А.Валуа Фортье: Би О.Ууганбаатартай барилдахаас айдаг

2016 оны 4 сарын 4

Манай оронд хамтарсан бэлтгэл хийхээр ирсэн Канад улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Антуан Валуас Фортьетэй ярилцлаа.  

-Монголд тавтай морил Фортье. Та манай оронд хэд дэх удаагаа ирж байна вэ?

-Би Монголд өмнө нь хоёр удаа ирж байсан. 2014, 2015 онд. “Рио”-гийн олимпийн дараа бас ирэх бодолтой байгаа. 

-Та дараа дахин ирнэ гэлээ. Монголд ирэх хамгийн том шалтгаан юу вэ?

-Монголын жүдогийн баг маш хүчирхэг. Монголд ирэх хамгийн том шалтгаан энэ. Энд бэлтгэл сургуулилт сайн хийж болдог болохоор сайхан байдаг юм. Мөн хүмүүс нь зочломтгой, хүүхнүүд нь царайлаг (инээв). 

-Монголчууд хүү төрвөл бөх болно гэж ерөөдөг. Харин канадууд хүү төрвөл хоккейчин болно гэдэг шүү дээ. Та бөхийн спорт руу яаж яваад орчихов?

-Би гурван охин дүүтэй. Айлын голомт сахих ганц хүү нь. Гэр бүлийн үүрэг хариуцлага, нэр хүндийг өндөрт авч явах ёстой хүүхэд нь би. Намайг зургаан настайд аав, ээж хоёр маань жүдогийн секцэнд хөтөлж оруулсан юм. Бөхөөр хичээллэх нь эхэндээ хэцүү санагдсан ч яваандаа дасчихдаг юм билээ. Нуулгүй хэлэхэд бэртэж, гэмтсэн үедээ жүдог орхих бодол төрсөн удаа бий. Гэхдээ тэр хүнд хэцүү үед эцэг, эх маань надад урам өгдөг байсандаа л би спортоо орхиогүй. Жүдо бөхийн дугуйланд орохоос өмнө хоккейд дуртай гэж жигтэйхэн, цаг наргүй хоккей тоглодог хүүхэд байлаа. Хэрэв жүдоч болоогүй бол би өдийд хоккейчин болчихсон байх байлаа. 

-Та жүдо бөхийн төрөлд канадуудын 12 жил тасалсан олимпийн хүрэл медалийг авчирсан. “Лондон-2012” олимпийн наадмаас медаль хүртээд очиход чинь олон хүн баярласан биз? 

-Канадууд бөх гэхээсээ илүү өвлийн спортыг сонирхож, дэмждэг. Олимпоос медаль хүртээд ирэхэд гэр бүлийнхэн, багш минь их баярласан. 

-Багш тань баярлах нь аргагүй л дээ?

-Тийм ээ. Би багшдаа анх шавь орохдоо “Таны олимпийн медалийг заавал авна аа” гэж хэлж байсан юм. Миний багш “Сидней-2000” олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн Никол Жилль гэж мундаг хүн бий. Түүнээс хойш канадууд жүдо бөхийн төрөлд медаль хүртэлгүй их удсан. Тэгээд Лондонд багшийнхаа медалийн буухиаг залгуулж ачийг нь хариулсан. Багш маань ч хөл нь газар хүрэхгүй баярласан.      

-Медалийн тавцанд зогсч байхад хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?

-Олимпод аав, ээж, багш маань намайг дэмжихээр очсон. Баярлахаасаа илүү өөрөөрөө бахархсан. Гэр бүлийнхээ нэр хүнд, багшийнхаа ачийг хариулсан шүү дээ. Тиймдээ ч олимпийн хүрэл медаль маань дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медалиас илүү эрхэм байдаг юм. 

-Олимпоос хүрэл медаль хүртэхэд тань танай улсын төр засгаас хэрхэн шагнасан бэ?

-Манай улс олимпоос алт, мөнгөн медаль хүртсэн тамирчныг маш өндрөөр шагнаж, урамшуулдаг. Харин хүрэл медаль бол бага шагналтай.  

-Таны жингийн Монгол бөхчүүдээс хэн нь илүү хүчтэй өрсөлдөгч вэ?

-О.Ууганбаатар. Би түүнтэй тэмцээн уралдаанд арай олон барилдсан. Тэр их бяртай, түүнтэй барилдаас их айдаг. Монголчууд үндэсний бөхтэй орон тул бөхийн спортын эвсэлд эрт суралцчихсан байдаг. Энэ нь тэдэнд том давуу тал болдог байх. 

-“Рио”-гийн олимпийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Бэртчихгүй л бол “Рио”-гоос медаль авна. Манай оронд цас их орно. Зарим хүн цасанд дуртай байхад би гэдэг хүн эсрэгээрээ наранд дуртай. “Рио”-гийн олимпоос нарны өнгөтэй медаль хүртэхийг л хүсч байна даа. 

-Та гэрлэсэн үү?

-Гэрлэх арай болоогүй. Би дөнгөж 26 хүрч байна шүү дээ. Эхлээд олимп, дараа нь сургуулиа төгсөх хэрэгтэй байна. Би жүдо бөхийн шүүгчийн сургуульд сурч байгаа. Дараа жил төгсөнө дөө. 

-Та хэзээ нутаг буцах вэ? 

-Ням гаригт. Гэхдээ нутаг буцах арай болоогүй. Монголоос Японд очиж бэлтгэл хийнэ. Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ Монгол, Японд хангаж байгаа нь энэ.

Д.ЖАВХЛАН

ЭХ СУРВАЛЖ: "АРДЫН ЭРХ" сонин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна