Тариаланчид зээлийн эх үүсвэрийг нэмэхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

Тариаланчид зээлийн эх үүсвэрийг нэмэхийг хүсэв

УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр “Тариаланчдад тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчин” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт газар тариалангийн гол бүс нутаг болсон Сэлэнгэ, Булган, Төв аймгийн тариаланчид оролцлоо.

Газар тариалангийн салбарт 300 гаруй аж ахуйн нэгж тариалалт эрхэлдэг байна. Хаврын тариалалтаа эхлүүлэхэд нь зориулж Хүнс хөдөө аж ахуйн яамнаас 25 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгохоо мэдэгдсэн юм. Гэвч энэхүү зээлийн эх үүсвэр тариаланчдад ажлаа эхлүүлэхэд хаанаа ч хүрэлцэхгүй, дээр нь ихэнх компаниуд арилжааны банкуудад зээлтэй байгаа нь шалгуурыг нь хангахгүйд хүрч, хугацаа алдах эрсдэлтэй тулжээ.

Энэ тухай Төв аймгийн тариаланч Б.Энхтуяа: Тариаланчдыг хаврын ажлаа эхлүүлэхэд нь зориулж 25 тэрбум төгрөгийн зээлийг шийдлээ л гэнэ, салбарын яамнаас. Арилжааны банкны шаардлага хангаж, тэрхүү зээлийг авах компани ховор шүү. Нэг, хоёр компани л авах байх, бусад нь чадахгүй. Тариаланчдад одоо уринш байна, ургац авна гэсэн итгэл байна. Тийм учраас гарах ургацаа барьцаалж зээл авах боломжийг олгооч. Хоёрт, үр хэрэгтэй байна. Гуравт импортоор орж ирэх гурил, будааны квотоо учиртай олгож байгаач. Энэ чинь алсдаа Монгол Улсын газар тариалангийн салбарыг элгээр нь хэвтүүлнэ шүү. Дөрөвт, тендэр нэртэй боловсон ченжээсээ Монголын төр хэзээ салах вэ. Хятадад 50 сая төгрөгийн өртөгтэй байгаа тракторыг Монголд авчираад тариаланчдад 100 сая төгрөгөөр өгч байна. Өндөр үнэтэй техник худалдаж авдаг учраас хүмүүсээ цалинжуулаад л, компанийн удирдлага өөрөө юу ч үгүй хоосон хоцордог.

Монгол Улсын гавьяат агрономич Ш.Мардаан: Хаврын тариалалтын ажил гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 5-ний хооронд хийгдэх ёстой ч хойшлогдсоор байна. Энэ нь ирэх намрын ургацанд нөлөөлөх эрсдэлтэй. Хаврын тариалалтыг эхлүүлэхэд зориулж 25 тэрбум төгрөг шийдлээ гэж мэдээлээд байна. Энэ мөнгө хаанаа ч хүрэлцэхгүй, улс орны эдийн засаг хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ ядаж 50 тэрбум төгрөгт хүргэх ёстой. Уг нь анх 100 тэрбумыг шийдэх талаар ярьсан юм шүү дээ. Тариалалтыг эхлүүлэхэд шатахуун тослох материалаас эхлээд олон зүйл шаарддаг. Эдгээрийгээ тариаланчид өөрсдөө яаж ийгээд болгоно биз дээ, 25 тэрбумыгаа нэмэх ёстой. Ингэхгүй бол “Гачуурт” зэрэг 40 мянган га-д тариалалт хийдэг том компаниудад юу ч болохгүй. Асуудлыг богино хугацаанд шийдэхгүй бол ажил, амьдрал хэцүүдэж байна.

2015 он тариаланчдын хувьд хүнд жил болсон. Сэлэнгэ аймагт тавдугаар сарын 25-наас хойш бороо орохгүй байсаар ган болсон. Зарим компани 1 га газраас ч ургац авч чадаагүй. Цөөн хэдэн компани ургац хураасан. Намрын ургац хураалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар Сэлэнгэд ажилласан. Энэ үеэр нь тариаланчид бид бодит байдлыг хэлсэн, ойлголоо л гэсэн. Одоо тэгтэл 25 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгоно гэнэ, боломжгүй шүү дээ.

Булган аймаг, н.Амаржаргал: Өнгөрсөн жил зургадугаар сард тариаланчид сайд Р.Бурмаад хандан “Ган болох гээд байна, арга хэмжээ авах шаардлага байна” гэхэд хүлээж аваагүй. Хэдэн нөхөр өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах гээд яваад байна л гэж ойлгосон. Хүлээж авсан бол зориудаар үүлэнд нөлөөлөөд бороо оруулж болох л байсан. Үүнээс өмнө хавар тариаланчдын зөвлөгөөн болоход цаг агаар тариаланчдад таатай байна, олон жилийн дундажтай харьцуулахад хур бороо ахиу л гэсэн. Хэрвээ цаг агаар хүнд байх нь, тариалалтаа багасгаарай гэсэн бол урьдчилаад арга хэмжээ авах л байсан. Ядаж л чийгтэй талбайдаа тариагаа тариад, тариалалтаа мөн багасгаж болох байсан. Ургацад таатай байсан гэсэн мэдээлэл өгсөн нь үндсэндээ ташаарсан.

Ер нь тэгээд тариаланчдын зовлонг ойлгохгүй байна. Урамшуулал нэрээр мөнгө зүгээр авдаг, тэгсэн хэрнээ үнэтэй буудай шахдаг улсууд шиг ойлгодог. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулж олгосон шатахуунаа 1 литрийг нь 1800 төгрөгөөр үнэлсэн бол Булганд тухайн үед 1 литр шатахуун 1530 төгрөг л байсан.

Оросоос импортын буудай авах нь хямд л гээд байгаа. 1 литр нь 800-900 төгрөгийн үнэтэй шатахуун хэрэглэж, мөн Оростоо үйдвэрлэсэн техникийг ашиглаж байхад буудай нь хямд байхгүй яадаг юм бэ. Монгол техник хэрэгслээ гадаадаас импортолдог, түүнд нь татвар, ченж оролцоод үнэтэй болдог.

Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг: 2012 оноос өмнө 1 тонн буудайг төр 450 мянган төгрөгөөр үнэлж авдаг байсан бол Х.Баттулга Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд болоод 280 болгож буулгасан. Дараа нь Ш.Түвдэндорж сайд болоод 100 мянган тонн буудай импортоор оруулж ирсэн. 2015 онд ган болж, тариаланчид ургацаа алдсанаар тариаланчид 400 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхэд хүргэсэн.

Өнгөрсөн жил тариаланчид юу байгаагаа шавхаж байгаад уринш хийсэн. Уриншаар дамжуулаад 150-200 тэрбум төгрөг газарт булчихсан. Хаврын ажил эхлэхэд зориулж зээлийн эх үүсвэрийг шийдэж өгөх бол түүнийгээ Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулахгүй бол зээлтэй тариаланчдад банк зээл олгохгүй шүү. Хаврын тариалалт оройтвол ургац л алдана гэлээ.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж