АН: Чуулганаар хэлэлцэх асуудлаар санал авна

2016 оны 4 сарын 5

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй. Бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас зарим зүйлийг тодруулахад дараах хариулт өглөө.

-Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар юу ярьсан бэ?

-Намрын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд орон нутагт ажилласан, энэ тухайгаа, мөн ямар байдал ажиглагдав гэдэг талаар л ярьсан.

-Хаврын чуулганаар хэлэлцэх анхаарал татах ямар хуулийн төсөл байгаа вэ?

-Бүлгээр энэ асуудлыг сая ярилцлаа. Эхний ээлжинд нэн яаралтай хэлэлцэх ямар асуудал байна вэ гэдгээ гишүүдээс санал авч байж, асуудлаа дараалалд оруулъя гэдгээр ярилцлаа.

-Н.Алтанхуяг гишүүн өчигдөр хүчтэй мэдэгдэл хийсэн. Бүлгийн гишүүд хэрхэн хүлээж авав?

-Бүлгийн төвшинд энэ талаар ямар нэг асуудал яригдсангүй.

-УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцийн гишүүн болох хүсэлт гаргасан гэдэг мэдээлэл байна. Энэ үнэн юм уу?

-Тийм өргөдөл бичээд өгсөн гэдгийг өчигдөр хэвлэлээс харсан. Тэрнээс албан ёсоор бүлэг дээр ярьсан асуудал байхгүй. Өнөөдрийн бүлгийн хурлаар ч ярилцаагүй.

-Хэрвээ ийм санал орж ирвэл бүлэг дэмжих үү?

-Асуудал нь орж ирээгүй учраас хэлэх боломж алга.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна