Н.Алтанхуяг: Зохиомлоор хэрэг үүсгэн хорьж байна

2016 оны 4 сарын 4

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр мэдэгдэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт энэ мэдэгдлийг хийх байсан ч хойшлуулсаар өнөөдөр хийсэн нь энэ юм.

Тэрээр “Монголчууд мань хоёрхон сарын дараа сонголтоо хийнэ. Маргааш хаврын чуулган эхэлнэ. Ийм хариуцлагатай цаг үед ард түмэндээ анхааруулж мэдэгдэхээс өөр аргагүй ийм нөхцөл байдалд хүрсэн учраас та бүхэндээ хандан мэдэгдэж байна.

Өнгөрсөн хавар, намрын чуулганаар би  Монголын төр маань үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаж байгаа юу, УИХ-ын бие даасан байдал бодитойгоороо байна уу, үгүй юу. Ер нь Монголын төрийг хэн удирдаж байна вэ, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудлаар хаалттай хуралдаан хийж, нэг сайн ярилцаад асуудлуудаа шийдье гэж удаа дараа хүсэлт тавьсан боловч хүлээж авсангүй. Тийм учраас энэ тухай нийт монголчууддаа хандаж, хаалттай чуулганаар хэлэх байсан зарим зүйлээ нээлттэй хэлэхээс аргагүй байдалд хүрлээ.

Удахгүй болох сонгуулиар хэрэг зохиож хүний хувь тавилангаар тоглодог хуйвалдагчид маань хэрээс хэтэрч, зохиомол магадгүй тоглоомын УИХ-ыг бий болгох хуйвалдааны нөхцөл өнөөдөр  бүрдчихээд байна. Өнөөгийн эдийн засгийн хямралт байдлын уг сурвалж нь шударга ёсны хямрал юм. Өнөөдөр Монголын төрд шударга ёсны хямрал нүүрлэсэн. Монголын төр хүчгүйдэж, Монголын төр сульдаж байгаа мэтээр харагдуулснаар цаад талд нь хуйвалдааны төр улам бүр хүчирхэгжээд байгаа. Эх орноо гэх сэтгэлгүй, ханаж цаддаггүй шуналтай хүмүүс төрийн эрх мэдлийг хувийнхаа явцуу зорилгодоо увайгүй ашиглаж Монгол хүн Монголдоо сайхан амьдрах хүслийг нугачин дарж Засгийн газрыг хүртэл огцруулж, төрөө хутган үймүүлж баялаг бүтээгчдээ айдас хүйдэст автуулж, хуулийн нэрээр шоронгоор далайлгаж, айлгаж, мөнгийг нь бизнесийг нь, лицензийг нь ил тод дээрэмдэж байна. Төрийнхөө төлөө ажиллаж байгаа төрийн албан хаагч хүртэл хэрэгтэн болж нэр хүнд, хувь тавилангаараа хохирч байна.

Хуйвалдааны төр Монголын ард түмний хүсэл зоригоор бий болсон Ардчилсан намын нэр хүндэд зориудаар халдаж байна. Ардчилсан намын хийсэн бүтээсэн бүхнийг үгүйсгэн харлуулж, Ардчилсан нам Засаглаж чаддаггүй юм. Хоорондоо хагараад ажил хийдэггүй нам юм аа гэж харагдуулах, энэ ажлуудыг зориуд санаатайгаар зохион байгуулж, үргэлжлүүлсээр байна.

Энэ хуйвалдаанд нэг хэсэг нь барьцаалагдчихсан гэж байгаа сөрөг хүчин гэж байгаа МАН-ынхан чимээгүй гэтээд баясаад сууж байгааг бүү март.

Хуйвалдааны төр бүлэглэл үүсгэсэн, хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг болсон. Цөөхөн хүн бүхий хонгилыг хууль хяналтын байгууллагаар үүсгэсэн. Тэд таалагдаагүй, барьцаалах боломжгүй,  золиослох шаардлагатай хүмүүсээ тэр хонгилоороо зохиомол хэрэг үүсгэж, ялтан хэрэгтэн болгож чадаж байна. Тэд ашиглах гэсэн зарим хүмүүсээ шийдвэр гаргах эрхийг нь сүрдүүлээд барьцаалаад цейфэнд хийгээд цоожилчихдог байсан. Цоожтой цейфэнд чухал шийдвэр гаргагчдын эрх мэдлийг барьцаалсан энэ хуйвалдагчид Монгол Улсын тусгаар тогтнолд халдашгүй байдлыг аюул занал учруулахуйц хэмжээний эрх мэдэлтэй болж, хүссэн шийдвэрээ зоргоороо гаргадаг боллоо. Үүний нэг жишээ бол Шинэчлэлийн Засгийн газрыг хуйвалдан огцруулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авснаар харагддаг. Хуйвалдагчид ард иргэдийн амьдралд хэрэгтэй бүтээн байгуулалтын ажлыг гацааж, иргэдийнхээ төлөө ажилласан хүмүүсийг ялтан болгож, иргэдийг өрөөр айлгаж, дуулиан шуугиан үүсгэж, хооронд нь талцуулан хагаралдуулж, санаатайгаар бүх зүйлсийг эмх замбараагүй байдалд оруулж, эх толгой нь мэдэгдэхээ байж байна.

Монголын ард түмний баялгийг хуйвалдан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл Монгол Улсыг маань хувааж эзэмших увайгүй оролдлого хийж байгаад битгий давар гэж хэлэх цаг болжээ. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг ардын зүйр үг бий.

Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгийг өнөөдөр би нэр цохон хэлэхээс өөр аргагүй боллоо. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч гэсэн хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр  хүмүүсийн үүсгэн байгуулсан шударга бусын хонгилоос айдаг. Тэр хонгил руу чирэгдэхээсээ, хэлмэгдэхээсээ айдаг. Гэсэн ч би Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө хэлэх нь зүйтэй гэж үзлээ. Тэр хүн бол “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалдаж, төрөөс төрсөн тэрбумтанууд энэ мэдэгдлийн араас ашиг хонжоогоо хувааж чадахгүй арсалдаж байгаа амин найзуудтайгаа намайг хамаатуулаад “Авлигатай тэмцэх ч амаргүй ажил. Авлигатай тэмцэх амаргүй ажилд саад учруулж байгаа” мэтээр ард түмнээс тусламж гуйж жүжиглэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Миний өнөөдрийн мэдэгдэл амь нас ойр дотны хүмүүст минь болоод аюултай ч гэсэн айх зүйл алга. Ардчиллаа хамгаалж үлдэх цаг ирсэн.  Ард түмэн айдас, талцлаасаа хагацах цаг болсон. Авлигачид худлаа ярьж, нөхдөө хорьж, намаа бутаргаж, улсаа түйвэрддэг цаг дууссан.

Өөртэй нь үгсэн хуйвалддаггүй. Өөрийнх нь бүлэглэлд оролцдоггүй учраас надруу ирж байсан асар их гүтгэлэг, доромжлол, дарамт, шахалт, нухчин дарах ажиллагаа өнөөдрөөс бүр илүү идэвхжих нь тодорхой. Угаасаа хоёр, гурван жилийн туршид асар их материалыг бэлтгэсэн байгаа. Ардчилалыг хамгаалж үлдээх цаг ирсэн. Ард түмэн айдсаасаа гарах цаг болсон. Авлигачийн худлаа ярьж, нөхдөө хорьж, намаа бутаргаж улсаа луйварддаг цаг дууссан. Монголын заяа их юм. Монгол хүний ухаан уужим, хараа хол. Үеийн үед юугаа ч зориулахад бэлэн эх орончид байдаг учраас Монгол оршдог. Цаашид ч Монгол оршино. Үүрд оршин тогтнох болно. Шударга ёсны төлөөх тэмцэлд Ардчилсан намын гишүүд дэмжигчид, ард түмнээ уриалж байна. Шударга ёсыг жинхэнээр нь тогтоохын тулд би эцсээ хүртэл тэмцэнэ. Бидний Монгол үүрд бадраг” гэлээ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна