MMC “haircut”-д орох, дампуурах уу?

2016 оны 4 сарын 5

Эдийн засгийн мэдээллийг түлхүү хүргэх мягмар гаригийн дугаар “MMC “haircut”-д орох уу, дампуурлаа зарлах уу” санхүүгийн дүн шинжилгээ бүхий нийтлэлийг онцоллоо. Хөрөнгийн бирж дээр хөл тавьж, хувьцаагаа нээлттэй худалдсан тус компани Тавантолгойн нүүрсний ордын Ухаахудагийн уурхайн нөөцийг эзэмшдэг. Өнөөдөр тус компанийн үйл ажиллагаа хүнд байдалд орсныг удирдлагууд нь мэдэгдснээр олон нийт “дампуурсан” гэх ерөнхий ойлголттой л болсон. Гэхдээ энэ үйл явц хэрхэн яаж өрнөдөг, haircut гэдэг нь чухам ямар ойлголт болохыг санхүүгийн шинжээчийн тайлбараар дамжуулан хүргэжээ.

Өнгөрсөн хоёр жилд тус компани нийт 470 орчим сая долларын алдагдалтай ажилласан гээд бодоод үзэхэд л ямар хүнд үеийг туулж байгааг анзаарч болно.  Улмаар ММС компани өнгөрөгч сарын 22-нд төлөх байсан 93 сая ам.долларын зээлийн төлбөр, 29-нд төлөх байсан 600 сая ам.долларын бондын хүүгийн төлбөр 26.6 сая ам.долларыг цаг хугацаандаа төлж барагдуулж чадаагүй билээ.

Гэхдээ тус компанийг дампуурсан мэтээр ярьж байгаа нь буруу ойлголт юм. Компанид үүссэн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг хэд хэдэн янзаар дүгнэн авч үздэг. Зээлдэгч төлөх ёстой байсан өр төлбөрөө цаг тухайд нь төлж чадалгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхийг дефолт хэмээнэ.

Харин төлбөрийн чадварын хүндрэлд орж дефолт зарласан компанийн асуудлаар өөр компани эсвэл зээлдүүлэгчийн хүсэлтийн дагуу шүүхийн оролцоотойгоор шийдвэр гарахыг дампуурал хэмээн ойлгодог...  

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн өчигдрийн мэдэгдэл улс төрийн ямар үр дагавар авчирч болохыг “Гэхдээ “Женко”-гийн талд биш” нийтлэл, дээрх үйл явдалд өгч буй талуудын байр сууриар дамжуулан илэрхийлсэн байна. Нөлөө бүхий улстөрчдийн ил гарсан өвөр зуурын тэмцэлд хэн ялах бол гэсэн асуулт тавья? Хүн бүр янз бүрээр л хэлэх байх. Гэхдээ энэ асуултад яаж ч хайгаад улс орны ирээдүй, жирийн иргэд, ард түмэнд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй гэхээс өөр хариулт олдохгүй байх...

Улс төрд гэнэтийн үйл явдлууд ээлж дараалан солигдохын хэрээр нэг сэдэв дорхноо хуучирч байгааг сануулж, “Өглөөний сонин” энэ өдрийн дугаартаа Мүүний шашны талаар хөнджээ. Гэхдээ энэ удаад Мүүн гэж юу болох, яагаад үүнийг сонирхдог талаараа Олон улсын тоймч Б.Дашзэвэгийн бичсэн өгүүллийг нийтэллээ. Мүүнтэй нэр холбогдсон улстөрч, олны танил хүмүүсийн нэрс түүний нэр хэвлэлээр бишгүй бичигдсэн. Гэхдээ нэр холбогдсон хүмүүсээс өнөөдрийг хүртэл түүн шиг тайлбар өгсөн хүн байхгүй байх. Яагаад Мүүнтэй өөрийнх нь нэр холбогдсоныг шударгаар тайлбарлаж, энэ чиглэлээр сонирхон судалж, олон арга хэмжээнд оролцож байснаа ч тэрбээр өгүүлжээ. Мүүний чухам юу нь хүмүүсийн сонирхлыг татдаг юм бол. Яагаад өнөөдөр Монголд Мүүний талаарх асуудал өндрөө авсныг ч тэрбээр сэмхэн “матжээ”. Мүүнтэй холбоотой байгууллагад ажилладаг хүмүүсийн дотоод зөрчил, зэрэг дэвээ булаалдсан асуудал үүний цаана байгааг Б.Дашзэвэг гуай нийтлэлдээ дурдсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон түүний талынхан оффшор данстай талаарх мэдээлэл гадаадын мэдээллийн агентлагуудын анхаарал тавьж буй сэдэв болж байна. Энэ шуугианы талаар “Өглөөний сонин” нийтэлжээ. Нэг хэсэг сошиал ертөнцөд Монголын хэрэглэгчид ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зургийг оффшор данс ба С.Баярцогтын эсрэг сурталчилгаанд ашиглаж байлаа. Тэгвэл В.Путин ч бас оффшор данстай хэрэг үү?! Энэ талаар “Өглөөний сонин”-оос дэлгэрүүлэн унших боломжтой.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна