Б.Сарантуяа: Намайг хурцлаач

2016 оны 4 сарын 4

МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа төрсөн өдрийн тоглолтынхоо сюрпризээс дэлгэлээ. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр төрсөн өдрийн тоглолт зохион байгуулж заншсан Сараа гавьяатын хувьд энэ жил урлагийн тайзнаа дуулсны 30 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм. Өнгөрсөн жилийн төрсөн өдрөөрөө “Сэхүүн салхи” тоглолтоор бэлэг барьж, аав ээждээ зориулсан дуугаар ая дуу өргөсөн бол энэ жилийн хувьд цахилгаан хөгжмөөс гадна  Улсын филармонийн цөөхүүл оркестр, ардын хөгжимтэй дуулж, анплагед тоглолт хийнэ гэдгээ мэдээллээ. Гавьяатын хэвлэлийн хуралд түүний шавь Э.Болор-Уянга, Л.Насанбуян болон “Өртөө” киноны уран бүтээлчид оролцсон юм. Хэвлэлийн хурлын үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулснаас уншигчдадаа хүргэе.

-Олон жил дараалан төрсөн өдрөөрөө тоглолт зохион байгуулж байгаа тань сонсогчид танаас уйдаагүй, үргэлж хүлээж байдгийн илэрхийлэл байх аа. Тоглолтдоо зориулж шинэ уран бүтээл туурвисан уу?

-За хамгийн отгон бүтээл гэвэл тун удахгүй нээлтээ хийх Өртөө киноны “Алсад ойрхон” дууг нэрлэх байна. Алсад ойрхон дуу бол миний хувьд дурлаж дуулсан цөөхөн дууны нэг боллоо. Одоогоос хэдэн жилийн өмнө “Тэр намайг дурсдаг болов уу” дууг яг ингэж бүтээж байсан юм. Сүүлийн хэдэн сар хуучин дуунуудаа сэргээн, шинээр дуулж байгаа. Шинэ уран бүтээл хийхийг ямагт хүсч байдаг. Уран бүтээлч хүн бүрт шинийг хүсэх илэрхийлэл бий. Харамсалтай нь яг миний хүсэн хүлээсэн, гал цогтой бүтээл төрөхгүй байгааг хэлэх нь зөв байх. Хөгжмийн зохиолч, ая зохиогч, шүлэгч найрагч нартаа хандаж “Намайг хурцлаад өгөх сайхан бүтээл туурвибал би дуулахад бэлэн” гэдгээ хэлмээр байна. Яг үнэндээ мэргэжлийн, далайцтай дуу хүлээж байна.

Сүүлийн үед залуу ая зохиогч Мөнх-Ертөнцтэй хамтран ажиллаж байна.  Шинэ бүтээл хэд хэдийг хийсэн төрсөн өдрийн тоглолтын маань бэлэг болж, фэнүүдэд хүрнэ.

-Өөр ямар бэлэг хүлээж байгаа вэ?

-Миний тоглолтыг үндэсний үүрэн телефоны компани Жи мобайл ивээн тэтгэж байгаа. Тус компанитай 2011 оноос хойш хамтран ажиллаж байна. Миний төрсөн өдрийн тоглолтын билет авсан хүн бүрт Жи мобайлын дугаар дагалдаж байгаа. Тоглолтод маань амьд хөгжмийн Рэндом хамтлаг оролцоно. Энэхүү хамтлаг нь хамтлагийн хуучин хэв жаягийг эвдсэн хэлбэрээр байгуулагдсан онцлогтой. Хамтлагийн гишүүд баригдмал биш, нэг нь эзгүй бол хэн ч түүнийг орлох боломжтой. Миний тоглолтын үеэр л гэхэд хамтлагийн гоцлол гитарчин эзгүй таарч байгаа болохоор Өөжгий /гоцлол гитарчин Д.Өлзий-Орших/-г урьж оролцуулж байгаа. Дашрамд дуулгахад энэ жил Өөжгий бид хоёрын хамтын бүтээл “Хайрын бурхан” дууны 20 жилийн ой тохиож байгаа. Энэ мэтчилэн сюрприз олонтой тоглолт хүлээж байгааг дуулгая.

-Таныг дурсамж номоо бүтээж байгаа гэж сонссон. Нууц биш бол таны номыг хэн бичиж байгаа вэ. Номондоо уран бүтээлээс гадна хувийн амьдралынхаа тухайд оруулж байгаа эсэхийг сонирхмоор байна?

-Тийм ээ. Энэ номыг нэлээд хэдэн жилийн өмнө бүтээх гэж нэг үзсэн юм. Тухайн үед миний амьдралд завсар зааг гарчихсан таагүй үе тохиосон болохоор ном маань хар бараанаас бүрдсэн сэтгэлд хүрээгүй бүтээл болсон. Тиймээс хэвлүүлэлгүй орхисон. Энэ удаа ч мөн зохиогчоо олох гэж будилсаан, будилсан. Тэгж тэгж Эмүжин /зохиолч, сэтгүүлч Р.Энхтуяа/ бичихээр болсон. Яг үнэндээ намайг хамгийн сайн мэдэх найз маань л бичих юм билээ.

Мэдээж миний амьдрал бол Монголын рок попын ертөнцийн түүх байх болно. Урлагтай 16 настай байхаасаа амьдралаа холбосон миний түүх Монголын урлагийн түүхтэй ихэрлэхээс аргагүй. Нөгөөтэйгүүр би хаалттай хүн биш. Миний туулсан алдааг өөр бусад нь тойроосой, тулаад ирсэн бол надаас эрч хүч аваасай гэхдээ өөрийн амьдралын алдаа, оноог бас оруулж байгаа. Гэхдээ одоо болтол би нэг ч уншаагүй. Эмүжин ч надтай биш найз нөхөд, ах дуу нар, хамаатан садан, шавь нартай маань уулзаад яваад байгаа. Сайхан ном гарна гэж хүлээж байна.

-Та редакторлаж засна биз дээ?

-Нэг их засахгүйг хичээж байгаа. Ярилцлагыг хүртэл анхны хувилбараас өөрчилж засах тусмаа “амтгүй” болдгийг сэтгүүлчид та нар андахгүй биз ээ. Тиймээс айхтар их засвар хийхгүй.

-Европын орнуудад хийсэн аялан тоглолтынхоо сонин хачнаас хуваалцана уу. Уран бүтээлчид маань дотооддоо тоглохоос илүү гадаадад тоглох нь нэмэгдсэн. Үүнийг эдийн засгийн боломжит хэсэгт хүрч үйлчилж байна гэж харах нь бий?

-Тийм тал үнэхээ ажиглагддаг. Гэвч уучлаарай, бид өртөг өндөртэй оронд очоод гэрээ санасан цөөхөн хэдэн монголчууддаа тоглолоо гээд дааж давшгүй орлого олно гэж үнэхээр байдаггүй. Би мэргэжлийн уран бүтээлчдээ бүгдийг, үсчингээ хүртэл дагуулж явдаг. Яагаад гэвэл би үзэгчдэд муу бүтээл хүргэх, муухай харагдах эрх байхгүй.

Гадаадад тоглох болсон түүх ч сонирхолтой. Казакстанд байдаг найз маань охиноо гадагш сургах хэрэгтэй байна туслаач гэсэн юм. Түүнд туслах гэж яваад Польшт болдог гадаадын дуучдын хандивын тоглолтын урилга хүлээж авсан. Цаашаа Германд уригдсан, дараа Шведээс урилга ирсэн. Ингээд л Швейцарийн Женев, Норвегийн Осло, Францын Рэнн, Австрийн Вени, Бельгийн Антверпен, Туркын Стамбул хотуудад тоглоод ирлээ. Тоглолтынхоо орлогоос дэлхийн найрал дууны санд хандив өргөж, Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эхчүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх төвийг тохижуулахад зориулсан.

Гадаадын улс орнуудад тоглолтын заал асар өндөр өртөгтэй. Тэр өндөр түрээс төлөөд 200-300 хүн л үзнэ шүү дээ. Тэгэхээр бид хямд өртөгтэй баар, ресторан сонгох нь бий. Хүмүүс зарим нь үгүйсгэж л байдаг. Гэвч яг үнэндээ ресторанд илүү олон үзэгч ирдэг юм шүү. Бид нутаг нэгтнүүдийнхээ нутгаа санасан, гэрээ санасан сэтгэлийг л нимгэлэхийг хүсдэг. Өөр юм байхгүй. Сүүлийн тоглолтод охин маан бүжиглэж, хүү маань тонн мистр хийж ээждээ тусалсан. Хүүхдүүдтэйгээ хамтдаа тоглоход үнэхээр сайхан сангдсан шүү.

-Таны тухай ном хэзээ гарах вэ. Та номноос гадна кино хийх үү?

-Бид номоо тавдугаар сарын 20 гэхэд гаргахаар тооцоолсон. Киног бол бодчихсон байгаа. Харин уран сайхных байх уу, баримтат байвал зүгээр үү гэдгийг хараахан сонгоогүй байна. Урлагт анх орж, дуучин болсон 30 жилийн ойгоо ирэх есдүгээр сард тэмдэглэхээр төлөвлсөн. Намрын дунд сарын дашням, балжиннямтай өдөр байдаг даа. Тэр үед.

Хэвлэлийн хурлын үеэр жүжигчин Д.Бямбацогт түүнийг “Сараа бол гайхамшиг” хэмээн тодотгоод түүнтэй нэгэн үед аж төрж, дуунд уяран суугаа та бид азтай гэсэн юм.

Д.ЦЭЭПИЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна