Анхаар, “Шударга ёс” явж байна!

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

Анхаар, “Шударга ёс” явж байна!

Саяхан даа, нэрийг нь хэлээд яах вэ. УДШ-ийн Ерөнхий шүүгч орон нутагт ажиллаж байсан олон шүүгчдийг дундаас нэр цохож “Байгаль орчны эсрэг гэмт хэргүүдээ яаж шийдэж байна, … шүүгч ээ?” хэмээн шахамдуулжээ. Харин шахалтанд орсон шүүгч нэлээд хэнэггүй нөхөр байж таарсан тул “Таны зааварласнаар бүгдийг нь нэг бүрчлэн хорьж байгаа” хэмээн торох ч үгүй хариулсан гэдэг.

Ер нь бол хуучин цагт шүүгчид босоо удирдлагатай, дээрээсээ доошоо хяналт тавьж ажилладаг, хэрэг маргаан шийдвэрлэхэд нь заавар чиглэл өгдөг, түүнийгээ “шалган туслах” гэж нэрлэдэг байж. Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдаж, шүүх засаглалын бие даасан, хараат бус байдлыг Үндсэн хуулиар баталгаажуулсны дараа ч бас энэ байдал хадгалагдсаар иржээ. 1993 онд анх Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/ буюу шүүхийн захиргааны байгууллагыг байгуулсан ч энэ байгууллагыг хэн тэргүүлж байгаагаас шалтгаалан Хууль зүйн сайд нь шүүгчдийг өрөөндөө дуудаж хэрэг асуудаг, эсвэл УДШ-ийн Ерөнхий шүүгч доод шатны шүүгч нартаа хэрэг маргаан шийдвэрлэхэд нь чиглэл өгдөг гэх мэтчилэн ямар нэг хэлбэрээр шүүгчийн хараат бус байдалд халдсаар байв.

Харин ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийн баруун таван аймагт ажилласан томилолтын зорилго дээрхтэй адил шүүгчдэд “шалган туслах” биш, харин өнгөрсөн гурван жилд шүүхийн захиргааны байгуулллагаас хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах, орон нутагт ажиллаж байгаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудынхаа санаа бодлыг сонсоход чиглэсэн гэдгийг тайлбарлахад тийм ч их хүндрэлтэй биш. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн хүрээнд Шүүхийн багц хуулиудыг батлахдаа шүүхийн захиргааг шүүх эрх мэдлээс салгаж, тусад нь бие даалгаснаар шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжийг хааж, шүүгчийн хараат бус байдал бодит утгаараа хангагдсан гэж болно. Зөвлөлийн таван гишүүний гурвыг нь гурван шатны шүүхээс нэр дэвшүүлэн бүх шүүгчдийн зөвлөлгөөнөөс, хоёрыг нь Хуульчдын холбоо болон Хууль зүйн сайдын санал болгосноор Ерөнхийлөгч томилдог. Хуульд зааснаар ШЕЗ нь Ерөнхийлөгч болон нийт шүүгчдийн өмнө хийсэн ажлаа тайлагнах үүрэгтэй.

ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар энэ удаа Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд аймаг, Тосонцэнгэл сум дахь шүүхүүд, шүүхийн захиргааны байгууллагын ажилтай танилцлаа.

“Нэг нь өвөрт орж, нөгөө нь гадаа хоцорч таарахгүй”

Говь-Алтай аймгийн шүүх анх 1940 онд байгуулагджээ. 2008 онд шинээр баригдсан шүүхийн байранд Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Шүүхийн тамгын газар болон Тавдугаар тойргийн тахрын хэсэг, аймгийн прокурорын газартайгаа зургуул нэг дор ажилладаг юм байна. Гурван шүүхийн есөн шүүгч шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлж, Шүүхийн тамгын газрын 24 ажилтан тэдэнд үйлчилдэг.

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгч жилд дунджаар 264 нэхэмжлэл, гомдол хүлээж авдаг. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид жилд дунджаар 125 хэрэг хэрэг шийдвэрлэж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч жилд дунджаар 27 нэхэмжлэл хүлээж авдаг нь зэргэлдээ Завхан, Увс аймгууд болон хүн амтай нь харьцуулахад хэргийн ачаалал ихтэйд тооцогдоно. Танхайн хэрэг, малын хулгай их гардаг, аймгийн нутаг дэвсгарт хүдрийн уурхай ажиллах болсноор аво ослын хэрэг сүүлийн үед нэмэгдэж байгаа аж. Шүүхэд эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг нэвтрүүлнээс хойш 2014 онд  86 өргөдөл хүлээж авч 57-д нь ажиллагаа явуулан 37-г эвлэрүүлсэн бол 2015 онд 336 өргөдөл хүлээж 242-ийг нь эвлэрүүлсэн байна. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхэд нэвтрүүлснээр шүүхийн ачааллыг багасгаад зогсохгүй иргэдийн дунд эерэг харьцааг бий болгож, маргалдаж ирсэн хоёр тал хамтрагчид болоод гарах сайн талтай гэдгийг ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж онцоллоо.

Захиргааны хэргийн ерөнхий шүүгч нь анх 2013 онд Захиргааны хэргийн шүүхийг байгуулахад ирсэн туршлагатай шүүгч. Гэвч эрүү болон иргэний хэрэгтэй харьцуулахад захиргааны маргаан харьцангуй цөөн гардаг. Ихэвчлэн хөдөлмөрийн маргаан буюу ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тухай гомдол давамгайлдаг байна. Ялангуяа өнгөрсөн дөрвөн жилд энэ төрлийн маргаан хамгийн их байсан нь тус аймагт анх удаа АН засагласантай холбоотой. Хорин жил эрх барьсан нам нэг өдөр буугаад явчихаар арга ч үгүй. Ирсэндээ ч, явсандаа ч халтай л байдаг биз.

ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад өнгөрсөн гурван жилийн дотор шүүхэд хийгдсэн “10 шинэчлэл”-ийг танилцуулж, доктор, профессор Н.Лүндэндорж аймгийн ЗДТГ-т хуульчид болон хуулийн байгууллагын ажилтнуудад“Хууль тайлбарлах онол, арга зүй” сэдвээр лекц уншсаны дараа орон нутгийн иргэдтэй уулзалт хийлээ. Хаа очиж иргэдийн зүгээс шүүхийн шинэчлэлийн талаар ам сайтай байсан ч шийдвэрийн гүйцэтгэл хангалтгүй байгаа талаар амтай болгон л ярьж байна. Шүүх шударга шийдвэр гаргалаа, даанч хэрэгжүүлдэг хүн алга гэж. Нөгөө л ажлаас үндэслэлгүй халагдсан асуудлаар. Шүүхийн шийдвэр өглөө нь гарахад өдөр нь буцааж томилоод орой нь халчихдаг дарга нар олон байдаг бололтой.      

Санал, шүүмж хэлсэн иргэдийн дотроос хамгийн ихээр цочоосон нэг үг бол “Шүүх, прокурор хоёр чинь одоо болтол яагаад нэг байранд байгаа юм бэ? Маргалдаж байгаа хоёр талын нэгийг нь өвөртөө оруулаад, нөгөөг нь гадаа гаргачихаар шүүхэд яаж итгэх юм бэ? Нэгмөр өмгөөлөгчийг нь ч гэсэн оруулчих нь шударга юм биш үү?” гэж байна. Энэ янзаараа удвал танай шүүхээр шүүлгэхгүй гэдэг юм яригдана шүү гэж анхааруулж байна. Манай баргийн томчуудаас гараагүй ухаан жирийн малчны амнаас унаж байна гээч! Нэг яллах гээд, нөгөө л яллах гэж орж ирдэг. Гэтэл аль алинд нь шударга ёсны үүднээс тэнцвэртэй хандах ёстой шүүх хэн нэгийг нь ивээлдээ авчихсан мэт харагдах ямар сайн байх вэ дээ. Олон ч аймагт шүүх, прокурор хоёр нь нэг дороо байдаг юм билээ. Дарга нар л болсон хойно ахиад л нөгөө төсөв, эдийн засгаа ярих биз.  

Завхан-Тосонцэнгэл

Завхан аймаг дахь шүүхээр ороход өрөө болгонд шахуу Очирваань хайрханыхаа арцыг уугиулж, утаа май тавьсан улс угтав. Ерөнхий зөвлөлийнхөн урд орой нь дарга нартай уулзахдаа “Танай шүүх өмхий” гээд хэлчихсэн юм байж. Үнэхээр ч аль 1954 онд барьсан цэцэрлэгийн барилгын бохирыг төвлөрсөн шугамтай холбоогүй, барилгын доор ухсан нүхээр хөрсөнд нь шууд нэвчүүлэн шингээдэг байснаас сүүлийн жилүүдэд хөрсний бохирдол нь дийлэхээ больж, шал хана нэвтлэн эхүүн үнэр хадах болжээ. Нурах аюултай гэж мэргэжлийн хяналтын байгууллагаас хоёр ч удаа анхааруулга өгсөн энэ барилгыг өнгөрсөн жил ажилчдынхаа хүчээр засч, барилгын доорх хөрсийг хуулж, 25 м бохирын хоолой татан төвийн шугамтай холбосон байна. Гэсэн хэдий ч хана, тааз нэвт хавсан үмхий чийг арилах биш, одоо хэр нь энд тэндээсээ өмхрөн унаж, мөөг ургасаар байгаа юм байна. Уг засварыг хийхээс өмнө таазнаас өт унаж, хортой хийний үнэрт нүд аргаж, толгойтой үс туг тугаараа унадаг байсан тухай ажилтнууд ярьж байна. 

Ийм л байранд Завхан аймаг дахь сум дундын хоёр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Говь-Алтай, Завхан аймгийн эрүүгийн болон иргэний хэргийн давж заалдах шатны шүүх  гэсэн таван шүүхийн 15 шүүгч, захиргааны 28 ажилтантайгаа ажиллаж байна.  Анхан шатны шүүхүүдийн хувьд Говь-Алтай аймагтай харьцуулахад ачаалал харьцангуй бага, давж заалдах шатанд ирж байгаа гомдлуудын хувьд ч Говь-Алтай аймгаас голчилдог гэнэ. Бас л орон нутгийн хөгжил, хүмүүсийн ажил эрхлэлт, орлогын түвшинтэй холбоотой бололтой.

Улиастай хотоос гарч давхиад Тосонцэнгэл суманд шөнөдөж хүрэв. Өвөлдөө -50, -60 хэм хүрдэг Тосонгийн хөндий рүү ороход зам дагуу хөрлөсөн цасан дунд ганц нэг мал “бөндийж” орхисныг харахад энэ өвөл ч бас өнтэй дулаан өвөлжөөгүй нь илт.

Албан ёсны тооллогоор 9600 хүнтэй, явуулын иргэдийг оролцуулаад 12000 хүн байнга оршин суудаг Тосонцэнгэл суманд 2013 онд Дэлхийн банкны санхүүжилтээр хоёр давхар шинэ шүүхийн барилга бариулжээ. Шүүхийн барилгыг Хэнтийн Бор-Өндөр, Өвөрхангайн Хархорин, Ховдын Булган сум дахь Сум дундын шүүхүүдтэй нэг стандартаар барьж хажуудаа Тахарын хэсгээ оруулжээ. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд улсын хэмжээнд бүх шүүхийг эрүү, иргэн, захиргаагаар нь дагнан байгуулсан ч “универсал”хэвээр үлдсэн цөөн шүүхийн нэг нь эднийх. Эрүүгийн хэргээ ч, иргэний хэргээ ч, захиргааны хэргээ ч нэг бүрэлдэхүүнээр шийддэг гэсэн үг. Хаа очиж прокурор нь шүүхээсээ холгүй тусдаа байртай юм. Ерөнхийдөө захиргаа, төрийн байгууллагууд нь энэ хавьдаа төвлөрч шинэ суурьшил үүсгэж байгаа бололтой.

Тосонцэнгэл суман дахь сум дундын шүүхээр 2014 онд 318 иргэний хэрэг шийдвэрлэсний 44-ийг нь эвлэрүүлэн зуучилсан нь нийт хэргийн 13,8 хувийг эзэлж байсан бол 2015 онд 213 хэргээс 181 хэргийг эвлэрүүлэн зуучилж 68,8 хувь, 2016 оны эхний гурван сард 59 өргөдөл хүлээж авсны 42-ыг нь эвлэрүүлэн зуучилж, 71,2 хувьд хүргэсэн байна. Шүүх бүрэлдэхүүн ч, захиргааны ажилтнууд ч ихэнх нь залуучууд. Байр сууцны хувьд ч тохь тухтай, дутагдаж гачигдсан юмгүй, “Шинэчлэл сайхан байна, ажиллаад өгнө өө” гэсэн цовоо цолгин дуутай, нүд шүд нь гэрэлтсэн хэсэг бусаг нөхөд байна.

Тахар гэдэг “цодгор хүү”

Хаа газрын шүүхээр явахад Тахар гэж айлын мухарт ал дарам өрөөнд шахцалдсан улс байдаг. Тэгсэн хэдий ч Шүүхийн аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэгтэй гэдэг утгаараа шүүхтэйгээ хамт байх хүсэлтэй, элэгтэй ч юм. Харин Тавдугаар тойргийн тахарын Завхан аймаг дахь төв хэсэг нэг давхар дан барилга түрээсэлчихсэн, түүнийгээ өөрийн болгочих санаатай дээд газар луугаа бичиг сачиг шидсэн улс байна. Тойргийн хэмжээнд 35 хүний орон тоотой, Говь-Алтай, Улиастайд 10, 10 хүнтэй хоёр хэсэг, төв дээрээ 15 орон тоотойгоор шүүхийн хамгаалалтыг хийдэг юм байна.

Тахарын албаны хуулиар заасан чиг үүрэг нь шүүхийн аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах, шүүхээс оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах, хуяглан хүргэх, гэрч хохирогчдыг хамгаалах явдал. Өмнө нь шүүхээс оргон зайлсан этгээдийг эрж хайх эзэнгүй, цагдаагийн байгууллагад мэдэгдлээ л өөрийнх нь чиг үүрэгт шууд хамаарахгүй тул хөдөлж өгдөггүй байж. Харин хажуудаа Тахар гэдэг “хөөрхөн хүүтэй” болсноос хойш шуух хуралдаанаас оргон зайлах, энэ шалтгаанаар шүүх хурал хойшлох явдал гарахаа байсан тухай шүүгчид ам уралдан ярьж байна. Шалсан шиг шалаад, шазууртай нэгийг нь хүчлэн хамгаалаад шүүх хуралдаан дээр чирээд ирдэг болсон. Тиймээс УИХ дээр зарим нэг мэдэмхий нөхдийн хэлээд байдаг “Цагдаа хийгээд болоод байсан ажлыг тэнд нь үлдээчихгүй Тахар гэж нэг илүү бүтэц гаргаж ирлээ” гэдэг яриа хоосон зүйл болж таарав.   

Өнгөрөгч хоёрдугаар сард Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Тахарын ерөнхий газрыг ШШГЕГ-ын харьяанд өгөхөөр тусгасан нь нэлээд маргаан дагуулаад байгаа. Хууль санаачлагч нь “Хөрөнгө мөнгө, хүн хүч багатай Тахар гэдэг шинэ тутам байгууллагыг Шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяанд өгчихвөл хүн хүчний хувьд чадавхижаад, хөрөнгө хүч нь ч зузаараад явчих юм шиг ярьдаг. Гэтэл амьдрал дээр тийм биш бололтой. Тахарынхан ч “Ялтнуудаар үнэгүй ажил хийлгэдгээрээ л илүүрхэхгүй юм бол манайхаас юугаараа илүү юм” хэмээн дургүйлхэж байна. Тахарыг ШШГЕГ-тай нэгтгэх сургаар “Тахарын залуусаар ШГБ-ын бие бүрэлдэхүүнийг цус сэлбэнэ” гэсэн яриа ч гараад байгаа. Арай гэж иргэншиж эхэлж байсан энэ залуусыг шоронгийн хуягуудтай хольж солиод эхэлбэл шүүхэд итгэж ирэх иргэдийн тоо өсөх болов уу, яах бол? Гэрч, хохирогчидтой харьцах тэдний харьцаа, хандлага ч хэрхэн өөрчлөгдөх бол гэдэгт санаа зовохгүй байхын үндэсгүй л дээ.

Үнэхээр хөрөнгө хүчний хувьд дутагдалтай байна, өөд татъя гэж байгаа бол ШГБ-тай нэгтгэж байхаар шууд шүүхийн захиргааных нь харьяанд өгчихөд болохгүй ч юм биш шиг. ХЗЯ-ны харьяа нэг агентлагийн бүтэц дотор ороод явчихвал Засгийн газрын нэг гишүүнийг хүчлэн хамгаалж шүүх дээр авчрах шаардлага гарлаа гэхэд агентлагийн дарга тушаал өгөөд л зогсоох шүү дээ.

Б.СЭМҮҮН 

Үргэлжлэл дараачийн дугаарт

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж