АН-ын гишүүдийг МАН руу хөөв үү?

2016 оны 4 сарын 5

УИХ-ын дарга З.Энхболдыг Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзах үеэр 1990 оны Ардчилсан хувьсгалын партизан нэгэн эмэгтэй “Та энэ зааланд цугларсан хүмүүсийг хоёр хувааж талцууллаа. Таны удирдаж байгаа Ардчилсан нам дотоод ардчилалгүй болсон” хэмээн шүүмжилсэн байна. Гэтэл З.Энхболд дарга нь тэр эмэгтэйн шүүмжлэлд нэлээд эмзэглэв бололтой. Тэрбээр хариуд нь “МАН-аас мөнгө аваад зарим нь иймэрхүү юм яриад байгаа. Л.Наранбаатар нарын зэрэг иймэрхүү хүмүүс байдаг. Тийм хүмүүсээс АН салах хэрэгтэй байна. Ардчилсан нам бол олон намаас бүрдсэн нам тул гишүүдийнх нь дунд үзэл бодлын зөрүү бий. МАН-аас мөнгө аваад янз бүрийн юм яриад яваа хүмүүс нь тэр  МАН руугаа явах хэрэгтэй” гэсэн нь Ардчилсан намын гишүүдийг ихээхэн бухимдуулжээ. Учир нь З.Энхболдын тэрхүү хариу тайлбар  нь Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүдийг  МАН-аас мөнгө аваад өөрийнхөө намыг шүүмжилдэг худалдагдсан хүмүүс гэснээс ялгаагүй сонсогдож буй аж. Тиймээс, хэрвээ үнэхээр тус аймгийн Ардчилсан намын гишүүдээс хэн нэг нь МАН-ынхны ятгалгаар буюу тэдний мөнгөөр АН-ынхаа дотоод ардчилал болон иргэдээ  үл ялгаварлах үзэл санааны тухай шүүмжлэл өрнүүлсэн бол түүнийг нь баримтаар нотлох шаардлагатай гэдгийг тус намын гишүүд, дэмжигчид шүүн хэлэлцэж, зарим нь “Биднийг МАН руу хөөж байгаа юм уу” хэмээн асуухад хүрсэн байна.

Та бүхэн тэрхүү партизан эмэгтэй болон З.Энхболдын яриаг бүрэн эхээр нь эндээс сонсоно уу.

Б.БАЯР

   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна