Хүүхдийн номонд стандарт хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

Хүүхдийн номонд стандарт хэрэгтэй

Дэлхийн хүүхдийн номын өдөр дөрөвдүгээр сарын 2-нд тохиодог. Энэ өдөрт зориулан хүүхдийн номын 60 гаруй зохиолч өнөөдөр /2016.04.04/ хэлэлцүүлэг өрнүүллээ. Хүүхдийн уран зохиолд тулгарч буй гол асуудал нь арилжааны шинжтэй, чанаргүй ном гаргах явдал гэдгийг онцоллоо. 1990 оноос хойш хүүхдийн уран зохиолын чанарт тавих нэгдсэн стандарт, шалгуур байхгүй болсноор хүүхдийн нас, сэтгэхүйд тохироогүй, чанаргүй номын тоо олширсныг тэд хэлж байна. Ийм ном олширсноор ирээдүй хойчийн ухамсар, төлөвшлийг үгүй хийж байгаа явдал гэдгийг ч сануулж байлаа.

Хүүхдийн номын зохиолч Д.Хүү “Монголд хүүхдийн уран зохиолд тавих стандарт шаардлага гэж байхгүй. Тиймээс арилжааны шинжтэй, хүүхдэд ямар ч өгөөжгүй номууд их гарч байна. Үүнд нэн тэргүүнд мэргэжлийн редакторуудыг бэлтгэж гаргах хэрэгтэй. Мэргэжлийн редактор Монголд хоёрхон байна” гэлээ. Мөн хүүхдийн номын зохиолч Г.Ганболд “Тухайн номыг хэвлэлтэд оруулахын өмнө үг үсэг, утга найруулгыг нь шалгадаг редакц баймаар байна. Гэтэл өнөөгийн хэвлэлийн компаниудад тийм зүйл байдаггүй. Ийм нөхцөлд эцэг эхчүүд л өөрсдөө хүүхдийн уран зохиолын талаар ойлголттой байж, зөв номыг сонгож авч өгөх хэрэгтэй” гэдгийг онцоллоо.

Уг нь Монголд хүүхдийн уран зохиолын сайн зохиолчид олон бий гэдгийг дурдлаа. Гэвч арилжааны шинжтэй ном, жинхэнэ зохиол хоёрыг эцэг эхчүүд шүүж, сонгож чадахгүй байгаа аж. Наад зах нь хүүхдийн уран зохиолын сайн зохиолчдыг энэ үеэр нэрлэлээ. Ш.Бадарч, Л.Мөнхбат, М.Доржсүрэн, Д.Батжаргал, О.Сундуй, М.Амархүү гэх мэтчилэн сор болсон зохиолчдын номыг хүүхдэдээ сонгохыг зөвлөж байлаа.

М.КЕЙТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж