Түрээсийн орон сууцны квотыг нэмэхийг шаардлаа

2016 оны 4 сарын 4

Засгийн газраас хэрэгжүүлж буй Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэх ажил өнгөрсөн Баасан гаригт явагдаж дууссан. Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод нийт 350 айл өрхийг хамруулах учиртай. Гэтэл энэ тооны таван хувь буюу 17 орон сууцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хуваарилжээ. Үүнийг эсэргүүцсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөдөр мэдээлэл хийж, эрх нь зөрчигдөж буйгаа тайлбарласан юм. Тэд  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн квотыг нэмэх шаардлагатай. “Буянт-Ухаа-1” хороололд 70 квот гаргаж өгсөн. Гэвч энэ квотод яг хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж чадсан эсэхэд бид эргэлзэж байна. Уг нь 51 хүн орон сууцанд орсон гэж бидэнд хэлсэн. Үүний дараа тус хотхонд очиж мониторинг судалгаа хийхэд огт тийм юм байгаагүй. Монгол Улсын хэмжээнд нийт 108 мянга 100 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Үүний 30 орчим мянган нь Улаанбаатар хотод амьдарч байна” гэсэн юм.

Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдаж орохыг хүссэн нийт 53 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэлтийг “ТОСК” хүлээн авчээ. Харин тэдний тавьж байгаа гомдлын дагуу Төрийн орон сууцны корпорациас тодруулахад журмыг барилга хот байгуулалтын яам гаргадаг. Төрийн орон сууны корпораци гүйцэтгэгч компани гэсэн тайлбарыг өгсөн юм. Нийт ТОСК-д түрээсийн орон сууцад хамрагдахаар 3701 иргэн хандсан ч тэднээс 2152 иргэн л тавигдах шаардлагыг нь хангаж, бүртгүүлжээ. Одоо ТОСК бүртгүүлсэн иргэдийн бичиг баримтыг шалгаж, баталгаажуулах юм. Дараа нь энэ сарын 10 наас хойш бүртгүүлсэн иргэд дундаа сугалаа явуулж, байранд орох эздийг энэ сарын 20 нд багтаан шалгаруулах аж. Сугалаагаа цахим газар өмчлөл явагддаг хэлбэрээр тусгай программ ашиглан, цагдаа, тагнуулын байгууллагын хяналт дор явуулах гэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дараах шаардлагыг Барилга хот байгуулалтын яам болон ТОСК-д хүргүүлэхээр болжээ. Эхнийх нь түрээсийн орон сууцны журамд өөрчлөлт оруулж таван хувийн квотыг нэмэх, ач холбогдолгүй бичиг баримт шаардахгүй байх, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг шаардаж байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тавьсан шаардлагынхаа хариуг энэ долоо хоногтоо буюу дөрөвдүгээр сарын 8-ны Баасан гариг гэхэд шийдвэрлэн хариу өгөхийг шаардаж байгаа юм. Харин хариу өгөөгүй тохиолдолд тэмцлийн хэлбэрийг сонгох болно гэдгийг мэдэгджээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна