргад “Оргих” нэрийн ургамлын тос, малын уурагт “Хүчит” нэрийн тэжээл, биодизель шатахуун зэрэг бүтээгдэхүүнүүдээ танилцуулж, мэдээлэл өгсөн юм.

 

Мөн малын уурагт тэжээлийн хэрэглээний талаар судалгаа хийж, малчдад зориулан жор боловсруулахаар туршилт хийж байгаагаа үзүүлж, туршилтын үр дүнгийн талаар танилцуулав.

 

 

Тус үйлдвэрийн 40 кг жинтэй “Хүчит” уурагт тэжээл зах зээлд 20.000-23.000 төгрөгөөр худалдаалагддаг бөгөөд тэжээллэг чанараараа 7 боодол өвстэй дүйцэж байгааг туршилтаар тогтоожээ. Ингэснээр өвлийн цагт бэлчээрийн малыг тэжээх, суурин мал ахуй эрхлэлтийг хөгжүүлэхэд хэрэгцээтэй хэмээн үйлдвэрийн мэргэжилтнүүд тооцоолсон байна.

 

УИХ-ын дарга З.Энхболд Булган аймаг дахь Төрийн банкны үйл ажиллагаатай танилцлаа

 

Улсын Их Хурлын даргын орон нутгийн томилолт Булган аймагт үргэлжилж, аймгийн удирдлагууд угтан авлаа. Тэрээр Улсын Их Хурлын баталсан хууль, Засгийн газраас гаргасан шийдвэрийн хэрэгжилттэй танилцахаар Булган аймаг дахь Төрийн банкны үйл ажиллагаатай танилцсан юм. Төрийн банкны "Булган" салбар нь нийт 18 нэгж, 76 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд аймгийн санхүүгийн зах зээлийн 28 хувийг хамардаг байна.

 

 

Тус салбар нийт 8531 зээлдэгчийн 25.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Нийт зээлийн багцын 79 хувийг тэтгэвэр, малчин, цалин зэрэг иргэдийн хэрэглээний зээл, 9 хувийг хөдөө аж ахуйн, 4 хувийг төслийн, үлдэж буй 8 хувийг бусад төрлийн зээл эзэлдэг байна. Булган салбарын хэмжээнд нийт 662 зээлдэгчид 1.6 тэрбум төгрөгийн малчны зээл нийтдээ 28.9 хувийн хүүтэй байсныг 2016 оны 02 дугаар сард Улсын Засгийн газраас баталсан "Сайн малчин" хөтөлбөрийн хүрээнд 18 хувь руу шилжүүлжээ.

 

УИХ-ын дарга З.Энхболд Булган аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцав

 

Улсын Их Хурлын дарга Булган аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний харьяа Ахмадын сувиллын газрын үйл ажиллагаатай танилцав. Тус сувиллын эрхлэгч, их эмч Б.Мягмар үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын даргад танилцууллаа. 

 

Улсын Их Хурлын дарга дараа нь аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Аймгийн хүүхэд залуучуудын хэрэгцээ, шаардлагад тулгуурлан 2.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй "Усан спорт, сургалтын төв"-ийг байгуулж байгаа аж. Одоогоор барилгын ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ оны 05 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм байна. 

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

УИХ-ын дарга Булган аймгийн иргэдтэй уулзалт хийж, УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжийн талаар танилцуулав

 

УИХ-ын дарга З.Энхболд Булган аймгийн иргэдтэй уулзаж, Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжийн талаар танилцуулга хийлээ. Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа эхэнд, 2015 оны намрын ээлжит чуулган 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын хороо 131 удаа хуралдаж, нийт 426 хууль, 64 тогтоол баталлаа. Эдгээрээс бие даасан хууль 29, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 355, олон улсын гэрээ конвенц соёрхон батлах тухай 11 хуулийг тус тус баталсан гэлээ. Улсын Их Хурлын дарга эдгээр хуулиудаас онцлон 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан Эрүүгийн тухай хуулийн талаар танилцуулав.

 

 

Мөн улсын өрийн талаар бодит мэдээллийг танилцуулж, ДНБ дэх Засгийн газрын өрийн хэмжээ нь манай улстай адилхан 35 улс байгаа бөгөөд бондын төлөлт хэвийн явагдаж байгаа гэдгийг хэллээ. Бондын хөрөнгийн гуравны нэгээр үйлдвэрүүддээ санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бол төр үндэсний үйлдвэрлэгчдэдээ эрх зүйн орчинд дэмжлэг үзүүлж, татварын зохицуулалт, хуулиар зах зээлийг нь хамгаалахаар “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг баталж, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

 

Түүнчлэн энэ жил улсын төсөвт “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрт 24 тэрбум төгрөгийг суулгасан болон энэхүү хөтөлбөрийн үр ашгийн талаар мэдээлэл өгөв. 2016 онд хугацаат цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Цэргийн алба хааж байх хугацаандаа бүтээн байгуулалтад оролцсон залуус мэргэжилтэй болох бөгөөд цэргээс халагдахдаа дансандаа орон сууцны урьдчилгаа төлөх хэмжээний хуримтлалтай болох тооцоог салбарын мэргэжилтнүүд хийсэн болохыг Улсын Их Хурлын дарга танилцууллаа. Мөн барилгын салбарын хөгжил болон ипотекийн зээлийн үзүүлсэн нөлөөллийн талаар иргэдэд танилцуулсан. 

 

 

Уулзалтын төгсгөл Булган аймгийн иргэд, хөдөлмөрчид УИХ-ын даргад амжилт хүсч, УИХ-аар баталж буй хууль, тогтоомжууд ард иргэдийн амьдралд бодит үр дүнгээ өгч байгаа бөгөөд Эрүүл мэндийн салбарын хуулиуд дээр анхаарч ажиллаж буйд талархал илэрхийлсэн юм. 

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

УИХ-ын дарга З.Энхболд Орхон аймаг дахь Төрийн банкны үйл ажиллагаатай танилцав

 

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд  Орхон аймагт ажиллан, Улсын Их Хурлын баталсан хууль, Засгийн газраас гаргасан шийдвэрийн хэрэгжилттэй танилцахаар тус аймаг дахь Төрийн банкны үйл ажиллагаатай танилцлаа.

 

Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд нь ипотекийн зээлийг олгож эхэлсэн цагаас хойш нийт 2975 иргэнд 111.5 тэрбум төгрийг зээлийн олгосон байна. Үүнээс Төрийн банк 261 харилцагчид 6.9 тэрбум төгрөгийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгосон байна. Өнөөдрийн байдлаар 12 иргэний 563.7 сая төгрөгийн зээлийг 5 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл рүү шилжлүүлжээ. Харин 6 иргэнд 334 сая төгрөгийн ипотекийн зээлийг шууд 5 хувийн хүүтэйгээр олгосон байна.

 

 

Төрийн банкны Орхон салбар нь 10 хувийн хүүтэй малчны зээлийг 7 иргэнд 18.5 сая төгрөгийн зээл олгосон ба бусад банкууд одоогийн байдлаар 10 хувийн хүүтэй малчны зээл олгоогүй байна. 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нийт 55 зээлийн 164.0 сая төгрөгийн зээлийн хүүг бууруулж 18 хувь болгосон байна. 5.0  сая төгрөгийн малчны зээлтэй харилцагч жилийн 30 хувийн хүүтэй зээл авч зээлийн хүүгийн төлбөрт жилийн хугацаанд 1.0 сая төгрөг төлдөг байсан бол 10 хувь болж буурахад 631.0 мянган төгрөг хэмнэж байгаа юм.

 

Улсын Их Хурлын дарга энэ үеэр Төрийн банкны харилцагчидтай уулзаж, Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн ач холбогдол, үр дүнгийн талаар тайлбарлан, мэдээлэл өгч, ярилцлаа.

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

УИХ-ын дарга Орхон аймгийн иргэдтэй уулзалт хийж, УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжийн талаар танилцуулав

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд  Орхон аймгийн иргэдтэй уулзалт хийж, Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжийн талаар танилцуулга хийв.

 

 

Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа эхэнд, 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль тогтоомжийн талаарх статистик мэдээллийг танилцуулав. Намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хуулиудаас онцлон Эрүүгийн тухай хуулийн талаар танилцуулга хийлээ. Мөн хөдөө, аж ахуйн ажлын байрыг олшруулж, ургацыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, хүнсний хангамж аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлов. Улсын Их Хурлын дарга дараа нь эдийн засгийн зарим асуудлаар мэдээлэл хийв. Монгол Улсын орлогын эх үүсвэр болсон алт, зэс, төмрийн хүдэр, алтны үнэ дэлхийн зах зээл дээр унасан. Харин эдийн засгийн дийлэнх хувь нь уул уурхайгаас шууд хамааралтай манай улсад үнийн уналт нь хүндээр туссан. Эдийн засгийн өндөр өсөлттэй жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт зөвхөн уул уурхайн салбарт байсныг тоо, баримтад тулгуурлан тайлбарласан. Түүнчлэн Оюутолгой ордын далд уурхайг барихад цемент, арматур, ажиллах хүч чухал бөгөөд Монгол Улсад эдгээр нь хангалттай байгаа учраас далд уурхайн бүтээн байгуулалтыг Засгийн газар дэмжсэн гэлээ.ТүүнчлэнУлсын Их Хурлын дарга эрчим хүч, авто зам, инженерийн дэд бүтэц, барилгын салбарт оруулсан хөрөнгө оруулалтын тайланг танилцуулан, үр ашгийн талаар мэдээлэл өглөө.

 

 

УИХ-ын дарга Орхон аймгийн иргэдэд, барилгын салбарын хөгжил болон ипотекийн зээлийн үзүүлсэн нөлөөллийн талаар танилцуулсаны зэрэгцээ мөн  газар тариалангийн салбарын талаарх мэдээллийг өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал хүсэлтийг нь сонслоо. 

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

2016 оны 04 дүгээр сарын 02. Бямба гараг

 

УИХ-ын дарга З.Энхболд Орхон аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

 

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Орхон аймагт ажиллаж, аймгийн бүтээн байгуулалтын ажил болон түүхий резин, резинэн түүхий эдийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэр хорооллын инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн хүрээнд Наран багт байрлах 2000м2 багтаамжтай усан сангийн байгууламжтай танилцсан юм. Хотын захирагчийн ажлын албаны дарга Б.Батжаргал тус байгууламжийн талаар болон Орхон аймгийн Баян-Өндөр суманд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын талаар танилцуулав. Орхон аймгийн хүн амын төвлөрөлтэй холбоотойгоор төвийн шугам сүлжээг өргөтгөх шаардлагатай байгааг хэлж байв.

 

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын өрхийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцав

 

Улсын Их Хурлын дарга Орхон аймгийн Баян-Өндөр сумын өрхийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний шинэчлэлийн стратеги”- ийн хэрэгжилтийг хангаж,  өрхийн эрүүл мэндийн төвүүдийг нэгтгэн цогц төв болгон хөгжүүлэх бодлогын  хүрээнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын орон сууцны 3 өрхийн эрүүл мэндийн эмнэлгүүдийг нэгтгэн  Өрхийн эрүүл мэндийн  цогц төвийг барьж ашиглалтад оруулаад байгааг тус төвийн дарга Д.Оюунсайхан танилцуулав. Энэ бүтээн байгуулалтад орон нутгаас 914 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэжээ. Ингэснээр нийт 4469 өрхийн 16314 хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх юм байна. 

 

 

Махны  төвлөрсөн худалдааны “Таван эрдэнэ” төвийн үйл ажиллагаатай танилцлаа

 

Улсын Их Хурлын дарга Орхон аймагт ажиллах үеэрээ Улсын Их Хурлын дарга махны худалдааны төвлөрсөн худалдааны “Таван эрдэнэ” төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. “Жаргалант мах импекс” ХХК-ийн захирал Ч.Батмагнай тус төвийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Орхон аймгийн Засаг дарга 2016 онд Худалдааг төвлөрүүлэх захирамж гарган, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор мал, малын мах, малын гаралтай түүхий эдийн төвийг байгуулахаар шийдвэрлэжээ.

 

 

УИХ-ын дарга З.Энхболд түүхий резин, резинэн түүхий эдийн үйлдвэрт ажиллан “Мэйнспринг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

 

Мөн Орхон аймагт ажиллах үеэр түүхий резин, резинэн түүхий эдийн үйлдвэрт ажиллан, “Мэйнспринг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. 2013 оноос Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн нутагт үйл ажиллагаа явуулж байна. Тус компанийн захирал Ш.Дэмбэрэл Улсын Их Хурлын даргад үйл ажиллагааныхаа талаар танилцуулав. Монгол Улсад анх удаа түүхий резин боловсруулах үйлдвэрийг байгуулан ажиллаж байна. Одоогоор үрэлтэнд тэсвэртэй, тосонд тэсвэртэй, тусгай зориулалтын зэрэг нэр төрлийн түүхий резинүүдийг үйлдвэрлэж “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй байгаа түүхий резинийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлж байгаа юм байна. 

 

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

УИХ-ын дарга З.Энхболд Төмөр бетон дэрний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав

 

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ажиллан, Улаанбаатар Төмөр замын Хөтөл дэх Төмөр бетон дэрний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. 1997 онд ашиглалтанд орсон Төмөр бетон дэрний үйлдвэр үндсэн 7 цех, 150 ажиллагсадтай талаар тус үйлдвэрийн дарга Ү.Чинсүх Улсын Их Хурлын даргад танилцуулав. Тус үйлдвэр нь 2200 тн-ын багтаамж бүхий цементийн агуулахтай, нэг удаагийн зууралтаар 0,55-0,9 м бетон зуурмаг бэлтгэх албадмал болон чөлөөт уналтын зууруулуудтай юм байна. Цагт 190с-тай, 4 тн уур үйлдвэрлах хүчин чадалтай, гинжит ул ширэмтэй DZL-4-А-II маркийн технологийн уурын зуухтай. Олон улсын ISO стандартын шаардлага хангасан өндөр нарийвчлалтай багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон чанар лабораторийн цех үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ.  Тус үйлдвэр нь төвийн эрчим хүчний шугам, авто зам болон төмөр замаар холбогдон дэд бүтцийн ашигтай бүс болох Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотуудын дунд Хөтөл хотод байрлаж үйлдвэрлэл явуулж байгаа нь давуу тал болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулж байсан юм.

 

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдтэй уулзав

 

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын орон нутгийн томилолт үргэлжилж,  Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ажиллан, Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолууд, эдийн засгийн зарим асуудлууд, бүтээн байгуулалт, бондын талаар болон барилгын салбар, ипотекийн талаар, хөдөө aж aхуйн салбарын талаар танилцуулж, мэдээлэл хийсэн юм. Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа эхэнд, 2015 оны намрын ээлжит чуулган 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын хороо 131 удаа хуралдаж, нийт 426 хууль, 64 тогтоол баталлаа. Эдгээрээс бие даасан хууль 29, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 355, олон улсын гэрээ конвенц соёрхон батлах тухай 11 хуулийг тус тус баталсан гэлээ. 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хуулиудаас Хүний эрх эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр батлагдсан хуулиудыг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

 

 

Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа үеэр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдэд улс орны эдийн засгийн зарим асуудлын талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын орлогын эх үүсвэр болсон алт, зэс, төмрийн хүдэр, алтны үнэ дэлхийн зах зээл дээр унасан. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт орж ирж байсныг тэмдэглээд, Оюу толгойн далд уурхайг 2016-2018 онд жилд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм. Энэ хөрөнгө оруулалтын 80 хувь нь Монгол Улсад үлдэх юм. Тодруулбал, далд уурхайн бүтээн байгуулалтад цемент, арматур, ажиллах хүч тун чухал бөгөөд Монгол Улсад эдгээр нь хангалттай байгаа учраас далд уурхайн бүтээн байгуулалтыг Засгийн газар зөвшөөрсөн гэлээ.

 

 

Засгийн газраас мөн хөдөө аж ахуйн салбарыг дэмжиж, малчдын үйлдвэрлэлийг дэмжихээр малчны зээлийн хүүг бууруулсан талаар танилцуулж, малчин бүр "Сайн малчин" болох нь өөрт нь төдийгүй улс орны эдийн засагт чухал нөлөөтэй болохыг хэллээ.

 

Улсын Их Хурлын дарга хууль тогтоомжууд, эдийн засгийн нөхцөл байдал, Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл, танилцуулга хийсний дараа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ аймагт ажиллан иргэдэд 2015 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжийн талаар танилцуулга хийв

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Сэлэнгэ аймагт ажиллав. Улсын Их Хурлын даргыг Засаг дарга С.Бүрэнбат болон албаны бусад хүмүүс угтан авч, Сүхбаатар сумын төв талбайд хүндэт харуул  угтан авав.

 

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Сүхбаатар сумын иргэдэд Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжийн талаар танилцуулга хийлээ. Улсын Их Хурлын дарга мөн хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх, Хамтын тэтгэврийн тухай болон Захиргааны ерөнхий хуулиудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Улс орны эдийн засгийн зарим асуудлуудын талаар иргэдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын орлогын эх үүсвэр болсон алт, зэс, төмрийн хүдэр, алтны үнэ дэлхийн зах зээл дээр унасан. Харин эдийн засгийн дийлэнх хувь нь уул уурхайгаас шууд хамааралтай манай улсад түүхий эдийн үнийн хэлбэлзэл хүндээр туссан гээд эдийн засгийн өндөр өсөлттэй жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт зөвхөн уул уурхайн салбарт байсныг тоо, баримтад тулгуурлан тайлбарласан. Мөн малчдын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зээлийн хүүг бууруулсан. Малчин бүр малаа эрүүл байлгадаг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлдөг, малчин дансаа ашигладаг "Сайн малчин" болох нь өөрт нь төдийгүй улс орны эдийн засагт чухал нөлөөтэй гэв. УИХ-ын дарга Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэдийн сонирхсон асуултад хариулав. 

 

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

2016 оны 04 дүгээр сарын 03. Ням гараг

 

УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ аймгийн “Алтан тариа” гурилын салбар үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав

 

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Сэлэнгэ аймагт ажиллан, “Алтан тариа” компанийн гурил, тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. “Алтан тариа” компани Сэлэнгэ аймаг дахь хуучин Гурил тэжээлийн үйлдвэрийн барилгыг засварлаж дэлхийн тэргүүний гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Швейцарь Улсын “Бюллер” компанийн төхөөрөмжөөр бүрэн шинэчилэн 2009 онд ашиглалтад оруулсан юм. 

 

 

Энэхүү үйлдвэр нь ашиглалтанд орсоноор хүүхдийн будаа, олон ангилалын гурил, үр хөврөл хүнсний хивэг зэрэг хүнсний бүтээгдэхүүн,тэжээлийн хивэг, няцалбар зэрэг малын тэжээл үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа юм байна. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Монгол Улсын гурилын хэрэгцээний талаар ярилцан, гурилын экспорт хийх боломжийн талаар үйлдвэрийн удирдлагуудтай ярилцаж, санал солилцсон юм.

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

УИХ-ын дарга З.Энхболд Төмөртэй-Хандгайтын төмөр замын нээлтэд оролцов

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замын нээлтэд оролцов. 

 

 

2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор тус төмөр замыг ачиж буулгах терминалын хамт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал хүртсэн Төмөртэй-Хандгайтын төмөр замыг үндэсний компанид шилжүүлж өгчээ.

 

 

Уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга З.Энхболд, бид энэ өдөр маш чухал үйл явдлын гэрч болж байна. Би чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагт ажиллаж, хууль сурталчилдаг. Энэхүү томилолтынхоо үеэр “Төмөртэй-Хандгайтын төмөр замын анхны ачаа тээвэрлэлт”-ийн нээлтийн ёслолд оролцож байна. “Монголыг монголчууд хөгжүүлнэ” гэдэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн уриаг Та бид харж байна. Олон арван жилийн өмнөөс манай томоохон бүтээн байгуулалтууд гаднын орнуудын тусламжтайгаар хийгддэг байсан. Монголчуудыг хийж, бүтээж чадна гэдэгт эргэлздэг буруу ойлголт ч бий. Өнөөдрийн энэ бүтээн байгуулалт бол монголчуудын хийж, бүтээж чаддагийн бодит нотолгоо болж байна. Бүтээн байгуулалтад оролцсон үндэсний компаниудад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Цаашид уурхай, төмөр замд олон мянган монголчууд ажлын байраар хангагдах болтугай. Монголчууд бид бүтээж чадна” гэв. 

 

 

Энэхүү нээлтийн арга хэмжээний дараа УИХ-ын дарга Төмөртэй өртөөний үйл ажиллагаатай танилцав. Энэхүү өртөөг дагаж дэд бүтцийн хөгжлөөс гадна өртөөг тойрон хүн амын суурьшил, төвлөрөл явагдана гэдэгт итгэж буйгаа УИХ-ын даргад танилцуулж байв. Тус өртөөнд орон нутгийн удирдлага болон уурхайтай холбогдох видео хурлын системийг суурилуулсан нь манай улсад хийгдсэн хоёр дахь удаагийн систем болсон хэмээн “MRC” компанийн зөвлөх инженер О.Доржсугар хэлэв.

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

УИХ-ын дарга З.Энхболд Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзалт хийв

 

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын орон нутгийн томилолт Дархан-Уул аймагт үргэлжиллээ. Тэрээр Төмөртэй-Хандгайтын төмөр замын нээлтэд оролцсон болохоо дуулгаад, энэ нь Дархан-Уул аймгийн иргэдэд тун чухал болохыг онцолж байлаа. 

 

Улсын Их Хурлын дарга Дархан-Уул аймгийн иргэдэд 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль тогтоомжийн талаар танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар бие даасан 29 хууль баталсан бол 355 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 11 олон улсын гэрээ конвенци батлах тухай хуулийг баталжээ. Эдгээрээс хүний эрх, эрх чөлөөг хангах хамгаалах чиглэлээр батлагдсан хуулиудыг Улсын Их Хурлын дарга онцлон танилцуулсан юм. 

 

 

Үргэлжлүүлэн Өршөөл үзүүлэх тухай хууль болон Хамтын тэтгэврийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийсэн юм. Мөн тэрээр  “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийн зарцуулалт, түүнчлэн “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн талаар танилцууллаа.

 

 

Улсын Их Хурлын дарга үргэлжлүүлэн Дархан-Уул аймгийн иргэдэд барилгын салбар, ипотекийн зээлийн үр нөлөөний талаар тайлбарлалаа. Ипотекийн зээл олгох шалгуурын талаарх шийдвэр олон үзүүлэлтийн хамаарлаас шалтгаалсан нарийн тооцооллын үр дүнд хамрах хүрээгээ тодорхойлдог бөгөөд өнөөдрийн 30 хувийн урьдчилгаа төлж, 70 хувийг бага хүүтэйгээр зээлж авах нь дундаж орлоготой иргэдэд боломж олгож байгаа. Улсын Их Хурлаас баталсан Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн дагуу Засгийн газраас шийдвэр гарган орон сууцны ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгон бууруулсан. 21 аймгийн иргэд, Улаанбаатар хотын алслагдсан гурван дүүрэг, нийслэлийн дахин төлөвлөлтөд хамрагдсан орон сууц худалдан авсан иргэн харилцагч банктайгаа зээлийн гэрээгээ шинэчилснээр зээлийн хүүгээ 5 хувь болгоно. Зээлийн хүүгийн бууралтаар нэг өрх сард дунджаар 50-100 мянган төгрөг хэмнэж байгаа тооцооллыг дарханчуудад танилцуулсан юм. 

 

 

УИХ-ын дарга 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль, тогтоолын талаар Дархан-Уул аймгийн иргэдэд танилцуулга хийсний дараа тэдний сонирхсон асуултад, хариулт өгөв.

 

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

УИХ-ын дарга З.Энхболд Дархан-Уул аймгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа 

 

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд орон нутгийн томилолтынхоо төгсгөлд /2016.04.03/ Дархан-Уул аймгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. 

 

 

Улсын Их Хурлын дарга 2013 оны 09 дүгээр сард Чингис  бондоос 6.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан “Эко ноос” ноосны үйлдвэрт ажиллав. Тус компанийн гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан юм. Тус үйлдвэр жилд 2389.5 тн бохир ноос боловсруулж 1911.0 тн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. 2015 онд үндсэн 13 ажлын байр, түр 16 ажлын байрыг шинээр нэмэгдүүлж одоогийн байдлаар нийт 52 ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулдаг байна. 

 

 

Мөн “Дархан минж” компанийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани Улаанбаатар хотод оёдол, Дархан-Уул аймагт арьс шир боловсруулах чиглэлийн 2 үйлдвэртэй бөгөөд 2015 оны 1 дүгээр сард Чингис бондоос 4,9 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. 2015 авсан зээлийнхээ хүүг төлж байсан бол, 2016 оноос эхлэн үндсэн зээлийн төлөлтөнд орсон талаар гүйцэтгэх захирал Б.Байгальмаа Улсын Их Хурлын даргад танилцуулав. 

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

Улсын Их Хурлын даргыг Дархан-Уул аймгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэр аймгийн удирдлагууд, албаны бусад хүмүүс дагалдан ажиллав. Ийнхүү Улсын Их Хурлын дарга З.Энхболдын 04 дүгээр сарын 01-03-ны өдрүүдэд Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажилласан орон нутгийн томилолт өндөрлөлөө.

 

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС