11 нам эвсэл байгуулж, С.Ганбаатарыг тэргүүнээрээ сонгохоор болжээ

2016 оны 4 сарын 4

УИХ-ын гишүүн С.Ганбаатар саяхан ХҮН-ын даргын албан тушаалаа сайн дураараа хүлээлгэн өгсөн. Тэгвэл энэ нь цаанаа учиртай байжээ. УИХ-ын 2016 оны сонгуульд ХҮН, Уламжлалын нэгдсэн нам, Ногоон нам, Бүгд найрамдах нам зэрэг 11 нам хамтарч эсвэл байгуулж оролцохоор болсон байна. Энэхүү эвслийг удирдах хүн нь ч хэдийнэ тодорсон нь С.Ганбаатар гишүүн аж. Тэрбээр эвслээсээ Дархан-Уул аймагтаа хүч үзэх бөгөөд эвслээ Дархан-Уул аймагт ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Тэр ч утгаараа гишүүн УИХ-ын ээлжит чуулган эхлэхээс өмнө ойр ойрхон тойрогтоо ажиллаж байгаа юм байна. С.Ганбаатар гишүүн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзахдаа “Би энэ тойргоо өөрчлөхгүй. ХҮН-ыг удирдаж, намын нэрийн жагсаалтыг тэргүүлэх боломж надад байсан ч би үүнийг хүсээгүй ” гэж мэдэгдсэн байна. Одоогоор эвслийн нэр тодорхойгүй байгаа юм байна. Үүнээс үзвэл жижиг намууд С.Ганбаатартай хамтарч эрх баригчид, төрийн хулгай луйвартай тэмцэхээр болов бололтой.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна