Загварын шоуны салхийг Италийн алдарт “Loriblu” хагаллаа

2016 оны 4 сарын 5

Италийн хамгийн шилдэг, хамгийн тансаг дээд зэрэглэлийн брэндэд тооцогддог “Loriblu” компанийн салбар Монголд нээгдээд удаагүй байгаа ч хэдийнэ олны үйлчлүүлэх дуртай газар болжээ. Энэхүү компани нь дээд зэрэглэлийн арьсан эрэгтэй, эмэгтэй гутлыг өдөр тутам, спорт, тансаг зэрэглэл гээд хүмүүсийн өргөн хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэдгээрээ алдартай.Италид үйлдвэрлэдэг, гар урлалчдын нарийн чимхлүүр ажиллагаа, нарийн ур чадвар ордог гэдгээрээ онцгойрдог дээд зэрэглэлийн брэнд билээ. Мөн үнэт чулуу, уулын болор чулуу орсон сваровски элементтэй загварууд нь олны таашаалд нийцдэг.

Тэгвэл энэ хаврын загварын шоуны хамгийн анхны салхийг алдарт “Loriblu” хагаллаа. Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон “Missosology Mongolia” загварын шоуны үеэр дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг гаргаж явсан үе үеийн миссүүд “Loriblu” брэндийн энэ хаврын трэнд болж буй шилдэг загваруудыг танилцууллаа. Үүнд гоёлын болон өдөр тутмын тансаг даашинзууд, ажил хэрэгч костюм, чөлөөт загварын хослолууд, гутал, цүнх, ээмэг, зүүлт гээд бүтэн загварын коллекцийг үзэгчдэдээ танилцуулсан нь өндөр үнэлгээ авлаа. Учир нь дэлхийд ямар өнгө загварын хувцас трэнд болж байгааг “Loriblu” үзүүлж тодорхой мэдээллийг монголчууддаа өгч чадсан юм.

Италийн алдарт “Loriblu” брэнд Монголд нээгдсэнээр монголчууд загварын чиг хандлагаас хоцролгүй цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломжтой болсон нь үүгээр дахин батлагдлаа. Сонирхуулахад, “Loriblu” брэндийн гуталны ул нь бүгд цэнхэр өнгөтэй бөгөөд “цэнхэр ултны үе эхэллээ” хэмээн манай загварынхан дүгнэж байна.

Ирэх есдүгээр сарын 23-ны өдрөөс аравдугаар сарын 9-ний өдрүүдэд Монголд анх удаа  зохион байгуулах “Face of Beauty International” олон улсын миссийн тэмцээнийг угтан энэхүү шоуг зохион байгуулжээ.Шоунд урилгаар “Face of Beauty International-2013” тэмцээний титмийг хүртэж байсан Тонга улсын мисс Даймонд Ланги, “Face of Beauty International-2015” тэмцээний ялагч Унгарын мисс Далма Карман нар болон олон улсын миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан Н.Ану, Т.Батцэцэг, А.Баярцэцэг, Б.Бадамцэцэг, Б.Билгүүнзаяа, Г.Билгүүн, Б.Гүнзаяа, Ц.Энхжин, Э.Алтанзул, Б.Номин-Эрдэнэ, С.Пагмадулам зэрэг миссүүд оролцсон юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна