Британийн гангийн үйлдвэрлэл мөхөж байна

2016 оны 4 сарын 4

 

Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмеронд сөрөг хүчинтэй маргалдах бас нэг сэдэв гарч ирсэн нь ган, болдын үйлдвэрлэл болов. Их Британийн ган үйлдвэрлэл ихээхэн буурч, энэ салбар устах аюултай болоод байгаа юм.

Ган үйлдвэрлэлийн дэлхийн том компани Tata Steel Их Британи дахь бизнесээ зогсоох төлөвлөгөөтэй байна. Учир нь, худалдан авагчид байхгүй болжээ.  Өнгөрсөн оны сүүлчээр, тус улсад Redcar компанийн ширэм хайлуулах заводууд хаагдсан юм. Хэрэв Tata Steel  компани Сканторп, Порт Тэлбот  хотууд дахь өөрийн цехийг хаавал Британи нь нутагтаа ширэм хайлуулах ганц ч үйлдвэргүй “Их долоо”-гийн анхны улс болох юм.

Америкчууд дэлхийн нэгдүгээр дайны үеэр болд үйлдвэрлэх салбарт Их Британийг ардаа орхисон билээ.

Викторианы гэгддэг үеэр “далай тэнгисийн эзэн” Британи дэлхийн бүх металл үйлдвэрлэлийн 40 хувийг гаргаж байв. Даяарчлалын шинэ эринд металлыг өөрөө үйлдвэрлэх хэрэгтэй юу? Энэ асуултад Шеффилдийн их сургуулийн захирал Кит Бёрнетт шилдэг хариулт өгч байна. Тухайлбал, Хятадтай харилцаа муудах зэргийн эрсдэл газар авч эхэлбэл, Британи төмөр зам тавьж, цөмийн тогоогоо байгуулж, зэвсэглэл үйлдвэрлэж чадахгүйд хүрнэ. Тэр нь чухал уу, үгүй юу гэдгийг эрх баригчид шийдэх хэрэгтэй гэж тэр хэлсэн байв.

Өнөө үед Их Британийн гангийн “эзэнт” улсын байрыг Дундад гүрэн эзэлж байна. БНХАУ жилдээ 1,67 сая тонн болд үйлдвэрлэн дэлхийн нийт хэмжээний 50 хувийг эзлэх болжээ. Японы ган хайлуулах цехүүд  жилд 110,7 сая тонн болд үйлдвэрлэдэг. Герман 40 сая тонныг харин Британи дөнгөж 12 сая тонныг жилдээ гаргаж байна.

Герман дэлхийн хоёрдугаар дайны үеэр ган хайлуулалтаар Британиас түрүүлжээ

Их Британийн болдын үйлдвэрлэл аажмаар мөхөж байна. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр АНУ-ын өрсөлдөгч нар нь түүнийг гүйцэн түрүүлсэн юм. Харин дэлхийн хоёрдугаар дайны үеэр Герман тэднийг давсан. Хуучирсан  үйлдвэрүүд нь шинэчлэгдэхгүй байсаар үйлдвэрлэл нь 65 хувиар унав. Британиас Франц, Итали түрүүлж чадлаа. Бельги хүртэл дэлхийн болд үйлдвэрлэлийн нэг хувийг гаргаж байна.

Гэтэл Британийн аж үйлдвэрт болд төмөр шаардлагатай байдаг. Өнгөрсөн онд Их Британи 1,6 сая автомашин үйлдвэрлэсэн нь сүүлийн 10 жилийн дээд амжилт байв. Автын үйлдвэрлэл нь тус орны экспортын орлогын 44 хувийг өгдөг. Тун удалгүй "Рэйнж Ровер", "Бентли", "Роллс-Ройс" зэргийг хятад төмрөөр хийх байх.

Дундад улс болдоор  хүссэн бүгдийг хангах сонирхол дүүрэн. Өнгөрсөн онд үзүүлэлт нь 20 хувиар нэмэгдэн 112 сая тонн болсон байлаа. Хятадын дотоод эрэлт буурч экспорт нь  хятад ган хайлуулагчдын тэргүүлэх салбар болж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна